Дэлхийн аз жаргалын индекс 2018 судалгаагаар Финлянд улс нэгдүгээрт бичигдсэн бол Норвеги, Дани, Исланд, Швейцар, Нидерланд зэрэг орнууд удаалсан байна.
Харин дэлхийн хамгийн баян улс үндэстнүүд АНУ, Япон зэрэг орнууд Дэлхийн аз жаргалын индекс жагсаалтад сүүл мушгисан нь аз жаргалыг мөнгөөр худалдаж авч болдоггүй тод жишээ юм. Гэвч аз жаргал хэмээх ойлголт хэмжихэд тун хэцүү субьект ажээ.
Дэлхийн аз жаргалын индексийг дэлхийн 156 орны хэдэн мянган иргэдийн дунд судалгаа явуулсны дүнд гаргадаг. Иргэдийн дунд судалгаа явуулахдаа амьдралаас аз жаргалыг хэрхэн мэдэрч буйг 0-10 хүртэлх оноогоор дүгнэдэг ажээ. Аз жаргалын индексийг тухайн улсын нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ, нийгмийн халамж, дундаж наслалт, сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал зэрэг үндсэн зургаан үзүүлэлтээр тооцоолжээ.
10.Австрали
Дэлхийн аз жаргалын индекс 2018 судалгаагаар Австрали аз жаргалтай орнуудын аравдугаарт бичигдсэн. Үзэсгэлэнт байгалтай энэ орны иргэд хангалуун амьдралтай боловч иргэдийн дундах сэтгэцийн болон ерөнхий эрүүл мэндийн санаа зовоосон олон асуудлаас болж аз жаргалтай орнуудын жагсаалтад дээгүүр байр эзэлж чаддаггүй болохыг судлаачид хэлж байна.
9.Швед
Өнгөрсөн жил Дэлхийн аз жаргалын индексээр 10-р байрт бичигдсэн Швед энэ жил нийгмийн халамж, нэг хүнд ноогдох ДНБ-ний өсөлт болон иргэдийн дундах эрүүл, урт наслалтын ачаар нэг байр урагшилж, 9-р байрт бичигджээ.
8. Шинэ Зеланд
“Хоббит” киноны найруулагч Петер Жэксоны эх орон Шинэ Зеланд алтан элст, далайн эргүүдээр алдартай. Шинэ Зеланд нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр Австралиас доогуур боловч Дэлхийн аз жаргалын индексийн үндсэн үзүүлэлтийн нэг өгөөмөр зангаараа кивинүүд (Шинэ Зеландын иргэдийг нэрлэдэг хоч) оосийнүүдээс (австраличууд) илүү учраас жагсаалтын наймдугаарт бичигдсэн гэнэ.
7.Канад
Албан ёсны хоёр хэлтэй (Франц, англи) энэ улс Дэлхийн аз жаргалын индексийн жагсаалтын эхний аравт бичигдсэн америк тивийн цорын ганц улс ажээ. Канад нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд томоохон өөрчлөлт оруулсан учраас жагсаалтын долдугаарт бичигдсэн юм. Түүнээс гадна Канад цагаачдын очих “хүслэн” болсон таван орны нэгт багтдаг байна.
6. Нидерланд
Дэлхийн аз жаргалын индексийн үндсэн зургаан үзүүлэлтээр Нидерландын улс төр, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд Канадынхтай тун ойролцоо гарсан учраас жагсаалтын зургадугаар байрт бичигджээ.
5. Швейцар
Дэлхийн аз жаргалын индексийн үндсэн үзүүлэлтээр Швейцарын үзүүлэлтүүд өнгөрсөн оныхтой яг адилхан гарсан ч өгөөмөр байдал болон иргэдийн эрүүл, урт наслалтад өгсөн үнэлгээ бага зэрэг буурсан байна.
4. Исланд
Дэлхийн улс орны иргэд аз жаргалтай, сайн сайхан амьдарч байгаа эсэхийг тогтооход Дэлхийн аз жаргалын индексийн хамгийн гол шалгуур нь нийгмийн үйлчилгээ юм. “Gallup World Poll”-ын судалгааны мэдээллийн сангаас явуулсан судалгаанаас харахад Исландын үзүүлэлтүүд тун сайн гарсан байна.
3. Дани
Дэлхийн аз жаргалын индексээр жагсаалтыг Дани улс гурван удаа тэргүүлсэн билээ. Дани 2016 онд хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан. Өнгөрсөн жилийнхээс нэг байр ухарсан ч аз жаргалтай орнуудын гол үзүүлэлт болох улсын нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ, нийгмийн халамж, дундаж наслалт, сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал зэрэг нь тогтвортой хэвээр байгаа юм.
2. Норвеги
Өнгөрсөн жилийнхээс нэг байр ухарсан ч гэлээ Дэлхийн аз жаргалын индексийн эхний таван байрт бичигдсэн орнуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн үзүүлэлтүүд хоорондоо тун бага зөрүүтэй. Норвегийн иргэд төдийгүй, цагаачдын нийгмийн халамж, үйлчилгээ, бусад үзүүлэлтүүд харьцангуй өндөр ажээ.
1. Финлянд
Скандинавын хойгт оршдог энэ улс Дэлхийн аз жаргалын индекс 2018 жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ. Өнгөрсөн жил жагсаалтын тавдугаарт бичигдэж байсан Финлянд энэ жил хамгийн жаргалтай иргэд болон жаргалтай цагаачдынхаа ачаар жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Хамгийн жаргалтай улсын иргэд явган алхаж, морь унаж, уул хадаар аялах дуртай гэнэлээ.