Дэлхийн аваргын өмнө | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын өмнө

Дэлхийн аваргын өмнө

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны 2018 оны дэлхийн аварга эхлэж байна. Оны оны дэлхийн аварга 21 гараанд зохион байгуулагдах бөгөөд эхний гараа өнөөдөр Австралийн Мельбурн хотын авто тойрууллагад тестийн гараагаар эхлэж байна. Өнөөдөр туршилтын 2 гараа болох бол маргааш туршилтын 1 гараа явагдаад байрлал тогтоох уралдаан явагдана. Ням гаригт дэлхийн аваргын эхний гараа болно. Ингээд дэлхийн аваргын шинэ улирал эхлэж байгаатай холбогдуулан багуудын таницуулгыг хүргэж байна.


Мерседес баг:

  • Нисгэгч: Л.Хэмилтон (#44), В.Боттас (#77)
  • Хөдөлгүүр: Мерседес
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 668 оноогоор тэргүүн байр эзэлсэн

Сүүлийн 4 жил тасралтгүй аваргын цолыг хүртсэн Мерседес баг дэлхийн аваргаа хамгаалан оролцоно. Мерседес баг V6 турбо хөдөлгүүрийг ашиглаж эхэлснээс хойш дэлхийн аварга цолыг бусад багт алдалгүй өөрсдийн хаанчлалыг тогтоогоод байгаа. Энэ багт энэ цаг үеийн хамгийн шилдэг нисгэгч болох Л.Хэмилтон байгаа нь Мерседес багийн энэ улиралд дахин аварга цолыг хүртэх магадлалыг өндөр болгож байна. Багийн №1 нисгэгч Л.Хэмилтон багтайгаа 3 жилийн 120 сая паундын гэрээ үзэглэсэн.

Феррари баг:

  • Нисгэгч: С.Феттел (#5), К.Райкконен (#7)
  • Хөдөлгүүр: Феррари
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 522 оноогоор дэд байранд орсон

Италийн шилдэг баг Феррари 2008 оноос хойш аваргын цолыг хүртээгүй байна. Өнгөрсөн улирлын эхний хагаст тун амжилттай уралдаж багийн нисгэгч С.Феттел бүх нисгэгчдийг тэргүүлж байсан ч улирлын II хагаст Мерседес багийн Л.Хэмилтонд алдсан. Хэдийгээр Феррари баг 2-р байранд орсон ч өнгөрсөн улиралд дүрмийн шинэчлэлээр шинэчилсэн аэродинамик хөдөлгүүр үр дүнгээ өгч зохион бүтээгчдийн цомд мөнгөн медалийг хүртсэн. 2016 онд 3-р байранд орж байсан Феррари багийн хувьд энэ бол эерэг үр дүн байсныг харуулж байна. Дэлхийн 4 удаагийн аварга, багийн №1 нисгэгч С.Феттелийн хувьд Ред Булл багт үзүүлж байсан амжилтаа Феррари багт үзүүлж 5 дахь дэлхийн аварга цолоо хүртэх хүсэл дүүрэн байгаа болов уу?

Ред Булл баг:

  • Нисгэгч: Д.Риккиардо (#3), М.Верстаппен (#33)
  • Хөдөлгүүр: Реногийн TAG Heuer
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 368 оноогоор 3-р байр

Мерседес багт хамгийн хүчтэй, бодитой өрсөлдөөн үзүүлэх баг бол Ред Булл баг юм. Харин Ред Булл баг V8 хөдөлгүүртэй болсон цагаасаа хойш аварга цолыг хүртэж чадаагүй байна. Гэхдээ Ред Булл багийн хувьд хоёр нисгэгч нь улирлын турш жигд сайн өрсөлдөх чадвартай нисгэгчид юм. Өнгөрсөн улиралд залуу тамирчин М.Верстаппен хоёр ч гараанд түрүүлээд үзсэн. Залуу тамирчин М.Верстаппен өмнөх улирлын бүтэлгүйтлээ арилгаж чадвал хувийн төдийгүй багийн амжилтанд эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой.

Форс-Индиа баг:

  • Нисгэгч: С.Перез (#11), Э.Окон (#31)
  • Хөдөлгүүр: Мерседес
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 187 оноогоор 4-р байр

Энэтхэг эзэд багтаа одоо үзүүлж байгаагаас илүү санхүүгийн дэмжлэг үзүүлж чадвал 10 дахь улиралдаа хүч сорьж буй Форс-Индиа баг подьюм дээр гарах боломжтой баг юм. Өнгөрсөн улиралд Монакогийн гранприд С.Перез хамгийн өндөр хурдыг үзүүлсэн нь энэ багт боломж байгаа гэдгийг илтгэж байна. Багийн нисгэгчид хамтдаа улирлын 20 гараанаас 15-д нь шагналын тавцан дээр гарсан. Энэ бол Мерседес, Ред Булл болон Феррари багийн дараа орох өндөр үзүүлэлт байсан юм.

Уильямс баг:

  • Нисгэгч: Л.Стролл (#18), С.Сироткин (#35)
  • Хөдөлгүүр: Мерседес
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 83 оноогоор 5-р байр

Хуучны хүчирхэг Уильямс баг сүүлийн 10 орчим жил аваргын төлөө өрсөлдөх хангалттай хүчтэй биш байна. Харин энэ жил Уильямс багийн техникийн албаны захирал П.Лов аэродинамикийн шинэ туршилтыг амжилттай гүйцэтгэж байгаа. Энэхүү туршилт нь шулуун зам дээр тун амжилттай байгаа тухай мэдээлэл байна. Ийн багийн арын албаныхан машины шинэчлэлд маш сайн анхаарч байгаа ч энэ багт хангалттай өрсөлдөөн үзүүлэх нисгэгчид байхгүй байна. Учир нь Бразилын Ф.Масса зодог тайлж Канад залуу К.Строллтой 22 настай Орос залуу С.Сироткин хамтрах юм. Л.Стролл 2 дахь улиралдаа хүч сорьж байгаа бол С.Сироткин анхны улиралдаа формулад хүч сорьж байна.

Рено баг:

  • Нисгэгч: Н.Хюлкенберг (#27), К.Сайнз (#55)
  • Хөдөлгүүр: Рено
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 57 оноотой 6-р байр

Испаний шилдэг нисгэгч Ф.Алонсогийн үед зохион бүтээгчдийн цомыг хоёронтоо хүртэж байсан Рено баг 2020 хүртэл хэрэгжих урт хугацааны төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Рено баг 2005, 2006 онд дэлхийн аварга цолыг хүртснээс хойш ерөнхийдөө уналтанд орсон. Дундаж багийн нэг болоод буй Рено баг өнгөрсөн улиралд Германы туршлагатай нисгэгч Н.Хюлкенбергийг Британи залуу Ж.Палмертай хамт багийнхаа нисгэгчээр сонгосон ч нисгэгчид хангалтгүй байсан. Ингээд улирал өндөрлөхөөс 5 гарааны өмнө Ж.Палмерыг явуулж Торо Россо багаас Испани нисгэгч К.Сайнзыг авчирсан. К.Сайнз шинэ багийнхаа төлөө 4 гараанд уралдаж 2-т нь онооны бүсэд багтсан. Одоо тэр багтайгаа анхны улирлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Торо Россо баг:

  • Нисгэгч: П.Гасли (#10), Б.Халтли (#28)
  • Хөдөлгүүр: Хонда
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 53 оноотой 7-р байр

Формула-1 уралдаанд Японы “Хонда” компаний хөдөлгүүрийг ашиглаж буй цорын ганц баг бол Торо Россо баг юм. Өнгөрсөн улирлын турш олон ч нисгэгч солиод амжсан Торо Россо баг тийм ч хүчтэй өрсөлдөөн үзүүлэхүйц багийг бий болгож чадаагүй байна. Харин Испанид болсон туршилтын үеэр тун боломжийн цагийн амжилт үзүүлж байсан. Японы “Хонда” компани өнгөрсөн улирал МкЛарен багтай хамтарч ажилласан ч бүтэлгүйтсэн. Иймд МкЛарен баг энэ улирлаас Францын “Рено” компантай хамтран ажиллах болсон. Харин энэ улиралд Торо Россо болон Хондагийн хамтын ажиллагаа ямар үр дүн үзүүлэхийг харах л үлдэж байна.

Хаас баг:

  • Нисгэгч: Р.Грожан (#8), К.Магнуссен (#20)
  • Хөдөлгүүр: Феррари
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 47 оноотой 8-р байр

Формула-1 уралдааны хамгийн залуу баг Америкийн Хаас баг 3 дахь улиралдаа хүч сорьж байна. Багийн шинэчлэл төдийлөн сайнгүй, өнгөрсөн улирал гэхэд л тормосны асуудалтай мөн дугуйтайгаа бүрэн гүйцэд ажиллаж чадахгүй байсан. Иймд багийн хувьд техникийн ажил бүхий л талаар өсөн дэвжих шаардлагатай байгаа. Багийн нисгэгчдийн хувьд харьцангуй туршлагатай нисгэгчид юм.

МкЛарен баг:

  • Нисгэгч: С.Вандорн (#2), Ф.Алонсо (#14)
  • Хөдөлгүүр: Рено
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 30 оноотой 9-р байр

Арвин баялаг түүхтэй Их Британи улсын МкЛарен баг одоогоос 20 жилийн өмнө дэлхийн аварга цолыг хүртэж байсан бол энэ багаас хамгийн сүүлд 2008 онд Л.Хэмилтон дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Гэвч яг одоо формула-1 уралдаанд оролцож буй багуудаас чөлөөт уналтыг хийж буй ганц баг нь МкЛарен болоод байна. Ялангуяа багийн хувьд Японы “Хонда” компанитай хамтарч ажилласан 3 жил нь хамгийн буруу байсан гэдгийг өнгөрсөн 3 жилийн үр дүн харуулсан. Иймд МкЛарен баг энэ жил Францын “Рено” компаний хөдөлгүүрийг ашиглахаар болсон. Ямартаа ч энэ улиралд формула-1 уралдааныг орхиж магадгүй болоод байсан МкЛарен баг шинэ улиралдаа бэлэн болоод байна.

Заубер баг:

  • Нисгэгч: М.Эрикссон (#9), Ч.Леклер (#16)
  • Хөдөлгүүр: Феррари
  • 2017 онд үзүүлсэн амжилт: 5 оноотой сүүлийн байр

Энэ цаг үед хүч сорьж буй багуудаас хамгийн хангалтгүй үзүүлэлттэй баг бол Швейцарын Заубер баг юм. Тэд сүүлийн 2 улирал хамгийн сүүлийн байранд орсон. Энэ багаас хүлээх хүлээлт бараг л байхгүй болов уу? Багийн эзэн Франц эрхэм Ф.Вассер багийг ямар түвшинд аваачиж чадахыг харах л үлдэж байна. Швед нисгэгч М.Эрикссоны хамтрагчаар Польш нисгэгч Ч.Леклерийг сонгосон. Ч.Леклер бол анх удаагаа формула-1 уралдаан уралдах гэж байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж