Долоо хоногийн онцлох ярилцлага | News.MN

Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

news агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагыг тоймлон хүргэж байна


П.СЭРГЭЛЭН: СОЁОЛОН МОРЬД ЭРГЭХЭД ГЭГЭЭТЭЙ БАЙСАН

Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэж байна.


-Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт яагаад зохион байгуулахаар болов? Засгийн газрын тогтоол гарсан уу?

-Энэ уралдаанд зориулсан Засгийн газрын тогтоол гараагүй. 2002 оноос эхлэн хурдан морины хаврын уралдааныг “Дүнжингарав” нэртэйгээр зохион байгуулж ирсэн. Энэ жил 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулахаар болсон. Засгийн газрын тогтоол гараагүй бөгөөд Монголын морин спорт уяачдын холбоо гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү уралдааны нэг онцлог нь хаврын уралдаанд 12-с дээш насны хүүхдийг уралдуулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн байгаа. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Хүний эрхийн комиссын хяналт дор комиссын гишүүд хийсэн бөгөөд бичиг баримтыг нь нарийн шалгасан байгаа. Зарим хүүхдийн бичиг баримт дутуу байсан учраас шөнө хүртэл үргэлжилсэн. Уралдаанч хүүхдүүдийн хурууны хээг авч бүртгэлийг баталгаажуулахад 300 гаруй хүүхэд бүгд 12 наснаас дээш байсан.

-Энэ уралдаанд 12-с дээш насны хүүхэд хурдан морь уралдана гэсэн журмыг баримталсан байна. Гэтэл бэртсэн хүүхдийн насыг 11 гээд байдаг?

-Өмнө нь Үндэсний их баяр наадмын хуулиар бол 7-с дээш насны хүүхэд хурдан морь унадаг байсан. Тэгвэл энэ удаа 12-с дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулна гэсэн Засгийн газрын тогтоолыг хатуу баримталсан байгаа. Уралдааны өмнө хүүхдүүдийг дахин үзэж, насны байдлыг нягталсан. Үүнд хүүхдийн эрхийн байгууллага маш идэвхтэй ажиллаж, 12-с доош насны хүүхдийг уралдуулахгүй авч үлдсэн.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘ДЭЛХИЙН УЛС ОРНУУДАД НАМААС ДАЙЖИХ ХАНДЛАГА ГАЗАР АВЧ БАЙНА’

Улс төр судлаач доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал улс төрийн болон нам, судлаачдын дунд хүчтэй яригдаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага юу байна вэ?

-Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд 28 жил болж байна. Анх 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж, 2005 онд шинэчлэн найруулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд улс төрийн орчин, иргэдийн үнэт зүйл, намуудын үйл ажиллагааны чиг хандлага гэх мэт олон зүйл өөрчлөгдөж байна. Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байгаа ч сонгуульд өрсөлдөж, иргэдийн  итгэл дааж парламентад засаг барьж байгаа нам тун цөөхөн байна. Бусад намууд нь Дээд шүүхэд бүртгэлтэй, сонгуулиас бусад жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй. Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсан. Олон улсын болон дотоодын судалгаагаар нам бол авлигын нэгэн гол эх сурвалж гэж иргэд үзэж байна.

Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад оронд ч гэсэн намд итгэх итгэл буурах, намаас дайжих хандлага газар авч байгаа тул намын шинэчлэл дэлхий даяар тулгамдсан зүйл болж байна.  Тиймээс улс төрийн намуудыг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгамдаж байна.

-Улс төрийн намын тухай хуульд орох гол өөрчлөлтүүд нь юу байх вэ?

-Энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол үзэл баримтлал бол намыг бодлогын институци болгон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм гэж энэ хуулийн төсөлд зөвлөмж өгч буй судлаачид бид үзэж байна. Нам судалгаатай, үндэслэлтэй, хэрэгжих тооцоо төлөвлөгөөтэй, бодит байдлыг дэлхийн хөгжилтэй нийцүүлсэн бодлого боловсруулдаг институци болох ёстой. Түүнээс биш нам нэг удаагийн сонгуульд оролцох, олны санал авахын тулд хэрэгжих боломжгүй, популист, хүмүүсийн хэрэгцээн дээр тоглолт хийсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх ёсгүй. Өнгөрсөн жилүүдийн намуудын гол алдаа нь сонгуулийн амлалт нь бодит байдалд нийцээгүй, намын суурь үнэт зүйлтэй тохироогүй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсантай холбоотой. Орчин үеийн намууд бол нийгэм, улс орны хөгжлийн бодлого боловсруулах, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, шинжлэх ухааны бодит үндэслэлтэй, хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүх талаас нь судалж, тандсан бодлого боловсруулдаг болсон.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ЗАГВАР ӨМСӨГЧ Б.БИЛГҮЙТЭЙ: НАДАД АЗ ТААРСАН

Энэ удаагийн ярилцлагын зочноор БНСУ-ын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүр Б.Билгүйтэйг урилаа. Тэрбээр Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгсөж, өдгөө Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байна. Б.Билгүйтэй нь Тайланд улсад найман жил загвар өмсөгчөөр ажиллаж BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндийн нүүр царайгаар тодорч байжээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Таныг эх орондоо ирээд удаагүй байхад ярилцсандаа баяртай байна. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Буянхишигийн Бэлгүйтэй гэдэг. Би одоогоор Тайланд улсад найм дах жилдээ ажиллаж амьдарч байна. 18 настайдаа Тайландын Бангкок хот руу суралцахаар явсан. Их сургуулиа компьютер график, мультимедиа чиглэлээр дүүргэсэн. Одоогоор Тайландад төвтэй АНУ-ын Medical Departures компанид мэргэжлээрээ ажиллахын хажуугаар загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байна.

-Тайландыг зорихоос өмнө таныг Монголын усан спортын шигшээ багийн тамирчин гэдгээр зарим хүмүүс мэдэх байх?

-Тийм шүү. Би багаасаа л усан спортоор хичээллэж эхэлсэн. 11 настайдаа шигшээ багт ороод Азийн “Доха” наадамд оролцож байсан. Мөн 2007 онд дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон.

ДЭЛГЭРЭНГҮЙ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

7777777 2018-03-24 202.55.191.205

БАЯЧУУД МОРЬ УРАЛДУУЛЖ БАЯСАХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ … ТҮҮНИЙ ОРОНД УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ …ЗӨВХӨН УЛСЫН БАЯР НААДМААР УРАЛДДАГ БОЛГОХ БА ЯГ ТЭР ҮЕД НЬ УЯАЧ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ НЬ ЦОЛ ОЛГОДОГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ … " МОНГОЛ БӨХ " ШИГ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж