Италийн Милан хотноо болж буй уран гулгалтын ДАШТ-ний эмэгтэй ганцаарчилсан төрөл өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Пёнчаны олимпийн наадамд алтан медаль хүртсэн Оросын А.Загитоваг богино үзүүлбэрийн дараа 2-р байранд ороод байсан ч чөлөөт үзүүлбэр дээр хангалтгүй байж медаль хүртэж чадсангүй. Тэрбээр чөлөөт үзүүлбэрээр гүйцэтгэж байх үедээ гурван ч удаа унаж 128.21 оноо авсан бол Канадын К.Осмонд 150.50 оноо авч алтан медаль хүртэх болзол биелүүлжээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд:
- К.Осмонд (Канад) – 223.23 оноо (богино 72.73, чөлөөт 150.50)
- В.Хигучи (Япон) – 210.90 оноо (богино 65.89, чөлөөт 145.01)
- С.Мияхара (Япон) – 210.08 оноо (богино 74.36, чөлөөт 135.72)
Канадын К.Осмондтой хамтдаа Японы 2 тамирчин шагналын тавцан дээр гарсан. Ялангуяа Японы В.Хигучи богино үзүүлбэрт 8-р байранд ороод байсан бол чөлөөт үзүүлбэрт 145.01 оноо авсан нь мөнгө медаль хүртэх боломжийг бий болгосон. Тэгвэл богино үзүүлбэрт 1-р гарсан К.Костнер 4-р байранд, 2-р гарсан А.Загитова 5-р байранд оржээ.
Б.Бямбабаяр