АНУ-ын армид зарим трансжендер хүмүүсийг алба хаахыг хориглох тухай Цагаан ордон мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил “Эмнэлгийн тусгай асаргаа, сувилгаа шаарддаг албан хаагчид болон “Gender identity disorder” буюу байгалаас заяасан хүйсээс өөрөөр өөрийгөө тодорхойлдог трансжендер хүмүүсийг цэргийн албанд татахгүй” хэмээн мэдэгдсэний дараа Пентагон армийн алба хаагчдын талаар явуулж буй бодлогод өөрчлөлт оруулахаар болсон байна.
“Цагаан ордон”-ы хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсын мэдээлснээр дээрх шийдвэрийг армийн алба хаагчид, иргэний нийгмийн төлөөлөл, чөлөөнд гарсан алба хаагчдын дунд судалгаа явуулсны дүнд гаргасан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил трансжендер хүмүүсийг цэргийн албанд татахыг хориглох тухай мэдэгдсэний дараа трансжендер цэргүүд түүний энэ бодлогыг эсэргүүцэн шүүхэд өгсөн.
АНУ-ын Холбооны шүүх трансжендер хүмүүс армид алба хаах эрхтэй гэж үзсэний дараа өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн трансжендер цэрэг АНУ-ын армид алба хаах гэрээ байгуулж чадсан.
ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагууд Трампын бодлогыг хүчтэй эсэргүүцэж, хүйсээр ялгаварлан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн билээ.
Эх сурвалж: CNN