Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Туркийн сургуулиудыг тус улсын санд өгөхийг хүссэн талаар Монгол Улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
БНТУ-ын засгийн газар АНУ руу дүрвэн гарсан Фетулла Гуленыг 2016 оны долдугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого явуулсан хэргийн гол зохион байгуулагч гэж сэжиглэдэг бөгөөд дээрх сургуулиудыг Фетулла Гулентэй холбоотой гэж үзжээ. Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр 250 хүн амиа алдаж, 2200 хүн шархадсан байна.
БНТУ-ын Шадад сайд Хакан Чавушолу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа ‘Гулентэй холбоотой турк сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр орны найрсаг харилцаанд саад учруулж болзошгүй. Тиймээс Монгол Улс дээрх сургуулиудыг Туркийн ‘Маариф сан’-д хүлээлгэн өгөх хэрэгтэй” хэмээн хэлсэн гэнэ.
БНТУ 2016 онд Гулентэй холбоотой гадаад дахь сургуулиудыг хаахын тулд тус санг байгуулсан байна. Турк Гулены хөдөлгөөний байгуулсан дээрх сургуулиудыг төрийн албанд нөлөөлөх зорилготой гэж харж байгаа юм.
Монгол Улсын Шадад сайд Ө.Энхтүвшин Туркийн Шадад сайдын хүсэлтийн хариуд “Монгол Улсын Засгийн газар Туркийн талтай терроризмын эсрэг тэмцэхэд үргэлж хамтран ажиллаж ирсэн. Энэ асуудалд анхаарал хандуулан, дээрх сургуулиудыг ‘Маариф сан’-д хүлээлгэн өгөх асуудлыг шийдэхэд шаардлагатай арга хэмжээг авах болно” гэжээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Туркийн таван сургуульд нийт 2000 орчим сурагч суралцдаг байна. Хориод жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн дээрх сургуулиуд шинжлэх ухаан болон англи хэлний хичээл заадаг ажээ.
Эх сурвалж: Xinhua