Монголын Үндэсний бөхийн холбооы 8-р “Их Эе” хурал өнөөдөр Бөхийн өргөөнд болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хурлын үйл ажиллагаа өглөө 11:00 цагт эхэлсэн боловч энэ цагт өндөрлөөгүй байна.
Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцож байгаагаас албан ёсоор хуралд ирж, мандатаа авсан 153 гишүүн байна.
Хурлыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ даргалж байгаа юм.
“Их Эе”-ийн үдээс өмнө “Монголын үндэсний бөхийн холбооны ажлын ололт амжилт” сэдвээр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан илтгэл тавьсан юм. Мөн МҮБХ-ны хяналтын албаны талаар хяналтын албаны дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар хоёр жилийн тайлангийн талаар мэдээлэл өглөө.
Холбооны тэргүүн Р.Нямдорж үдээс өмнө тодорхой шалтгааны улмаас хуралд ирж амжаагүй юм. Тэрбээр 12:30 цагийн үед ирсэн бөгөөд МҮБХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэллээ.
Хурлын хэлэлцэх асуудлын дарааллаар үдээс хойш МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал яригдах юм. Мөн Цэцдийн зөвлөлийг сонгож байгуулах зэрэг асуудлууд үргэлжлэн явагдаж байна.
Энэ цагт холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дуусаагүй байна.
Одоогоор Бөхийн өргөөнд болж буй “Их Эе”-ийн хуралдаанд оролцох нийт 200 гишүүний 143 нь албан ёсоор сууж байгаа юм.
Мэдээллийг эргэн хүргэнэ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ