7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

Монголын улс төр эдийн засаг, нийгэмд дуулиан тасрахаа больсон. Өдөр бүр нэг бөмбөг тэсэрч, олон нийтийг гайшируулдаг болоод удаж байна. Улстөрчид нь ч, иргэд нь сенсааци, дуулиан дээр овоорох зуур улс орны эдийн засгийн хөгжил үзүүлэлт улам бүр алсарсаар л. Өнгөрч буй энэ долоо хоногт ямар дуулиан дэгдсэнийг тоймлон хүргэе.


Даваа: Ройтэрсийн мэдээ

Даваа гаригт Ройтэрс агентлагийн цацсан мэдээ Монголын улс төр, эдийн засагт “бөмбөг” тэслэв. Сангийн сайд асан С.Баярцогт болон Рио-Тинтотой холбоотой энэхүү мэдээлэл бүтэн долоо хонолгийн туршид хэвлэлийн бага хурлын сэдэв болсон юм. 8.2 сая евро С.Баярцогтод шилжүүлсэн Монголын иргэний дансыг Швейцарийн прокуророос битүүмжилсэн бөгөөд энэ мөнгө РИо-Тинтогийн авлига байж болзошгүй гэдгийг АТГ болон Швейцарийн хуулийнхан хамтран шалгаж эхэлжээ.

Мягмар: АН-ын шийдвэр

Энэхүү мэдээлэл олон улсын агентлагаар цацагдсаны маргааш буюу Мягмар гаригт Ардчилсан нам мэдээлэл хийж, С.Баярцогтыг гишүүнчлэлээсээ хөөж байгаагаа дуулгав. Үүнтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүд нүүр ном, олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ардчилсан намын удирдлагуудаас гаргасан шийдвэрийг шүүмжиллээ. С.Баярцогтод өөрийгөө хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх боломж олголгүй хөөсөн нь ардчилалын үндсэн зарчим биш гэх хүмүүс олон байсан бөгөөд энэ талаар АН-ыг төлөөлж О.Магнайн хэлсэн үг нь “Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана”.

Лхагва: С.Баярцогтын тайлбар

Лхагва гаригт УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ асуудлаар мэдээлэл хийж, тайлбар өгөн юм. Тэрбээр Оюутолгойн гэрээ бол үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон гэдгийг онцлоод Рио-Тинтогоос авлига аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АН-ын гаргасан шийдвэрт харамсч буйгаа дуулгав. “Оюутолгой” төсөл бол гуравдагч хөрш буюу Канад, Австрали, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр эл төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй. Бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс л татвараа төлж, маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна маш их хэмжээний нөү-хау, менежментийн туршлагыг Монголд авчирсан. Дэлхийд хоёрдугаарт бичигдэх том компани Монголд ажиллаж байгаа нь тэнд бизнес эрхэлж болох юм байна гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн. Шууд мөнгөн дүнгээр үнэлж боломгүй энэ мэт олон зүйл бий. Бид цөөхүүлээ. Хоёр том улсын дунд оршдог бид эвтэй байхдаа л хүчтэй” гэсэн бол АН-ын хувьд гаргасан шийдвэрийг эмгэнэлтэй гэсэн юм. Түүний өгсөн тайлбар нь”Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдтэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлага ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намайг намаас хөөлөө. Надад Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын олон хүнийг сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх санагдаж байна”

Пүрэв: Бөхийн өргөөг тойрсон хэрүүл

Үндэсний бөхийн холбооноос “Их эе” хуралын товоо зарласан бөгөөд үүнийг Л.Чинбат нарын хүмүүс эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Шүүх энэхүү хурлыг хууль бус гэсэн шийдвэр гаргаж, өдөртөө л ШШГЕГ-ын ажилтнууд бөхийн өргөөнд очин үймээн дэгдээлээ. Р.Нямдоржид бичиг өгөх гэсэн шийдвэр гүйцэтгэх ажилтнуудыг эсэргүүцэж, түүний хүү Н.Ганбаатар хувцсаа тайлсан зураг сошиалд мөн л багагүй дуулиан дэгдээв. Энэ асуудлаар ҮБХ болон Л.Чинбат нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Юутай ч бөхчүүдийн хэрүүл олон нийтийн сүлжээнд талцал авчирлаа.

Бямба: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөхийг холбоог удирдана

Бямба гаригт Үндэсний бөхийн холбоо хурлаа хийж, шинэ тэргүүнээ сонголоо. Олон жил бөхийн холбоог ээлж дараагүй удирдсан гэх шүүмжлэлд өртсөн Р.Нямдорж энэ удаад ажлаа өгч түүний албыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ удирдахаар болсон байна. Энэ хурлыг хууль бус гэж үзвэл Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарын дунд тэмцэл өрнөх нь ээ.

Ийнхүү бүтэн долоо хоногийн турш дуулианаар амьсгалсан монголчуудад ирэх долоо хоногт хэн ямар сенсаациар бэлэг барих бол гэж. Эндээс харахад бид хийдэггүй, хэрэлддэг л ард түмэн бололтой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж