Улаан асрын зүүд (90-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (90-р бүлэг)

Улаан асрын зүүд (90-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.


Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э

Ердүгээр бүлэг

ХУУЧИН ХУВЦСАА АЛДСАНД ЯДУУ ЭХНЭР ЗЭМЛЭЛ ХҮЛЭЭЖ,

ШИНЭ ЖИМС ХҮРГЭСЭНД БЯЦХАН ДҮҮ ЦОЧИН ГАЙХАВ

Дай Юй амиа хорлохоор шийдсэнээс хойш улам муудсаар нэг өдөр идэш хоолноос гарч хэлэн дээрээ юм тавихгүй болов. Түрүүхэнд Жя Мү нарыг ирж эргэхэд, хэд гурван үг хэлж байсан боловч сүүлийн хоёр өдөр үг дуугарахаа болив. Дотор нь хэсэгтээ харанхуйлавч заримдаа саруулхан болно. Жя Мү нар түүний өвчинд нэг шалтгаан бий гэж Зы Жюань, Шюэ Янь хоёроос хэдэнтээ тулган асуусанд тэд юугаа хэлж чадах вэ. Зы Жюань, Шы Шугаас чимээ сураглая гэвч бас сураглах тусам үнэн болж Дай Юйгийн үхлийг улам түргэтгэхээс айгаад түүнтэй учравч юм асуусангүй. Шюэ Янь бол түүний үгийг зөөсний уршгаар энэ байдалд хүргэсэн тул зуу мянган ам ургаж “Би хэлээгүй” гэж хэлж чадахгүйдээ гомдоод бүр ч дуугарч чадахгүй болов. Дай Юй хоолноос бүрэн гарсан энэ өдөр Зы Жюань горьгүй болсныг мэдээд, сахин суухдаа баахан уйлаад Шюэ Яньд “Чи гэрт ороод сайн сахиж бай. Би Лао тайтай, дайдаа болон Эл найнайд очиж хэлье. Өнөөдрийн байдал урьдахтай огт адилгүй байна’ гээд явав. Шюэ Янь, Дай Юйг сахиж, түүний мэдээ сэхээгүй хэвтэхийг харсаар бяцхан хүүхэд болохоор ийм юм ер үзээгүй тул одоо л үхэх байх гэж айх зовох давхарлаж, Зи Жюанийг хурдан ирээсэй гэж хүснэ. Ийнхүү айж байтал гэнэт цонхны цаана хөлийн чимээ гарсанд Зи Жюанийг гэж бодоод орхиулыг өргөн хүлээв. Тэгтэл гадаах орхиулыг өргөж Шы Шу орж ирэв. Түүнийг Тань Чүнь, Дай Юйг эргүүлэхээр явуулсан ажээ. Тэр орж ирээд: “Авхай ямар зэрэг байна вэ” гэж асуусанд Шюэ Янь толгой дохиод дотогш ор гэв. Дай Юйг харвал өчүүхэн амьсгаатай байсанд хэдрхийн цочив. Их айв. Тэгээд “Зы Жюань эгч хаачив” гэсэнд Шюэ Янь “Дээд гэрт хэлэхээ явсан” гэв.

Энэ хэр Дай Юй мэдрэл алдах шиг болохоор нь Зы Жюань байхгүй тул Шюэ Янь, Шы Шугийн гараас татаад “Чиний тэр өдрийн над хэлсэн тэр вангийн да е гэгч, манай Бао Эр Ед гэргий хэлэлцэж өгөв гэсэн үг үнэн үү” гэж асуусанд “Юун тогтох вэ. Тэр өдөр чамд хэлснийг би Шяо Хунээс сонссон юм. Дараа нь би Эл найнайгийн тэнд очиход, тэрбээр яг Пин эгчтэй ярьж байхдаа “Тэр нь цөм явуулын хүмүүс, тэр хэргээр Лао ег баярлуулж хожим нүүр олох гэсэн санаа юм байна. Их дайдаа болохгүй гэснийг байтугай, дуртай болоод тэр охиныг сайн гэсэн ч их дайдаа хүний сайн мууг ялган таних нь биш болой. Лао тайтай хэзээний дотроо нэг хүнийг үзэж тоосон ажээ. Манай хүрээлэнд байна. Үүнийг их дайдаа яаж мэднэ вэ? Лао тайтай, ганц Лао егийн охины улмаас асууж үзсэн төдий юм’ гэв. Эл найнай бас ‘Бао Юйгийн учрыг Лао тайтай эрхбиш давхар ураг болгосугай гэх тул өөр хэн ирж ураг хэлэлцсэн ч ер тусгүй юм” гэжээ. Шюэ Янь сонсоод ухаан алдталаа сандарч: “Одоо яах вэ? Манай энэ хүний амийг талаар үрлээ” гэв. Шы Шу: “Үүнийг ямар үг гэнэ вэ” гэсэнд цаадах нь: “Чи мэдэхгүй байна. Тэр өдөр би Зы Жюань эгчид ярьсныг энэ хүн олж сонссон тул ийм байдалд хүрлээ” гэв. Шы Шу: “Чимээгүй яриач. Тэр сонсуузай” гэсэнд Шюэ Янь: “Мэдээ сэхээгүй болсон. Энэ хоёр өдрөөс хэтрэхгүй болсон” гэж байтал Зы Жюань орхиулыг сөхөн орж ирээд: “Ингэж яаж болох вэ. Та нар гадаа гарч ярихгүй яаж байгаа юм бэ. Нэгмөсөн шахамдуулж алах нь уу” гэв. Шы Шу “Ийм сонин хэрэг бий гэж би ер итгэхгүй” гэв. Зы Жюань: “Сайн эгч минь, чи миний үгийг сонсвол бас уурлана. Чи юу мэдэж байна. Мэдсэн бол тэдгээр үгийг зөөхөд хүрэхгүй байсан” гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Дай Юй гэнэт ханиав. Зы Жюань яаран ханзны ирмэгт хүрч очив. Цаад хоёр ч чимээгүй болов. Зы Жюань бөхийн зөөлхөн дуугаар: “Авхай ус уух уу” гэсэнд Дай Юй: “ууя” гэж сулхан хэлэв. Шюэ Янь хагас аяга ус авч ирснийг Зы Жюань тосон автал Шы Шу хүрч ирэв. Түүнийг битгий дуугар гэж Зы Жюань дохио өгөв. Дай Юй дахин ханиав. Зы Жюань: “Авхай ус уух уу” гэсэнд Дай Юй сулхан нэг дуугараад толгойгоо өргөх аядсан боловч яаж чадах вэ. Зы Жюань ханзан дээр мөлхөн гарч Дай Юйгийн дэргэд бөхийн усыг уруулд нь хүргэсэнд нэг балгав. Дахиад нэг балгах янзтай тул хүлээж байгаад дахиад уруулд нь хүргэвэл нэг балгав. Тэгээд, уухгүй гэсэн янзтай толгой сэгсрээд, нэг амьсгаа аваад хэвтэв. Нилээд удаад нүдээ нээж: “Саяын яриад байсан чинь Шы Шу бишүү” гэсэнд Зы Жюань: “Мөн” гэв. Шы Шу яаран очиж мэнд мэдвэл Дай Юй нүдээ нээн толгой дохиод жаахан амсхийснээ: “Хариад авхайгийнхаа амрыг эрээрэй” гэж хэлэв. Энэ байдлыг хараад Шы Шу гарч явав.

Дай Юйгийн өвчин хэдий хүнд байсан ч дотор нь саруулхан байжээ. Шюэ Янь, Шы Шу хоёрын яриаг хагас дутуу сонссон боловч мэдээгүй юм шиг байсан бөгөөд үнэндээ түүнийг тоож үзэх тэнхээгүй байжээ. Тэр хоёрын ярианаас уг хэрэг хэлэлцээд бүтээгүйг ойлгожээ. Бас Лао тайтайгийн санаа болой. Давхар ураг холбоно. Хүрээлэнд сууж байна гэж Фөн Жегийн ярьсныг Шы Шугаас олж сонсоод, надаас өөр хэн байна хэмээн бодож гомдол нь баяр болоод цог заль нь агшин зуур нилээд засарчээ. Тийнхүү ус хоёр балгаад, Шы Шугийн яриаг лавлан асууна гэж бодож байтал Жя Мү, Ван Фүрэнь, Ли Вань, Фөн Же нар яаран хүрч ирэв. Дай Юйгийн сэжиг нэгэнт алдарсан тул анхны адил амиа хорлох санаагүй болжээ. Хэдий бие дорой, тамиргүй боловч чадан ядан хэдэн үг солив. Фөн Же, Зи Жюанийг дуудан авч гараад “Авхай төдий их муудаагүй байхад чи яах гэж биднийг айлгав” гэсэнд цаадах нь: “Сая үнэхээр муу байсан учраас очиж мэдүүлсэн юм. Эргээд ирэхэд авхай овоо тэнхэрчихсэн байна. Үнэхээр сонин боллоо” гэв. Жя Мү инээж: “Чи үүний очиж хэлснийг битгий буруутга. Энэ юугаа мэдэх вэ. Харин ч энэ охин чинь ухаантайдаа очиж хэлсэн байна. Хүүхэд залхууралгүй, хөнгөн шингэн байх нь дээр шүү дээ” гэв. Жя Мүгайгүй байгааг нүдээр үзээд буцав. Энэ үнэхээр:

Бодол доторх өвчнийг сэтгэлийн эмээр засаж,

Барсын хүзүүний хонхыг зүүсэн хүн авна… гэгч болов1.

Дай Юйгийн өвчин засрав. Шюэ Янь, Зы Жюань хоёр хүнгүй газар маани уншиж байв. Зи Жюанийг хараад: “Золоор тэр сайжирлаа.Өвдсөн нь ч сонин. Засарсан нь ч сонин болов” гэж Шюэ Янь хэлэв. Цаадах нь: “Өвдсөний сонин ч юү байхав. Харин засарсан нь сонин. Бодвол, Бао Юй, авхай хоёр ерөөлтэй байхаа. “Сайн явдалд саад олон” гэж үг байдаг. Бас “Ерөөлтэй бол ёрловч салахгүй” гэж ч ярьдаг. Үүнээс үзвэл, хүний санаа, тэнгэрийн цаг нийлсэн тул тэр хоёр тэнгэрээс эштэй болой. Бас тэр жил би, Линь авхайг урагш буцна гээд Бао Юйг сандаргаж үхүүлэх шахсан. Гэр хотлоорыг сандаргасныг чи мартаагүй биз. Одоо ийм нэг үгэнд, энэ нэг нь үхэж унахад хүрснээс үзвэл, урьдын тавилан сайн барилдлага бишүү” гээд хоёул жуумалзан инээлдэв. Шюэ Янь: “Ямар золоор сайжрав аа. Бид дахин тэр тухай юм ярихгүй. Бао Юй өөр хүний охиныг авч хурим хийж байхыг нүдээрээ үзсэн ч дахиж дуугарахгүй” гэсэнд цаадах нь инээж: “Тэгнэ, тэгнэ” гэв.

Гагцхүү Шюэ Янь, Зы Жюань хоёр далдуур хэлэлцэхээр барахгүй, Дай Юйгийн сонин өвдөөд сонин засарсныг хүмүүс цөм мэдэх болжээ. Хоёул гурвуул нийлж шивэр авир ярилцах нь энүүхэнд. Төдөлгүй Фөн Же хүртэл мэдээд Шин, Ван хоёр Фүрэнь ч баахан сэжиг авч эхэлтэл их ахайтан Жя Мүхэдийн найм есөн хувь гадарлажээ.

Нэг өдөр Шин, Ван хоёр Фүрэнь болон Фөн Же нар Жя Мүгийнд ярилцаж суугаад Дай Юйгийн өвдсөн рүү оров. Жя Мү: “Би та нарт хэлье гэж бодож байсан юм. Бао Юй, Линь охин хоёр хар багаасаа нэг дор байсныг жаахан хүүхэд юм, ямар хамаа байна вэ гэсээр ирсэн юм. Хожим нь сонсвол, Линь охин гэнэт өвдөж, гэнэт эдгээд, харин баахан мэдрэл орсон төлөвтэй гэнэ. Тийнхүү тэднийг үргэлж нэг дор суулгавал харин баахан эвгүй мэт санагдлаа. Та нар юү бодож байна вэ” гэсэнд Ван Фүрэнь жаахан бодож байгаад:

-Линь авхай бодлого ухаантай хүн. Харин Бао Юй бол гүдэс цүлс хүн тул эрээ цээргүй аашлах болзошгүй. Гадаад байдлаас үзвэл, бага хүүхдийн төлөвтэй байсаар шүү дээ. Одоо гэнэт аль нэгнийг нь хүрээлэнгээс гаргавал харин улам сэжиг авахуулах бишүү. Хөвгүүн өсвөл гэрлэж хүүхэн өсвөл явдаг ёстой юм чинь. Тэр заншлаас хэн гажих вэ. Ер нь тэдний явдлыг эртхэн бүтээвэл болох юм гэв. Жя Мү хөмсөг зангидсанаа:

-Линь охины этгээд зан нь хэдий биедээ тохирсон юм боловч миний санаанд бол яг мөн энэ учраас түүнийг Бао Юйтэй холбохгүй. Төдий бас Линь охины бие сул дорой тул урт насалж чадахгүй. Харин Бао охин бол яг тохирно… гэсэнд Ван Фүрэнь:

-Лао тайтай ингэж бодохоор барахгүй бид бас ингэж бодно. Гэхдээ, Линь охинд бас хүргэн хэлэлцэж өгвөл болно. Тэгэхгүй бол том болсон охин, хүүхдийн хэн нь юм бодохгүй гэхэв. Хэрэв Бао Юйд далдуур санаатай байсан бол Бао Юйд Бао охиныг мэдвэл муухай болно гэсэнд Жя Мү:

-Ямарч байсан урьдаар Бао Юйг гэрлүүлээд дараа нь Линь охинд нөхөр хэлэлцэж өгнө. Хүнийхийг урьтаж, өөрийнхийг хожид болгох ёс байхгүй. Түүнээс гадна Линь охин, Бао Юйгээс хоёр насаар дүү. Та нарын үгээр, Бао Юйгийн ураг тогтсоныг Линь охинд мэдүүлэхгүй л байвал болоо… гэсэнд Фөн Же олон охидод хандаж:

-Та нар сонссон биз. Бао Эр Егийн ургийн явдлыг дураар ярьж болохгүй. Хэн нэгэн үг алдвал арьсыг чинь хуулна шүү гэв. Жя МүФөн Жед, чиний бие баахан өвдөж зовсноос хойш чи, хүрээлэнгийн явдлыг төдий л анхаарахгүй болжээ. Би чамд зориуд хэлье! Чи одоо онцгой анхаарвал зохино. Ганц энэ явдал төдий биш, тэр жил энд архи ууж, мөрийтэй тоглосон шиг явдлыг ер гаргаж болохгүй. Чи минь, баахан санаа тавьж, сэтгэл юүгээ зүдрээж, тэднийг сайн чандалбал зохино. Тэд бас чамаас их төвөгшөөдөг гэсэнд Фөн Же зөвшөөрч хүлээн авав.

Энэ ярианаас хойш Фөн Же хүрээлэнд очиж, хянаж харгалзах болов. Нэг өдөр Да Гуань Юаньд орж Зи Лин Жоугийн хөвөөнд хүрсэнд нэг эмгэн хашгичиж байх сонсогдов. Яваад очтол эмгэн сая олж хараад гараа унжуулан зогсоод мэндлэв. Фөн Же: “Чи энд юун хэрүүл хийгээд байна вэ” гэсэнд эмгэн: “Найнай нар намайг өршөөж энд ирүүлж цэцэг жимс сахиулсан билээ. Би буруу юм хийгээгүй байтал Шин охины шивэгчин намайг хулгайч гэж байна” гэсэнд Фөн Же: “Яагаад тэр вэ” гэж асуув. Эмгэн:

-Цаад өдөр манай Хэй Эл намайг дагаж ирээд энд жаахан тоглосон юм. Тэр юм мэдэхгүй хүүхэд, Шин охины тэнд очиж үзсэнд би гэр рүү нь буцаасан юм. Өнөө өглөө сонсож байвал тэдний шивэгчин юмаа алдаж гэнээ. Түүнээс юү алдсаныг асуувал, тэр надаас сэжиглэн асууж байна гэв. Фөн Же: “Чамаас асуухад чи уурлах юу байдаг юм” гэсэнд эмгэн: “Энэ хүрээлэн, найнайгийн юм болохоос тэдний юм биш. Биднийг цөм найнай энд ирүүлсэн тул хулгайч нэр хүлээж яаж болох вэ” гэв. Фөн Же түүний өөдөөс нулиман зандарч,

-Чи миний өмнө олон таван үг янших хэрэггүй. Чи энд сахин харж байгаа тул охид юмаа гээвэл та нар асууж олж өгөх хэрэгтэй. Яагаад ийм ёсгүй үг хэлж байна? Лао Линийг дуудаж үүнийг хөөж явуул гэсэнд бяцхан охин “За” гэв. Гэтэл Шин Шю Янь санд мэнд гарч ирээд Фөн Жег хараад инээмсэглэн: “Ингэж болохгүй ээ. Тийм хэрэг биш. Болоод өнгөрсөн зүйл…” гэсэнд Фөн Же: “Охион, харин тэгж болохгүй. Энэ чинь хэрээн мэдэхгүй, ёсгүй аашилж байна” гэв. Шиү Янь, өнөөх эмгэний сөгдөн гуйж байгааг үзээд, Фөн Жег гэртээ орохыг урив. Фөн Же: “Эдний мэтийн хүмүүсийг би мэднэ. Надаас өөр хүнд бол дээр доор гэхгүй ааш гаргана шүү” гэсэнд Шю Янь манай шивэгчний буруу гээд эмгэний өмнөөс гуйж аргадав. Фөн Же: “За би Шю Янь охины нүүрийг бодоод чамайг энэ удаа хэлтрүүллээ” гэсэнд эмгэн мөргөж, мөргөж дараа нь Шиү Яньд бас мөргөөд гарч одов.

Тэр хоёр найр тавилцан сууж байснаа Фөн Же инээж:

-Чиний юу алга болсон юм бэ гэж асуусанд цаадах нь:

-Чухал юм бишээ, нэг бяцхан улаан хүрэм. Хуучин юмаа.

Би тэднээр эрүүлсэн чинь, олдохгүй байна гээд байсан. Энэ шивэгчин юм мэдэхгүй хүүхэд юм. Тэр эмгэнээс асуусан чинь хавьтуулсангүй. Үнэндээ энэ охины эргүү тэнэгийнх. Би ч түүнийг загнасан. Нэгэнт өнгөрсөн юмыг дахин дахин яриад юү хийнэ гэв. Фөн Же, тэдний гэр доторхийг ажиглавал, хөвөн, нэхий хувцас нь хуучраад дулаанаа алдсан бололтой. Хөнжил дэвсгэр нь голдуу нимгэн байна. Гэр дотор ширээн дээр өрж дэлгэсэн зүйл нь Лао тайтайгийн тэндээс авчирсан зүйл байв. Цөмийг цэвэрлээд тавьжээ. Фөн Же дотроо түүнийг ихэд хайрлаж: “Нэг зах хувцас дэмий чухал биш гэвч одоо тэнгэрийн хүйтэнд яг өмсөж байсан хувцсаа алга болоход асуулгүй яахав дээ. Энэ амгай жолоогүй боол үнэхээр самуурчээ” гэж бодов.

Фөн Же эндээс гараад бусад гэрүүдээр орж энэ тэрийг ярилцаж байгаад харив. Тэгээд, бутарсан сайхан үстэй, улбар шар торгон гадартай зувцаа хүрэм, туушин хөвөөтэй, зоосон цэцэгтэй хөх дурдан хормойвч, цагаан хэрмэн дотортой цэнхэр зувцаа хүрэм мэтийг авчруулан боолгоод Пин Эрээр Шиү Яньд явуулав. Шиү Янийг тэр эмгэнийг үймүүлснийг Фөн Же дарж өгсөн боловч дотор нь бас сайн тайтгарахгүй байв. Дотроо: “Энд байгаа энэ олон эгч дүү нарт халдаж чадах хүн нэг ч үгүй байтал ганцхан надад хэл ам сонсгосоор Фөн Жетэй таарчихав аа” гэхчилэн энэ тэрийг бодож, дуугарч чадахгүй урам хугаран дуугаа хурааж, нулимсаа хорин сууж байтал ПИн Эр хувцас хүргэж ирэв. Шю Янь хувцсыг үзээд, энэ чинь юү гэсэн үг вэ. Яаж болох вэ гээд авахгүй байсанд ПИн Эр: “Найнай надад, хуучин хувцас гэж голбол дараа шинийг өгнө гэсэн юм шүү” гэсэнд, цаадах нь: “яалаа гэж дээ” гэснээ, талархлаа илэрхийлэв. “Би найнайгийн сайхан сэтгэлд баярлаж байна. Миний алга болгосон хувцсыг хүн авчирч өгсөөн. Тэгэхээр энэ хувцаснуудыг авч яаж болох вэ. Чи аваачаад найнайд түмэнтээ талархаж байна гэж хэл. Танай найнайгийн сайхан сэтгэлийг мэдлээ” гэсэнд ПИн Эрарга буюу аваад буцав. Төдөлгүй ПИн Эрбуцаад ирэв. Шю Янь угтан аваад найр тавин суулгав. ПИн Эр инээж:

-Манай найнай чамайг дэндүү хатуурхлаа гэж байна гэсэнд цаадах нь:

-Хатуурхсан юм бишээ. Үнэхээр авч сэтгэл төвдөхгүй байсан юм гэв. Пин Эр:

-Найнай хэлж байна. Охин энэ хувцсыг авахгүй бол хуучин гэж голоогүй бол намайг тоохгүй байна гэж бодно гэж байна лээ. Дахиад аваад ирвэл хүлээхгүй гэсэн шүү гэсэнд цаадах нь царайгаа улайлган инээж:

-Тийм бол авъя гээд талархлаа илэрхийлэв. Тэгээд цай аягалав. Тэд энэ тэрийг ярьж байгаад Пин Эрийг буцан харьтал Шюэ овогтны тэндээс ирсэн нэг эмгэн таарсанд амрыг эрээд “Та хаана очих гэж явна” гэж асуув. Эмгэн, дайдаа, охин хоёр намайг явуулж, дайдаа, найнай, охидын амрыг эрүүллээ. Сая би найнайгаас охиныг асуусанд хүрээлэнд очсон гэлээ. Шин охины тэндээс ирэв үү гэв. ПИн Эр“Та яаж мэдэв” гэсэнд эмгэн: “Сая сонслоо. Эл найнай болон охины үйлдсэн явдал үнэхээр сэтгэлийг хөдөлгөнө” гэв. Пин Эр “Гэрт орж суу” гэсэнд эмгэн: “Би бас ажилтай тул дараа ирж, охинтой ярья” гээд явав. ПИн Эр буцаж ирээд Фөн Жед тодорхой ярив.

Эмгэнийг харихад, Жинь Гүй, Шюэ Имагийн гэрийг улаанаар урвуулж байв. Тэрбээр Шиү Яний учрыг хэлсэнд эх охин хоёр нулимс унагав. Бао Чай “Энэ бол ах гэртээ байхгүй учир Шин охиныг илүү хэдэн өдөр зовооход хүрчээ. Одоохондоо Фөн Же түүнд сайн байна. Тэртэй тэргүй манай хүн тул бид хойшид илүү анхаарах ёстой” гэж ярьж байтал Шюэ Кө орж ирээд: “Энэ хэдэн жил их ах гадуур ямар улстай ханилж явсан бэ. Бүтэлтэй юм нэг ч алга. Эрж ирсэн нь цөм хүний сэг байна. Тэд юунд нь сэтгэл зовох вэ дээ. Сураг чимээ сураглах төдий л юм. Би ирсэн болгоныг нь хөөж явууллаа. Цаашид ийм амьтсыг бүү оруул гэж үүдний хүмүүст захилаа” гэв. Шюэ Има “Өнөөх Жиян Юйхань энэ тэр үү” гэсэнд цаадах нь: “Харин тэр чинь ирээгүй. Өөр хүмүүс” гэв. Шюэ Има түүний үгийг сонсоод сэтгэл нь уярч:

-Би хэдий хүүтэй боловч одоо бол үгүй мэт болжээ. Дээрээс уучилсан ч хэрэггүй хүн болжээ. Чи хэдий миний ач хөвгүүн боловч ахаасаа илүү ухаантай тул би өтөлгөө насандаа ганц чамайг түшихэд хүрч байна. Чи маань цаашдаа сайн зүгт хичээ. Чамд гуйсан охины чинь гэрийн ашиг орлого урьдын адилгүй болжээ. Хүний охин, харьд мордох нь тийм хялбар биш. Ганцхан хүргэнийхээ чадлаар амар жимэр амьдрахаас өөр хүсэх зүйлгүй болно. Тэр Шин охин бас тэрүүнтэй адил болов уу… гээд хуруугаараа зааж, за за би ярихыг больё. Шин охин ичгүүр сонжуурыг мэдэх ухаантай, ядууд ядахгүй, баянд бардахгүй сайн охин байхаа. Манай гэрийн явдал нэг тийш болсны дараа эртхэн завдаж та нарынхаа сайн сайхныг үзвэл, хөгшин миний хүсэл гүйцнээ гэв. Шюэ Кө “Чинь охин дүү бас харьд морддоггүй байсаар, энэ харин дайдаагийн сэтгэлийг чилээх явдал байхаа. Бидний явдал ч яахав” гэв.

Ийн энэ тэрийг ярилцаж байгаад Шюэ Кө гэртээ харьж хоолоо идэхээр явав. Тэрбээр Шин Шиү Янийг хүрээлэнд хүний гэрт сууж байгааг санаж, гар мөчид тул эдэлж хэрэглэх, өмсөж зүүхэд ховор омс байдгийг бодож байлаа. Бас тэр үед хамт ирсэн тул төрх байдал, зан аашийг нь мэднэ. Бурхан тэнгэр гэгч юунд энэ мэт алагтай үзнэ вэ. Хиа Жинь Гүй мэтийн хүн, элбэг дэлбэгийг эдэлж эрх танхи өсөөд, энэ мэт зүг толгойгүй явна. Шин Шиүянь мэтийн хүн энэ мэт зовж зүдэрнэ. Эрлэг номун хаан, эдний заяаг яаж тогтоох нь энэ вэ гэх мэтээр уйтгарлан бодсоор, сэтгэлийн уйтгараа гаргая гэж нэг бадаг шүлэг эвлүүлж, сүүлдээ бичиж оролдоогүйдээ зовонгуйрч хааш яаш юм бичив.

Эерт луу уснаас салбал гандсан загас мэт

Ижлээс хаягдсан өнчин галуу энсрэн гуньж зовно

Хоёр бие балчиг шаварт булагдан гасалж сууна

Хэзээ манагаар бие бүтэхийг хэн ч мэдэхгүй! гэхчилэн бичсэнээ, нэг уншиж үзээд, хэрэм дээр наая гэж санасан боловч эвгүй санагдаад, амандаа “Хүний элэг доог болж юугаа хийх вэ” гэж дүдэгнэнэ. Дахиад нэг уншив. Тэгээд “Ямар хамаа байна. Уйтгараа сэргээх төдий л юм чинь” гэж бодов. Дахиад нэг уншив. Бүр эвгүй сонсогдсон тул номын дотор хавчуулчихав. Тэгээд дотроо: “Нас маань багагүй боллоо. Одоо энэ гэрт газар дороос гай дэгдсэн нь хэзээ дуусахыг мэдэхгүй. Өнчин өрөөсөн бүсгүйчүүдэд энэ мэт гаслан тохиолдох гэж байх уу” гэж бодов.

Яг ийнхүү бодож байтал Бао Чань нэг багвар барьсаар үүд түлхэн орж ирээд баясан инээгээд ширээн дээр тавив. Тэгээд Шюэ Кэд “Энэ дөрвөн таваг жимс, нэг гүц архийг их найнай, Эр Ед хүргүүллээ” гэсэнд цаадах нь инээж: “Их найнайд баярлалаа. Бага шивэгчдээр хүргүүлж болох байтал бас яагаад эгчийг чилээх нь энэ вэ” гэсэнд Бао Цань

-Ямар хамаа байхав даа. Эр Е эрээлж яана даа. Да е гийн явдалд Эр Е үнэхээр их зүдэрсэн тул их найнай биеэр ирж талархана гэж байсан боловч улс ийм тийм гэхээс болгоомжилжээ. Эр Егийн мэдэж байгаа ёсоор манайхан аман дээрээ таараад алс цаанаа тааралцахгүй тул бага сага юм бэлэглэх гайгүй. Илүүдээ хэдэн сул үг дэлгэрэхэд хүрнэ. Тиймийн тул өнөөдөр ялимгүй нэг хоёр зүйлийн жимс, нэг гүц архи олж ирээд надаар сэм хүргүүлж байгаа юмаа гээд инээн Шюэ Кэг ширвэж харснаа цаашид Эр Е ийм юм ярих хэрэггүй. Харин ч хүн сонсвол эвгүй. Доорх хүмүүс бид да е г асардаг болбол Эр Ег бас л асарна. Энэ ямар хамаа байна гэв.

Шюэ Кө бол төрөлхийн томоотой, шударгаас гадна бага залуу хүн болохоор Бао Цань, Жинь Гүй хоёрын энэ мэт байхыг үзээгүй ажээ. Тэгээд дотроо, сая Бао Чань Шюэ Панийг дурссан нь зүй ёсонд нийцэх юм гэж бодоод: “Жимсийг орхичих. Харин наад архиа аваад харь. Би архи уудаггүй. Хурим найрын үед шахагдвал ганц хундага тогтоох төдий. Учир явдалгүй, зүгээр сууж байгаад архи ууж ер чаддаггүй. Их найнай та хоёр мэдмээр л юм” гэсэнд цаадах нь: “Өөр зүйлийг бол би толгой мэдэж болох боловч ганц үүнийг зөвшөөрч чадахгүй. Их найнайгийн занг Эр Е сайн мэднэ.Би аваад харивал Эр Ег уусангүй гэхгүй. Харин намайг өгсөнгүй л гэнэ” гэв. Шюэ Кө арга буюу “орхичих” гэв. Бао Чань явахыг завдан үүдэнд очсоноо гадагш харснаа эргэж харан инээгээд хуруугаа дотогш зааж “Тэр биеэр ирж чамд талархаж мэднэ шүү” гэв. Шюэ Кө учрыг мэдээгүйч эвгүйцэх байдалтай болоод “Эгч, миний өмнөөс их найнайд талархтугай. Тэнгэр хүйтэн байна. Дааруузай. Бид хоорондоо ёсорхоод яах юм” гэсэнд цаадах нь инээчихээд гарав.

Шюэ Кө эхэндээ, Жинь Гүй, Шюэ Паний явдалд үнэхээр сэтгэл төвдөхгүй дээ, энэ архи жимсийг бэлтгэн надад талархаж болно гэж бодсон боловч Бао Цаний цаанаа нэг юм нууж хавчих мэт аальгүйтах дүрийг хараад, бараг төлөв гадарлаж, эргүүлж тойруулаад “Энэ чухам бэргэний заавраар ирсэн бол олон юм ярих хэрэг юү байна. Эсвэл Бао Чань томоо алдраад, өөрөө ингэж чадахгүйдээ бэргэний нэрийг барьсан ч байж мэднэ. Гэтэл юу болсон ч, ахын дэргэдэх хүн тул… болохгүй” гэж бодов. Тэгтэл гэнэт “Энэ Жинь Гүй гэгч бол ерөөсөө эрийн эм, гэрийн эзэгтэйн дүрэм ёсыг огт мэдэхгүй хүн. Дур нь хөдөлбөл, өнгө зүсээ гайхуулж, эс бусаар засан янхандаж явдаг тул бас яалаа гэж муу санаагүй гэж хэлж болох вэ. Эсвэл тэр Чинь охин дүүтэй ямар нэг явдал дээр тааралцахгүй болоод энэ хорт ухааныг сүвэгчилж намайг бузар булайд татан оруулж, муу нэр зүүлгэх гэсэн байж ч мэднэ” гэж бодоод их айв. Яг ингэж ухаан, хөлийг нь олж ядан байтал цонхны цаана гэнэт хи, хи гэж хөхрөх сонсогдсонд хэрдхийн цочив. Хэн инээсэн юм бол. Түүнийг мэдье гэвэл дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Барсын хүзүүний хонхыг зүүсэн хүн авна-Эртний бумбын шашны номд, нэг хуушаан, олон хуврагаасаа “Барсын хүзүүний хонхыг хэн авч чадах вэ” гэж асуусанд, цаадуул нь хариулж чадсангүй. Тэгтэл гаднаас нэг хуушаан орж ирээд, тэдний яриаг сонсуут “Зүүсэн хүн нь л авч чадна” гэж хариулсан гэнэ.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж