Говийн бүсийн сум дундын мал эмнэлгийн нэгдсэн төвийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд гуравдугаар сарын 21-ний өдөр боллоо. Уг төвийг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, орон нутгийн “Билэгт багана” компани барьсан байна.
Тус төв нь ийлдэс судлал, нян судлал, молекул, паразит, эм, урвалж бодисын зэрэг орчин үеийн хэд хэдэн лабораторитой юм. Лабораторийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын олон улсад нэр хүндтэй “Биобайс” компаниас нийлүүлсэн байна. Төвийг ашиглалтад оруулснаар зөвхөн Өмнөговь аймаг төдийгүй зэргэлдээх Дорноговь, Дундговийн малчид үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эдгээр лабораторид мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, ноос ноолуур, арьс ширэнд иж бүрэн шинжилгээ хийх юм.
Төв нь 436 ам метр талбай бүхий үзлэг шинжилгээний барилга, дөрвөн айлын орон сууц, машины дөрвөн гарааш, малын хашаа саравч зэрэг цогцолбороос бүрдэж байна.
Энэхүү төв нь Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсад малын эрүүл мэндийн томоохонд тооцогдох анхны төв болж буйгаараа онцлог юм.
Тус төв ашиглалтад орсноор малыг халдварт болон халдварт бус өвснөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэхэд ихээхэн ахиц гарч, улмаар өмнийн говийнхон эрүүл мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр Оюу толгойн уурхайн ажилчдын хүнсний хэрэгцээг хангах, цаашлаад БНХАУ-д экспортлох сайхан боломж бүрдэж байна.
Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба ёслолыг нээж хэлэхдээ “Оюу толгой” компани орон нутагтай Хамтын ажиллагааны гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд Өмнөговь аймагт 70 шахам төсөл, хөтөлбөрийг 36.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүний 30 хувь буюу 10.3 тэрбум төгрөгийн 12 төсөл, хөтөлбөрийг манай суманд хэрэгжүүлсэн юм. Түүний нэг нь энэ төв юм” гэв.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” маань Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, хүн ардын аж амьдралд хувь нэмэр болох цөөнгүй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, олон түмний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа. Өнөөдөр бид тус сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон энэ сайхан төвийг цаашид үйл ажиллагааг нь авч явах багийнханд хүлээлгэн өгч байна. Та бид хамтдаа малын эрүүл мэндийн төвөө байгууллаа, одоо үйл ажиллагаанд нь хамтдаа санаа тавьж, дэмжиж ажиллацгаая” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: ОЮУТОЛГОЙ ХХК