Францын өмнөд хэсэг байрлах Треб хотын дэлгүүрт зэвсэглэсэн террорист иргэдийг барьцаалж, халдлага үйлдсэн хэрэг гарлаа. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, арван зургаан хүн шархадсан гэв.
Францын дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар, террорист нь Каркасон хотоос автомашин хулгайлахдаа нэг иргэний аминд хүрч, улмаар Треб хот руу очиж, орон нутгийн дэлгүүрт гал нээн дэлгүүрийн ажилтан, худалдан авагчдыг барьцаалсан гэв.
Барууны хэвлэл мэдээллийнхний мэдээлж буйгаар, халдлага үйлдсэн этгээд "Исламын улс" террорист бүлэглэлийнх байх магадлалтай гэв. Тэрбээр 2015 онд Парист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа Салах Абдесламыг суллахыг шаардаж байсан гэнэ.
Цагдаагийн дэслэгч өөрийгөө барьцаалагдсан нэг иргэнээр сольж, улмаар террористтой хэлэлцээ хийх гэсэн боловч, амжилтгүй болсон.
Барьцаалагдсан иргэдийн дунд орсон цагдаагийн дэслэгч дэлгүүрийн гадна байрлаж буй цагдаа нар руу нууцаар залгаж, дотор болж буй үйл явдлыг мэдээлж байсан гэв. Үүнээс гадна, дэлгүүрийн зарим ажилтан болон худалдан авагчид арын хаалгаар нь сэм гарч чадсан ажээ.
Дэлгүүр үүссэн нөхцөл байдлын улмаас террористууд гал нээн, улмаар цагдаагийн дэслэгчийг хүнд шархдуулж, хоёр хүний амийг хөнөөсөн байна. Энэ үеэр цагдаагийн тусгай албаныхан шуурхай арга хэмжээ авч террористуудыг баривчилжээ.
Францын дотоод хэргийн яамны мэдээллээр, дээрх хэргийг 26 настай Редуан Лагдим үйлдсэн гэв. Тэрбээр Каркасон хотын иргэн бөгөөд өмнө нь хар тамхи худалдаалсан хэргээр цагдаагийн газарт шалгагдаж байсан ажээ.
Брюссельд Европын холбоо хуралд оролцож буй Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нутагт нь болсон халдлагыг талаар хэлэхдээ, энэ бол террорист халдлага хэмээн мэдэгдээд, амиа алдсан иргэдийн ар гэрт нь эмгэнэл илэрхийлэв. Мөн Европын холбооны төлөөлөгч Дональд Туск болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар францын ард иргэдэд хандаж, гүн эмгэнэл илэрхийлэв
А.АНИР