Булаг дээр буусан айлын буруу юу, буулгасан албаны буруу юу?

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Булаг дээр буусан айлын буруу юу, буулгасан албаны буруу юу?

Булаг дээр буусан айлын буруу юу, буулгасан албаны буруу юу?

Дулаарахтай зэрэгцэн цас хайлж, шар усны үеэр болж, гэр хорооллын иргэд хүнд нөхцөлд амьдарч байгаа. Шар усны үерээс үүдэн гэр хорооллын жорлон усаар дүүрч, бохир хальсан ус нь гудамж талбайгаар урсан иргэд гэрээсээ орж, гарахад хүндрэл үүсгэж, авто зам эвдрэн зорчих боломжгүй болоод байгаа юм. Мөн жорлонгоос хальсан ус хөрс бохирдуулж, халдварт өвчин гарах эрсдэл үүссэн. Нөхцөл байдалтай танилцахаар Сүхбаатар дүүргийг зорилоо.

Ж.Жаргалсайхан: Энд булаг байсан

Усны гутал өмссөн, 40 гаруй насны эрэгтэй үерийн улмаас эвдэрсэн хашаагаа засч байлаа. Сүхбаатар дүүргийн XV-XX хороонд 117 өрх шар усны үерт автсан.Тэдний нэг нь XVII хороонд оршин суух иргэн Ж.Жаргалсайханых. Түүнтэй ярилцахад тэрбээр “Намайг ус гаргаж асгаад байгаа хүмүүс надад уурлаад байна. Цаанаасаа ус гарч ирээд байхад яалтай билээ” гэсэн юм. Тус хороо нь Сэлбийн голын хөвөө даган намгархаг газар байрладаг. “Өвөл газар нь хагарч ус гарч ирдэг, гудмаар ус дүүрч, айлын жорлон руу ус ордог” гэж тэрбээр хэлж байлаа. Үргэлжлүүлэн түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хашаанд хоёр газраас ус гарч ирдэг гэлээ. Тэгэхээр та булаг дээр хашаагаа барьсан юм биш үү?

-Энд булаг байсан гэж настай хүмүүс ярьдаг л юм. Бас 10-аад жилийн өмнө энд хүн байдаггүй байсан гэсэн. Манайх зургаан жилийн өмнө энд хашаа, байшин худалдаж авсан юм. Намагтай болохоор байшин нь цуурч эвдрээд байхаар нь буулгаад дахин байшин барьсан. Хашааг худалдаж авсан цагаасаа л жил бүр үерт автлаа.

-Булгийн дэргэд байхаар өөр газар амьдарч болдоггүй юм уу?

-Хотод газартай, хашаатай болно гэдэг чинь ямар хэцүү билээ дээ. Нэгэнт хөрөнгө гаргаад авсан болохоор шууд яваад өгч болохгүй байна. Санаагаар болдог бол өөр газар хашаа, байшин авмаар л байна шүү дээ.

-Одоо ямар арга хэмжээ авбал зүгээр байна вэ?

– Жил бүр үеэр болж, түгшүүртэй байдал үүсээд байдаггүй л болгомоор байна. Энэ жил амьдарч буй айлуудын хүсэлтээр хороон дарга, хэсгийн ахлагч, онцгой байдлынхан Сэлбэ голтой нийлэх шуудуу татаж байна. Ингэснээр үеэр үүсэх нь гайгүй болох болов уу гэж бодож байна.

Ц.Шижир: Бидний хүч хүрэхгүй газар байна

Үерийн улмаас дүүргийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ц.Шижирээс тодрууллаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Бид эхний ээлжид усанд автсан айлуудын усыг соруулах ажлыг хэдэн өдөр хийлээ. Уржигдраас /2018.3.23/ өндөржүүлсэн бэлэн байдлын багийнхан зам талбай дээр усны далан хааж буусан өрхүүдийг хашаа татуулах, суваг шуудуу ухуулах, Ус чиглүүлэх турбонуудыг томсгох, ус ихтэй гудамжид бетонон хоолой байрлуулах, гуу жалгуудад дайраг асгах ажил хийж байна.

-Энэ ажилд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Та бүхний хүч хүрэхгүй газарт хэрхэн ажиллаж байна вэ?

-Засаг даргын нөөц хөрөнгөөс 43 сая төгрөг гаргасан. Бидний хүч хүрэхгүй газар байна. Түүнийг нийслэлийн Онцгой комиссын дарга, Засаг даргад албан бичиг хүргүүлж байна. Мөн 166 дугаар цэцэрлэгт хүүхэд зөөхөд хүндрэлтэй болсон. Энд шороо асгах хэрэгтэй байгаа. Тиймээс БСШУС-ын сайдад албан бичиг хүргүүлсэн.

-Булаг дээр буусан айлуудад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Булаг дээр буусан айл байгаа. Эдгээр айлууд эзэмшлийн гэрчилгээгээ авсан байгаа. Тиймээс Газрын алба, Мэргэжлийн хяналтын зүгээс албан шаардлага хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөлгүй буусан зарим айлд нүүх шаардлага хүргүүлж байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой комисс энэ сарын 14-нөөс эхлэн шар усны үеэр дээр ажиллажээ. Ингэхдээ тогтсон усыг соруулан, 111 ширхэг ус зайлуулах төмөр болон бетонон хоолой байрлуулж, 20 гаруй айлын орчимд хайрга, дайраг асгаж байгаа юм байна. Үүний дараа хөрсийг халдваргүйжүүлэх гэнэ. 

Жил бүр энд шар усны үеэр болдог. Энэ үед үүссэн хүндрэлийг бууруулахаар тодорхой хэмжээний мөнгө жил бүр зарцуулдаг. Дүүргийн удирдлагууд асуудлыг шийдэхээр дүүргээс мөнгө гарган боломжоороо зүтгэж байна. Тиймээс хэдэн айлд зориулж жил бүр төсвийн мөнгийг шороонд булж байхаар эрсдэлтэй хэсэгт газар олгохгүй байх, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний асуудлыг дахин төлөвлөхөд анхаарах хэрэгтэй болжээ. Булэг дээр буучихаад зовлон тоочих айл ч, буулгасан албаныхан ч хаана хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж