“Алтайн шигшмэл хурд-1” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Алтайн шигшмэл хурд-1” боллоо

“Алтайн шигшмэл хурд-1”, “Алтайн бахархал-2” наадам наймдугаар сарын 11, 12-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод болов. Хоёр дахь жилдээ болсон энэ наадамд зөвхөн түрүүлж, айрагдсан тус аймаг, сумын морьд уралддаг юм. Азарга насанд Хөхморьд сумын уяач А.Цэцэнбандийн хүрэн, их насанд Цээл сумын уяач, Монгол Улсын начин Д.Нэмэхбаярын хээр, соёолонд Халиун сумын харьяат, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Ж.Батбаатарын халтар, хязааланд Дэлгэр сумын уяач Б.Загдсүрэнгийн хар, шүдлэнд Есөнбулаг сумын уяач, “Мандал голомт” компанийн ня-бо Д.Жалцавжийн хар, дааганд Эрдэнэ сумын уяач Ц.Даваасүрэнгийн бор тус тус түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Мөн жороо морины уралдаан болж, Баруун бүсэд 10 удаа түрүүлээд байгаа Есөнбулаг сумын Д.Гончигсумын хул түрүүлсэн байна.

Хүлэг морьдын уралдаанаас гадна улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдаж, шөвгийн дөрөвт улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Л.Гантулга, С.Багахүү нар үлдэж, улсын начин Л.Гантулга түрүүлэн, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ.

Сурын харваанд эрэгтэйчүүдээс Б.Баян-Уул сумын харваач Б.Энхболд, эмэгтэйчүүдээс Есөнбулаг сумын харваач У.Энхзаяа нар тус тус тэргүүн байр эзэлсэн байна.

“Сайхан хос морьтон” шалгаруулахад Халиун сумын Ш.Сайнбилэг, Ү.Тунгалаг нарын хос шалгарчээ. Алтайн бахархал болгож тус аймгаас төрсөн академич нарыг урьж ирүүлж, хүндэтгэл үзүүлснээс гадна өнөө жил шинээр улсын гарьд цол хүртсэн Ж.Бат-Эрдэнэ, начин цол хүртсэн С.Багахүү, хүүхдийн барилдаанд үзүүрлэсэн Цогт сумын харьяат хүү, улсын наадамд хоёр насны морь нь айрагдсан нэр бүхий уяачдыг урьж ирүүлэн хүндэтгэл үзүүлсэн аж.

“Алтайн шилмэл хурд” наадмыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар хариуцаж, “Алтайн хөгжил-ХХI зуун” ТББ”, “Алтайн эрэн сан”, “Хантайшир” бөхийн дэвжээ болон тус аймгийн морин-спорт уяачдын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж