Бөхийн холбооны "Их Эе" хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн холбооны "Их Эе" хуралдаан болно

Бөхийн холбооны "Их Эе" хуралдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII дахь “Их Эе” хуралдаан өнөөдөр /2018.03.24/ Бөхийн өргөөнд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хурлын арга хэмжээ 10.00 цагаас эхлэх юм байна.

Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцоно.

VIII дахь “Их Эе”-ийн өмнө олон маргаантай асуудал гарсан. Хуралдаан болохын өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Бөхийн өргөөнд очиж, “Их Эе”-ийг хуралдуулахгүй гэсэн шүүхийн шийдвэрийг Холбооны тэргүүн Р.Нямдоржид гардуулж өгөхийг хүссэн. Үүнээс болж, Бөхийн өргөөнд үймээн гарсан. Учир нь “Их Эе”-ийг зохион байгуулахтай холбогдуулан тус холбооныхон дотоод ажилтай хэмээн хаалгаа түгжсэн нь шүүхийн шийдвэрийн алба хаагчдын хаалга эвдлэн ороход хүргэсэн байна.

Үндэсний Бөхийн холбооноос Л.Чинбат, Ж.Ганболд нарт хандсан мэдэгдэл, ил захидлыг хүргүүлсэн. Учир нь 2017 оны тавдугаар сард Х.Баянмөнх, Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан “Ээлжит Их Эе” гэх цуглааныг хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэдгийг олон нийтэд тайлбарлаж байна.

2017 оны тавдугаар сард хэсэг бөхчүүд ээлжит бус ‘Их Эе’ хурал зарлаж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Үндэсний бөхийн холбоог ‘Гацуурт’ компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон ч Р.Нямдорж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудал шүүх цагдаа дээрээ тулаад намжсан. Тэгвэл энэ удаагийн ‘Их эе’-ээр холбооны тэргүүнээ өөрчлөх асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Энэ удаагийн ‘Их эе’ нэлээд халуухан болж магадгүй байна. Учир нь сэргээшийн хэрэгт холбогдсон таван бөхийн дөрөв нь хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байгаа юм.

Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал 2002 онд болох үеэр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд тухайн үед эсэргүүцэн хурлыг орхиж байв. Үүнээс хойш 2006 онд болох байсан хурал шүүхийн маргааны улмаас тасалдаж, 2010 онд VI хурал болсон түүхтэй. Харин 2014 онд маргааны улмаас “Их Эе” VII хурал зохион байгуулагдаагүй юм.

 Энэ удаагийн VIII дахь “Их Эе”-ийн бэлтгэл ажил сүүлийн өдрүүдэд явагдаж, өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болохоор болжээ.

Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж 1991 оноос хойш өнөөг хүртэл удирдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж