Монголчууд тэмцэх цаг болсон гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Монголчууд тэмцэх цаг болсон гэв

Монголчууд тэмцэх цаг болсон гэв

Хүүхдийн эрхийн талаарх цаг үеийн асуудлаар ‘Ноён уулаа аваръя’ төрийн бус байгууллага /ТББ/,’Март8′ эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, ‘Оюунлаг монгол’ ТББ-ийн тэргүүнүүд өнөөдөр /2018.03.23/  мэдээлэл хийлээ. Тэд “Дүнжингарав 2018” уралдааны тухай болон хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндөн ярих хүний эрхийн байгууллагууд дуугарахгүй багаа учир өмнөөс ийн мэдээлэл хийж байна гэцгээв.

                                                                                      Цаазын ялыг сэргээгээч

"Ноён уулаа аваръя" ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид

‘Ноён уулаа аваръя’ ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид “Тавдугаар сарын 1-ны өдрөөс өмнө өвлийн уралдааныг уралдуулахыг  хориглож  13 нас хүрээгүй хүүхдийг унаач хүүхэд болгохыг хориглосон. Гэтэл УИХ-ын дарга  М.Энхболдын удирдаж байгаа Монголын морин спорт уяачдын холбоо/ ММСУХ/  дур мэдэн дээрх уралдааныг зохион байгуулсан. Хэвлэлүүдээр есөн хүүхэд, 13 хүүхэд мориноос унасан гэх мэдээлэл яваад байсан. Гэхдээ 16 хүүхэд мориноос унаж бэртэж,  гурван хүүхэд нь хүнд гэмтсэн. Нэг хүүхдийн хүүхдийн тархиндаа гэмтэл авсан  мэдээлэл байна.  Бид удахгүй М.Энхболдын толгойлсон ММСУХ өнгөрсөн жилүүдэд хичнээн хүүхдийг  амь  нас эрүүл мэндээр хохироосон болох  бодит судалгааг  хийнэ. М.Энхболдын хүү Э.Анар нь эрлийз морины уяач юм билээ. Төрсөн хүүхдээ эрхлүүлэхийн тулд түмний хүүхдийг хөлдөө чирэх шаардлага байсан уу?

Уралдааны ард томоохон хэмжээний  бооцоо яригддаг гэх мэдээлэл байдаг. Үнэхээр бооцоотой уралдаан зохион байгуулдаг юм бол морин тойруулгад, хүүхдээр биш том хүнээр унуулж уралдаанаа хийлдээ.Заавал балчир хүүхдүүдийг унуулах нь ямар зорилготой юм. Би үүнийг харахдаа монголын ирээдүй болсон ялангуяа  эрэгтэй хүүхдүүдийг байхгүй болгох гэсэн санаа гэж хатуу хэлмээр байна. ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдыг санаатайгаар олон жил хууль зөрчиж байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулна. Бид нар айхгүй. Үр хүүхэд эх орныхоо төлөө тэмцэнэ. Өмгөөлж хамгаалдаг эрчүүд нь байдаггүй юм бол эхчүүд бид нар  амиа золиход ч бэлэн байна.

Мөн хүүхдийн хүчирхийллээр нийгэм дүүрчихсэн байна. Дарагдсан тоогоор жилд 250 хүүхэд хүчирхийлэлд өртдөг. Жилд 3-5 хүүхэд хүчингийн хэргийн улмаас нас бардаг гэх судалгаа бий. Монгол улсад бузар булай дээрэмчин, авлигач, хүчиндэгч, ёс зүйгүй мөнгө шүтсэн гишүүдээр  монголын төрийн ариун толгой дээр зална гэж хэзээ ч байхгүй.

Тийм учраас  Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад холбогдох хүмүүст хандаж цаазын ялыг сэргээгээч гэж хэлмээр байна. Олон улсад таалагдахын тулд цаазын ялаас татгалзаад байх асуудал байхгүй” гэв.

                   Монголчууд ташуураа барьж, морио унах цаг болсон

Оюунлаг монгол’ ТББ-ийн тэргүүн Л.Өнөрчимэг “Ээжүүд бид хүүхдийн эрхийн асуудалд хамгийн ихээр санаа зовдог улс. Ойрд хүчин, хүчирхийллийн хар  бараан  хэргүүд ард араасаа гарах боллоо. Хүүхдийг хамгаалах байгууллагууд  нь ажлаа хийхгүй байна. Ийм байдлаас болоод уул усны төлөө тэмцэж явдаг байгууллага, бусад ТББ-тай нийлж үр хүүхдийнхээ төлөө тэмцэхээс өөр ямар ч аргагүй байдалд хүрч байна. Бид улс орон хөгжихгүй байна гэж ярьдаг. Аргагүй ч үгүй. Улсаа удирдаж чадахгүй байна.  

Би ММСУХ-д Монгол хүн байдаггүй юм байна гэж бодоод байгаа. Та нар бодоод үз дээ. Адуучин хүн гэдэг бол морио зайдан унаад, уурга бариад явдаг шилийн сайн эрсийг хэлдэг юм.Гэтэл хятадын лууг малгайн дээрээ шүтээд, магнайн дээрээ алт мөнгө шүр овоолоод, өвөр дүүрэн эрдэнэс даахгүй болтлоо өвөрлөөд гүзээ суучихсан адуучин харсан уу? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та   худлаа хэлээд яваад байх шаардлага байхгүй. Монгол морь хилээр гарсаар л  байгаа. Гарахдаа бүр тамын дээдийг үзэж, тамтаггүй их зовлон үзэж  яргалуулж байна. Бид биет зүйлсийг төрийн хамгаалалтад аваад байдаг. Амьдаараа яргалуулдаг монгол морио хамгаалалтад аваач. Монгол моринд бие даасан хууль хэрэгтэй байна шүү дээ.  Эмээлтийн зах, хил дээр  хичнээн морийг яаж тамлаж байгааг мэдэж байна уу? . Тэмцэх хэрэгтэй  гэж  хэлмээр байна” гэв.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж