Улаан асрын зүүд (89-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (89-р бүлэг)

Улаан асрын зүүд (89-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Наян есдүгээр бүлэг

ТАЛИЙСАН ХҮНИЙ ЭДИЙГ МӨНХЛӨН ЭХ ДУУЛАЛ БИЧИЖ, ТОМСОН ДЭЭС МОГОЙ БОЛЖ, ДАЙ ЮЙГ ХООЛНООС ГАРГАВ

Саяхан босоод Фөн Же мэлрэн сууж байснаа, охины яриаг сонсоод хэрдхийн цочиж: “Ямар албаны хэрэг вэ” гэж асуув. Охин “Би сайн мэдэхгүй ээ. Сая л хоёрдугаар хаалганы зарц хөвгүүн ирж, Лао ед чухал албан хэрэг мэдүүлнэ” гэсэн тул дайдаа намайг явуулж Эр Ег залуулсан юмаа” гэв. Фөн Же, үйлдвэрийн зурагны хэрэг гэж сонсоод сая сэтгэл нь уужирч “Чи хариад дайдаад Эр Е өчигдөр хотоос гадагш гараад ирээгүй байна. Хүн явуулж Жэнь да е д мэдүүл гэж хэл” гэсэнд охин, за гээд гарав. Төдөлгүй Жя Жэнь ирж яамны хүнтэй уулзаад Ван Фүрэньд “Зурган яамнаас хүн ирээд, ингэж байна. Өчигдөр гол үерлэн Хэнань газар хашлага сэтлээд хэдэн хошууны газрыг усанд автуулжээ. Бас улсын санг нээж, мөнгө гарган хотын хэрмийг засаж эхэлсэн тул үйлдвэрийн зурагны түшмэлүүд цөм их ажилтай болсныг тусгайлан Лао ед мэдэгджээ” гээд ухран гарав. Жя Жэнг ирсэн хойно энэ бүхнийг хэлэв. Үүнээс хойш өвөл болтол Жя Жөн өдөр бүр ажилтай тул яаман дээр суух болсноос хойш Бао Юйгийн хичээн суралцах нь мөн алгуураар сулрав. Тэгэвч Жя Жэнд хэлэхээс айгаад өдөр бүр сургуульдаа явж ном үзэж, Дай Юйгийн дэргэд ч олонтоо очиж чадахгүй болжээ.

Нэгэнт арван сарын дундаж болоод хүйтэрч эхлэв. Бао Юй босоод сургуульдаа очих гэтэл тэр өдөр хүйтэн байсан тул Ши Рэнь нэг баглаа хувцас гаргаад “Хүйтэн байгаа учир эрт оройдоо зузаалбал таарна” гэсээр дулаан хувцсаар Бао Юйг хувцаслав. Бас илүү хувцас боож нэг охиноор Бэй Минд хүргүүлэн “Тэнгэр хүйтэн байгаа тул Эр Ег дулаалах хувцас” гэж хэлүүлэв.

Бао Юй сургуульдаа очоод бичгээ уншиж байтал гэнэт цонхны цаас шаржигнан салхи хүүгэх чимээ сонсогдсонд Дай Рү “Тэнгэр хүйтэрлээ” гэсээр хаалга нээж харвал, баруун хойноос хар үүл нүүн гарч ирээд зүүн урагш алгуур цаашилна. Бэй Мин орж ирээд: “Эр Е тэнгэр улам хүйтэрч байгаа тул хувцсаа зузаал” гэсэнд цаадах нь толгой дохив. Бэй Миний авчирсан хувцсыг хараад Бао Юйгийн сүнс зайлах шахав. Олон шавь нар бүлтийн ширтэнэ. Энэ хувцас нь дээр, Чин Вэний нөхөж өгсөн тогосын ноосон зувцаа байлаа. Бао Юй: “Яах гэж энэ дээлийг авчирсан юм бэ. Хэн чамд өгсөн бэ” гэж асуусанд Бэй Мин дотроос л охид тэврээд гарч ирсэн шүү дээ гэсэнд цаадах нь: “Энэ надад таардаггүй юмаа. Өмсөхгүй ээ. Боогоод цааш нь тавь” гэсэнд багш нь “Бао Юй энэ хувцсаа хайрлаж байна” гэж бодоод түүний юмандаа гамтайд дотроо баярлав. Бэй Мин “Зүгээрээ, Эр Е өмсчих. Хэрэв та даарчихвал боол миний алдаа болно. Наадахаа өмсөөд боол намайгаа өршөөснөөр бодтугай” гэсэнд Бао Юй арга буюу өмсөөд дув дуугүй номоо харан сууна. Багш нь түүнийг номоо үзэж байна л гэж бодов. Орой хичээл дуусах үед “Багшаа миний бие өвдөөд байна. Маргааш чөлөө өгөөч” гэж гуйв. Дай Рү бол нас агширсан хүн болохоор хэдэн хүүхэдтэй өдөрт уйтгараа сэргээх төдий бөгөөд мөн өвчин хуучин нь үргэлж хөдлөх тул нэг хүн дутуу байвал сэтгэлээ нэгэн хувь дутуу зүдрээхээс гадна бас Жя Жэнгийн ажил их, Жя Мүгийн энхрийлэн хайрлахыг мэдэх тул даруй толгой дохив.

Бао Юй хариад шууд Жя Мү, Ван Фүрэнь нартай уулзаад бие тавгүйгээ хэлсэнд тэд бас итгэв. Жаахан байж байгаад хүрээлэндээ харьж Ши Рэнь нартай уулзахдаа урьдын адил ярьж инээхгүй, хувцастайгаа ханзан дээр хэвтэв. Ши Рэнь оройн хоолыг зэхжээ. Тэрбээр “Одоо идэх үү, дараа идэх үү” гэсэнд Бао Юй: “Идэхгүй ээ. Дотор эвгүй байна. Та нар хоолоо идэцгээ” гэв. Ши Рэнь: “Тийм бол чи энэ хувцсаа соль. Энэ ингэж үнгэхийг тэсэхгүй” гэсэнд цаадах нь: “Солихгүй” гэв. Ши Рэнь: “Наадах чинь хэврэг эд төдий бишээ. Чи наадах оёдлыг нь үзвэл энэ мэт хээгүйчилж болохгүй” гэв. Энэ нь Бао Юйгийн бодлыг оносон тул шүүрс алдаж: “Тийм юм бол чи сайн боож, хурааж тавь. Би түүнийг ерөөсөө өмсөхгүй” гэсээр босоод тайлав. Ши Рэнийг ирээд авах хооронд Бао Юй эвхээд тавьчихсан байв. Цаадах нь: “Өнөөдөр Эр Е яагаад ийм хөнгөн болчихов оо” гэсэнд хариу дуугарсангүй. Эвхсэн хувцсаа бариад: “Энүүний ваадан нь хаана байна вэ” гэж асуухад нь Шө Юэ авчирч өгөөд боолгож аваад эргэхдээ Ши Рэнь рүү хараад нүд ирмэв. Энэ байдлыг Бао Юй тоосон ч үгүй, урамгүй гонсойн сууна. Гэнэт тавиур дээрх цагийн хонх дуугарсанд бөхийн харвал, цагийн зүү тахиа цагийн хоёрдугаар мөчийг зааж байв. Төдөлгүй нэг охин дэн асаан авчирсанд Ши Рэнь: “Хоол идэхгүй бол хагас аяга ч гэсэн халуун шингэн будаа ид. Өлсүүзэй. Өлсөөд хий чинь хөөрчихвөл маний зовлон эхэлнэ шүү дээ” гэж сануулав. Бао Юй толгой сэгсрээд “Өлсөөгүй байна. Албаар идвэл тусгүй болно” гэв. Ши Рэнь: “Тийм бол эртхэн унт” гэв. Шө Юэ ор дэвсгэрийг засмагц Бао Юй хэвтсэн боловч нойр нь хүрэхгүй, урваж хөрвөсөөр гэгээ орохын алдад зүүрмэглээд цаг хэртэй болоод сэрчихэв. Энэ үед Ши Рэнь, Шө Юэ хоёр ч босов. Бао Юйг босохоор “Чи үүр цайтал урван хөрвөн хэвтлээ. Асууж чадахгүй байсаар би ч унтчихаж. Сүүлдээ чи унтсан уу, яасан бэ” гэж Ши Рэнь асуув. Бао Юй: “Баахан унтсан байхаа, нэг л мэдэх нь ээ сэрчихлээ” гэв. Ши Рэнь: “Бие чинь зүгээр биз” гэсэнд Бао Юй: “Зүгээр. Тэгэхдээ дотор бачимдуу л байна “гэв.

-Өнөөдөр сургуульдаа очих уу.
-Өчигдөр нэг өдрийн чөлөө гуйсан юмаа. Уг нь өнөөдөр би хүрээлэнгээр зугаалж уйтгараа сэргээе гэсэн чинь, тэнгэр хүйтэн байх шив дээ. Чи тэднээр нэг өрөө цэвэрлүүлээд нэг шанлу хүж бэлтгүүлээд, бийр цаас, бэх зууруул тавиулаад, хувь хувийнхаа ажилд явцгаа. Би тэнд нам сэлүүн сууя. Хүн битгий оруул… гэтэл Шө Юэ өлгөн авч: “Эр Ег нам гүм хичээн сурахад хэн аймшиггүй ирж үймүүлэх вэ дээ’ гэв. Ши Рэнь:

-За тийм бол маш сайн. Даарч хөрөхгүй суу. Сэтгэл тайван бай. Чи хоол идэх дургүй бол яах билээ. Эртхэн хэлээрэй, хоолны гэрт хэлж хоол бэлдүүлье гэсэнд цаадах нь дураараа бол. Энэ тэрийг үймүүлэх хэрэггүй. Харин хэдэн жимс авчирч тэр гэрт тавиатах. Үнэр нь хүртэл сайхан шүү дээ гэсэнд Ши Рэнь: “Чухамдаа чи аль гэрт суух юм бэ. Чин Вэний сууж байсан өрөө хүнгүй байсан болоод цэвэр байгаа шүү. Харин хүйтэн байж мэднэ” гэв. Бао Юй,

-Хамаагүй ээ, галын хувин оруулчих… гэсэнд Ши Рэнь үгээр нь болов.

Тэднийг ийн ярилцаж байтал нэг охин цайны тавиурыг аяга, ясан савхтай авчран Шө Юэд өгөөд ‘Үүнийг сая Хуа охин авахуулсан юм. Тогооны гэрийн эмгэн авчирч өгөв” гэсэнд Шө Юэ “Үүнийг эгч хийлгэв үү” гэж асуув. Ши Рэнь инээж: “Өчигдөр орой Эр Е хоол идээгүй. Шөнө нойргүй хоносон тул өглөө лав өлдөх биз гэж бодоод жаал охинд захиж тогооны гэрт хэлүүлсэн юм” гээд ширээнд тавиулав. Шө Юэ, Бао Юйд уулгаж, амыг нь зайлуултал Чю Вэнь ирж “Тэр гэрийг цэвэрлэлээ. Эр Е, нүүрсний үнэр буурсан хойно очоорой” гэв. Бао Юй их юм бодож байгаа учир зөвхөн толгой дохив. Төдөлгүй бяцхан охин ирж “Бийр, зууруулыг бэлтгэж тавилаа” гэсэнд Бао Юй: “Мэдлээ” гэв. Бас нэг охин ирж “Өглөөний хоол бэлэн боллоо. Эр Е хаана идэх вэ” гэж асуусанд Бао Юй: “Энд аваад ир” гэв. Охин буцаж гараад хоол аваад ирэв. Бао Юй, Ши Рэнь, Шө Юэ нарыг хараад, “Миний дотор их бухимдаж байна. Ганцаар бол хоол орохгүй юм. Харин та хоёртой хамт идвэл амтархаж сайн идэж мэднэ” гэв. Шө Юэ инээж: “Энэ бол Эр Егийн баярласан нь болой. Бид харин чадахгүй байхдаа” гэв. Ши Рэнь: “Үнэнийг хэлбэл мөн болно. Бид хамт уусан удаа ч бий, ганц өнөөдөр биш. Хааяа заримдаа чамд хань болж уйтгарыг чинь сэргээж бас болно. Үнэхээр ингэхэд хүрвэл дүрэм ёс гэх явдалгүй болно’ гэсээр Бао Юйг дээр суудалд суулгаж, Ши Рэнь, Шө Юэ хоёр хань болж суув. Хоолны дараа Бао Юй цай барьж баахан дув дуугүй бодлогоширч суугаад: “Тэр гэрийг цэвэрлэж дууссан уу” гэсэнд Шө Юэ: “Түрүү хэлсэн шүү дээ” гэсэнд Бао Юй босож тэр өрөөнд ороод хүж асааж, жимсний зүйлээс тавагт өрөөд хүмүүсийг гаргаж үүдээ дарав. Ши Рэнь нар чимээ гаргалгүй нам гүм сууцгаав. Бао Юй өнцөгтөө алтан цэцэгтэй ягаан цаас нэг ороолт гаргаж амандаа хэдэн үг шившээд бийр аваад бичиж эхлэв.

И Хун Юаний эзэн Чин эгчид хүж шатаан мэдүүлэх нь
(Амтат жимс өргөн барья. Дээжлэн соёрхму!)

Сүүдэр мэт ханилсан сайн нөхөр юүгээ
Сэтгэл дотроо тэсэшгүй мөрөөдөн санана.
Хар үймээн гэнэт дэгдэхийг хэн олж мэднэ
Халуун зүрх чинь хоромхноо зогсож насан эцэс болов
Хайр сэтгэлийн үнэн үгээ хэндээ хэлнэ вэ би
Дорно руу урсах мөрний ус дахин хэзээ ч буцахгүй
Дурсан санаж хичнээн мөрөөдөвч зүүдний адис1
Дулаан хувцас зузаалан өмсөхүйеэ тогосын зувцаа үзэгдэв
Дотоод зүрхэнд нэн уйтгар дүүрнэ… гэжээ.

Энээхэн хэсгийг бичээд хүжээ шатаав. Нэг хүж шатаж барагдтал дув дуугүй хэсэг сууснаа босож гарав. Ши Рэнь: “Яагаад гараад ирэв? Бодвол бухимдан уйтгарласан уу” гэж асуув. Бао Юй инээгээд: “Миний дотор бачимдаад сэлүүн газар гарч суусан юм. Одоо харин зүгээр болов. Ингээд гадуур жаахан явъя” гэв. Тэгээд гарч Шяо Шян Гуаньд хүрч очоод хашаан дотроос “Линь охин дүү гэртээ байна уу” гэж асуусанд Зы Жюань: “Хэн бэ” гэж орхиул сөхөн хараад инээж: “Өө Бао Эр Е байсан юм уу. Авхай гэртээ байна. Морилж болно” гэв. 
Бао Юй дотор өрөөний үүдэнд очвол, алт цацсан лууны дүрстэй хүрэн цаасан дээр “Ногоон цонхны гэгээн саран хэвээр, хөх судрын хуучин хүн алга” гэх нэг шүлгийн мөрүүд харагдана. Бао Юй инээсээр дотогш орж: “Линь дүү юү хийж байна” гэсэнд Дай Юй босож, хоёр гишгэн урагшлаад инээн найр тавьж: “Суу суу. Би энд ном бичиж байна. Хоёрхон мөр үлдсэн тул биччихээд ярилцъя” гээд Шюэ Янийг “Цай авчир” гэв. Бао Юй: “За чи номоо бич. Хөдлөх хэрэггүй” гэснээ, тэнд өлгөсөн эвхмэл зургийг харвал, түүнд саран дагина нэг шивэгчин охин дагуулж бас нэг дагина шивэгчин дагуулан гартаа нэг хувцасны уут мэт юм барьсан зураг зуржээ. Хоёр хүний дэргэд хэсэг үүл хүрээлснээс өөр зүйлгүй. Яг л Ли Лн Мяны цагаан цаасанд бэхээр зурах аргыг дуурайсан бөгөөд дээр нь “Саран ордонд байлдсан зураг” хэмээх дөрвөн үгийг татлан бичжээ. Бао Юй: “Энэ зургийг сая өлгөө юү” гэсэнд цаадах нь: “Тиймээ. Цаад өдөр гэр цэвэрлэж байхад санаанд орохоор нь гаргаж өлгүүлсэн юм” гэсэнд Бао Юй: “Хаанаас гаргасан бэ” гэж асуув. Дай Юй: “Өдий танил юмыг асууж яана даа” гэхэд цаадах нь: “Санахгүй л байна. Хэлчих л дээ” гэсэнд Дай Юй: “Цасан дагина, саран дагина хоёр хүйтэн саранд зүсээ шалгажээ” гэж дуулаагүй юү гэсэнд Бао Юй: “Нээрэн тийм л дээ. Энэ үнэхээр шинэ сонин, яруу сайхан юмаа. Цагаа олж гаргаж өлгөжээ” гэсээр нааш цааш алхлан энэ тэрийг ажиглана. Бао Юйг цай ууж дуусаад нилээд суусны дараа Дай Юй юмаа бичиж дуусав. Тэгээд: “Удаан хүлээлгэлээ шүү” гэсэнд цаадах нь: “Дүү охин бас энэ мэт ёсорхоно” гэв. Дай Юй цэнхэр хатгамал гадартай нимгэн зувцаан дээр хэрмэн дотортой ханжаар давхарлаад гэзгээ задгай шанхалж, шижир алтан хатгуур хатгаснаас өөр засал зүүсэнгүй. Бэлхүүсээрээ хатгамал цэцэгтэй, улбар ягаан хөвөөтэй хормойвч ороожээ. Үнэхээр л:

Гунхалзан найгах хашийн сэлтэс салхи сөрөн сэхүйж

Ханхлан бадрах лянхуа цэцэг шүүдрийг угтан дэлгэрсэн мэт ажээ. Бао Юй: “Охин дүү энэ өдөр ятга чавхдсангүй ээ. Бичиг бичсээр гар суларсан тул яаж ятга чавхдах вэ” гэснээ: “Чавхдахгүй нь дээрээ. Ятга гэгч хэдий эрхэм эд боловч сайн юм биш болой. Эртнээс ятга чавхадсаар баян ноён болж насан хутаг олсон нь үгүй. Харин уярал, гунил төрөх төдий бөлгөө. Бас ятга чавхдахад хөгжмийн тэмдэглэлийг цээжлэх тул сэтгэл ядарна. Охин дүүгийн бие дорой тул сэтгэлээ зовоолгүй амар суувал сайн юм даа” гэсэнд Дай Юй жуумалзан инээв. Бао Юй хэрмийн дээрхийг зааж: “Энэ ятга мөн үү. Яасан богинохон юм бэ” гэсэнд цаадах нь инээж: “Энэ ятга богино биш, би багадаа чавхдаж сурахад энгийн ятганд хуруу хүрэхгүй учраас тусгайлан хийлгэсэн юм. Хэдий шатанхай үзүүртэй, хувхай уянгат2 бус боловч энэ тогорууных биз, галбингаагийн сүүлийг мөн сайхан тааруулж, лууны нүд, галууны хөлний дээр доорыг ч сайхан тохируулжээ. Үхрийн үс мэт нарийн ширхгийг нь харахгүй юү. Тийнхүү дуу нь яруу уянгалаг болой” гэв. Бао Юй: “Дүү шүлэг зохиов уу, энэ хэд хоногт” гэж асуусанд Дай Юй: “Би ер нь цуглаан байгуулснаас хойш төдий л зохиосонгүй” гэв. Бао Юй инээж: 

-Чи надаас битгий нуу. “Уйлан гашуудах юун”, “Үнэн цагаан сэтгэл яахин саран мэт байна вэ” гээд л уянгалуулахыг чинь сонссон доо. Түүнээ ятганд чавхадсанд дуу нь улам ч сайхан цуурайтаж байсан шүү. Тийм биз гэсэнд Дай Юй:

-Хөөе чи, хаана сонсов гэсэнд Бао Юй:

-Тэр өдөр би, Миюа Фэн шюанаас ирэхдээ сонсоон. Яруу эгшгийг таслуузай гэж болгоомжлоод, сэмхэн баахан сонсоод харьсаан. Би чамаас асууя гэж бодож байлаа. Аялгуу нь эхэндээ нам багаад төгсөхдөө огцом болсон нь ямар учиртай вэ гэсэнд Дай Юй:

-Энэ бол хүний санааг дагасан аялгуу. Хаана хүртэл зохиовол тэнд хүртэл чавхдана. Тогтсон ёс үгүй гэв. Цаадах нь:

-Нээрэн тийм байсан. Харамсалтай нь, аялгууны санааг мэдэхгүй тул дэмий л баахан сонссон хэрэг… гэсэнд Дай Юй: “Аль эртнээс санааг мэдэгч хэд байсан юм бэ” гэв.

Бао Юй цүлс үг хэлснээ мэдээд бас Дай Юйг гомдоохоос эмээв. Жаахан сууж байтал, яримаар юм их ч байх шиг тэгснээ ярих юм олдохгүй ч байх шиг санагдав. Дай Юй ч саяын үгээ санаандгүй хэлснээ бодоод хатуудлаа гээд дуугүй болов. Бао Юй цаадахыгаа сэжиг санасан байх гэж бодоод эвгүйрхэн босож: – Би гутгаар охин дүүтэй уулзъя гэсэнд Дай Юй: – Чи миний өмнөөс мэнд мэдээрэй гэв. Бао Юй: – за гээд гарч одов. Дай Юй түүнийг үүд хүртэл үдээд мэлрэн сууснаа: – Ойрноос Бао Юй юм ярихдаа эргэлзэн түдгэлзээд, дуртай, шартай болсон нь ямар ухаан болов гэж бодов. Энэ үед Зы Жюань ирж: – Авхай номоо бичих болоогүй юү. Би бийр зууруулыг цааш тавилаа гэсэнд цаадах нь: – Бичихгүй, ав ав гэв. Тэгээд дотоод өрөөндөө орж нарийвчлан бодов. Зы Жюань орж ирээд: – Аяга цай ууна уу гэсэнд: – Уухгүй. Би жаахан хажуулъя. Та нар яв гэв. Зи Жанийг гарч ирэхэд тэнд Шюэ Ян мэлрэн сууж харагдана.

-За одоо чамд бас ямар бодлогошрох юм болов.
-Дуугүй бай. Өнөөдөр би нэг үг сонслоо. Чамд хэлэх үү. Сонин бишүү. Чи хүнд битгий хэлээрэй.

Ингэж хэлээд Шюэ Янь дотор өрөө рүү уруулаар дохив. Тэгээд Зы Жюанийг гаръя гэж дохиод үүдний саравчин дор очив. Тэгээд шивнэв.

-Эгчээ, чи сонсов уу. Бао Юйд гэргий тогтжээ.
-Ийм үг хаанаас гарав? Худлаа байлгүй.
-Яагаад худал байх юм бэ? Бусад хүн мэдчихсэн байхад бид л мэдээгүй байж.
-Чи хаанаас сонссон юм бэ.
-Би Шы Шугаас сонслоо. Баян хөрөнгөтэй, эрдэм чадвартай. Их мэдэлтэй айлын охин гэнээ.
Энэ үед Дай Юй сэрсэн янзтай ханиав. Түүнийг гарч ирээд сонсчих вэ гэж гараар сэжээд чимээ чагнавал сэрээгүй бололтой. Тэгээд сэмхэн ярилцав.
-Тэрнийг чухам хэн ярьж байх юм бэ?

-Өчигдөр намайг гуравдугаар авхайнд талархал хүргэхээр очуулсан шүү дээ. Гуравдугаар авхай гэртээ алга. Шы Шу л ганцаараа байна. Яриад сууж байтал Бао Эр Егийн алиалдаг тухай руу орчихов. Тэр: “Бао Эр Е ямар хэрэг байна. Тоглож наадахыг л бодоод их хүний янз байхгүй. Нэгэнт бэр гуйчихаад байхад бас л тархигүй аашилсаар” гэж байна. Би түүнээс: “Тогтчихоо юү” гэж асуув. Тэр: “Тогтжээ. Ямар нэг вангийн да е гэгч зууч болж гэнэ. Тэр вангийн да е нь зүүн ордны садан болох тул асууж зөвлөхийн ч хэрэггүй. Хэлмэгц даруй бүтэж гэнээ” гэнэ гэв.

-Энэ чинь яасан сонин юм бэ? Эндэхийн хүмүүс яагаад ярилцахгүй байна вэ.

-Шы Шу бас хэлж байна. Яриа гарвал, Бао Юй эс бусаар аашлахаас болгоомжлоод бүгдээр ярихгүй байх нь Лао тайтайгийн санаа байх гэнэ. Шы Шу энэ тухай ярьчихаад, намайг ам султай шүү чи. Хэрхэвч задруулж болохгүй шүү гэж захисан. Би түүний үгийг ганцхан чамд л хэллээ гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал тоть шувуу донгодов. Хүний хэлдгээр “Охин гэртээ ирэв. Хурдан цай аягалж авчир” гэж донгодохоор тэр хоёр цочисхийгээд тотийг хараав. Гэрт орвол Дай Юй босоод сандал дээр сууж байв. Зы Жюань: “Цай авах уу, ус авах уу” гэж асуув. Дай Юй: “Та хоёр хаачив. Би хэд хэд дуудсан” гэсээр ханзан дээр гарч хажуулаад бүрхүүлийг тавигтун гэв. Тэр хоёр гарч ирээд: “Дай Юй сонссон биш байгаа” гэж сэжиглээд түрүүчийн яриагаа зогсов. Тэгэх нь ээ нь, цээж дүүрэн сэтгэлийн зовлонтой байсан Дай Юй, хоёр шивэгчнийхээ үгийг сэмхэн сонсоод, тодорхой юм мэдэж чадаагүй ч гэсэн, ихэнхийг нь гадарлаад их далайд шидүүлсэн мэт болжээ. Энэ тэрийг эргэцүүлэн бодсоор, тэр шөнийн нь зүүдтэй нийцсэн тул зүрхийг нь зүүгээр шивэх мэт болов. Эргүүлж тойруулж элдэвлэн бодож үзвэл, ийм тийм үйл учрыг нүдээр үзэж, нүүрээ барснаас эртхэн үхсэн дээр гэж бодов. Бас эцэг эхгүй өнчин хоцорсноо санаж, үүнээс хойш өдөр бүр биеэ үгүй хийсээр тав, арван сар болбол амарлингуйн оронд ажрахаа алдахгүй болно гэж санаа шийдээд, хөнжлөөр ч хучилгүй, хувцсаа зузаалалгүй, унтсан мэт оволж нүдээ анин хэвтэв. Зы Жюань, Шюэ Янь хоёр ирээд, харгалзан сувилъя гэвэл дуу чимээ гарахгүй тул дуудаж чадсангүй. Тэрбээр оройн хоолоо ч идсэнгүй. Дэн асаасан хойно Зы Жюань орхиулыг сөхөж харвал, хөнжлөө тийрчихсэн янзтай байв. Даарч мэднэ гээд аяархан хучив. Цаадах нь хөдөлсөн ч үгүй, түүнийг гармагц хөнжлөө дахиад өшиглөчихэв. Зы Жюань: “Өнөөдрийн чиний хэлсэн үнэн үү, худал уу” гэж асуусанд Шюэ Янь “Яалаа гэж худал байх вэ” гэв.

-Тэр Шы Шу яаж мэдсэн юм бэ,
-Шяо Хуний тэндээс л сонссон гэсээн.

-Чи бид хоёрын ярьсныг авхай бараг сонссон байхаа. Одоогийн байдал нь нэг л биш. Цаашид энэ талаар таг дуугүй л байя.
Ингэж хэлээд Зы Жюань унд бэлтгэх болов. Тэр зуураа орж үзвэл, бас л хөнжлөө тийрчихсэн байв. Дахиад л хучив. Энэ мэтээр тэр нэг шөнө өнгөрөв. Өглөө нь, Дай Юй босоод хүн дуудсан ч үгүй, ганцаараа бодлогошрон сууна. Зы Жюань түүний боссоныг хараад хэрдхийн цочив.

-Авхай яасан эрт босов оо гэсэнд
-Эрт унтсан болохоор эрт сэрлээ гэв.

Зы Жюань яаран гар нүүрийг нь угааж өгөв. Дай Юй дув дуугүй толинд нүүрээ харан сууна. Нэг харсан чинь нулимс нь алчуураа нэвтэлсэн байв. Энэ үнэхээр

Эцэнхий яданг сүүдэр юүгээ хаврын усанд үзээд
Энэ бие түүнийг хөөрхийлтэл тэр намайг өрөвдөнө… гэгч болжээ.
Зы Жюань илүү үгээр хуучин хорслыг сэдэж гаргахаас болгоомжилж, хориглож чадахгүй дэргэд нь дэмий л баахан зогсов. Дай Юй хайш яйшхан угааж самнаж дуусахад нулимсны нь ор хатаагүй байв. Тэрбээр Зы Жюанийг “Түвд хүж асаа” гэв. Цаадах нь авхай та төдий л сайн унтаагүй байж, хүж асааж яах нь вэ. Ном бичих юм уу гэсэнд Дай Юй толгой дохив. Зы Жюань: “Авхай та өнөөдөр тун эрт сэрсэн шүү. Одоо юм бичвэл хэтэрхий ядрах юм бишүү” гэсэнд Дай Юй: “Хамаагүй ээ, эрт бичиж дуусвал сайн. Би бас ном бичье гэх ч биш, харин үсэг бичиж биеэ саатуулъя гэсэн юм. Хожим та нар миний бичгийг үзвэл даруй надтай уулзсан мэт болно” гэсээр дахиад л уйлав. Зы Жюань энэ үгийг сонсоод хориглох байтугай өөрөө асгаруулав.

Энэ үеэс хойш Дай Юй биеэ зориуд үгүй хийе гэж шийдсэнээс хойш цай хоолонд дургүй болж өдрөөс өдөрт юм идэхээ бараг болив. Бао Юй сургуулийнхаа зав чөлөөгөөр үргэлж ирнэ. Дай Юйд түмэн, мянган үг байвч нэгэнт том болоод, багын адил тойруулж, тагшуулан наадаж болохгүй болсон тул цээж дүүрэн зовлонгоо тоочин гаргаж чадахгүй байна. Бао Юй үнэн үгээр ятган тайтгаруулъя гэвч бас эгдүүг нь хүргэж, өвчнийг нь нэмэхээс эмээнэ. Хоёул уулзвал арга буюу хэвийн хэдэн үгээр хөнгөн ятгаж үнэхээр “Найр ихэдвэл намс болно” гэгч болжээ. Дай Юйг өвчтэй болохоор Жя Мү, Ван Фүрэнь нар хайрлан харгалзаж эмч залж, эмнүүлдэг боловч түүний сэтгэлийн өвчнийг яаж мэднэ? Зы Жюань нар түүний санааг мэдэвч хэлж бас чадахгүй. Тийм болохоор өдрөөс өдөрт муудсаар хагас сар болтол ходоод гэдэс нь нимгэрч, сүүлдээ шингэн будаа ч оочиж чадахгүй болов. Дай Юйгийн чихэнд, Бао Юй гэрлэнэ гэх үг хэдэнтээ сонсогдох мэт бөгөөд Эй Хүэн Юаний их бага хүмүүс ч цөмөөр бэр буулгах төлөвтэй харагдана. Шюэ Има эргэж ирэхэд Бао Чай хамт ирээгүйг сэжиглэв. Тийм учраас хүн ирж уулзахад ч дургүй, эмч уухгүй, ганцхан түргэн үхэхийг л хүсэх болов. Зүүдэнд нь хүмүүс үргэлж л “Бао Эл найнай” гэж дуудах сонсогдон сэжиг таамаг нь ихэдсээр үнэхээр томсон дээс могой мэт болжээ. Нэг өдөр гэнэтхэн л хэл дээрээ юм тавихгүй болж, будааны шүүс ч оочихгүй, амьсгал нь суларч цагаа хүлээн хэвтжээ. Дай Юйгийн амь хааш болсныг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

  1. Зүүдний адис-Хань улсын Эү Ди хаан хайртай хатнаа үхсэнээс хойш их зовжээ. Дүн Бан Шюэ гэдэг хүн түүнд нэг эрдэнийн өвс олж өгсөнд энгэртээ зүүгээд унтахад хатантайгаа уулзсан гэдэг домог бий.

  2. Шатанхай үзүүртэй хувхай уянгат-“Хойт хань улсын бичигт” нэг хүн хувхай уянгат модоор хоол чанаж байтал Цай Юн галын чимээгээр ятга хийж болох сайн мод гэж таниад авч долоон утастай, сайхан дуутай ятга хийжээ. Нэг үзүүрт нь гандаж шатсан ор үлдээсэн тул шатанхай үзүүртэй ятга гэжээ. Яваандаа “Шатанхай үзүүрт хувхай уянгат” гэдэг үгээр сайн ятгыг магтах болжээ. Дараах “Тогорууны бие, галбингаагийн сүүл”, “Луугийн нүд галууны хөл” гэдэг нь ятгын хэдэн хэсгийг заасан тусгай нэр юм. Ятганы ширний хагарсан ширхэг нь үхрийн үс мэт нарийн бол дээд сайн ятганд орно.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж