Оюутны сагсан бөмбөгийн аваргууд Малайзыг зорино

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Оюутны сагсан бөмбөгийн аваргууд Малайзыг зорино

Оюутны сагсан бөмбөгийн аваргууд Малайзыг зорино

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 17-22-ны өдрүүдэд МУИС-ийн спорт зааланд боллоо. Энэхүү тэмцээн Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 18 их, дээд сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 13 багийн 380 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд Монголын Сагсан бөмбөгийн холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хамтран ажиллалаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, УЗ-ийн гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч С.Тулга нар оролцож шилдэг баг тамирчдын шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байранд Спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай, Г.Насанжаргал ахлагчтай ШУТИС, 2-р байрт спортын мастер Ч.Ижилболд дасгалжуулагчтай, Б.Жаргалсайхан ахлагчтай Үндэсний БТДС, 3-р байрт спортын мастер Н.Ганболор дасгалжуулагчтай, А.Сүхбат ахлагчтай Сити ИС-ийн багууд шалгарсан.

Эмэгтэй багуудаас 1-р байрт Спортын мастер Б.Ганхуяг дасгалжуулагчтай, Б.Цацрал ахлагчтай Их засаг ОУИС, 2-р байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай, Б.Эрдэнэ-Отгон ахлагчтай Этүгэн ИС-ийн баг, 3-р байрт спортын мастер  Р.Гантулга дасгалжуулагчтай, Г.Минжин ахлагчтай МУИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Г.Насанжаргал, эмэгтэй шилдэг тоглогчоор Их Засаг ОУИС-ийн тамирчин, спортын мастер Б.Цацрал нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС, хоёрдугаар байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС, гуравдугаар байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Хаалтын ажиллагааны үеэр Малайз улсад ирэх долдугаар сард болох Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн бичгийг ШУТИС-ийн эрэгтэй багт, Их засаг ОУИС-ийн эмэгтэй багуудад албан ёсоор гардуулж өгсөн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж