Ц.Сандаг-Очир: Багануурт “Оюутны хотхон” байгуулах нь олон талын ашигтай

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Ц.Сандаг-Очир: Багануурт “Оюутны хотхон” байгуулах нь олон талын ашигтай

Ц.Сандаг-Очир: Багануурт “Оюутны хотхон” байгуулах нь олон талын ашигтай

“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт өчигдөр Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулагдсан. Бизнес уулзалтын үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Уулзалтад зарим орны элчин сайд, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид оролцож дүүргийн талаар мэдээлэл авахаар ирлээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бололцоо, дэд бүтцийн хүрэлцээ хангамж Багануур дүүрэгт бүрдэж байна. 2017 оны 12 дугаар сард Багануур дүүрэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “2030 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гөө батлуулсан. Хэсэг яригдаад байсан “Оюутны хотхон”-ы асуудал дахин сэргэж байна. Цаашид Багануур дүүрэгт нийслэлийн төвлөрөлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох ажлын хүрээнд “Оюутны хотхон”-ы асуудлыг зайлшгүй ярих ёстой. Энэ тал дээр яамнаас баримталж байгаа бодлого бий. Тийм учраас энэ асуудлыг дахин тавьж байна. Тэр дундаа ШУТИС-ын байрыг эхний ээлжинд байгуулах бололцоо боломж бий гэж үзэж байна. Энэ хүсэл сонирхлыг дүүрэгтээ бий болгож хөрөнгө оруулагчдыг татах тэр хэрээр дүүрэг орон нутгийн иргэд ажилтай орлоготой болно. Гол нь иргэдийн тогтвортой ажлын байраар хангагдах боломжууд бүрдэх учраас энэ уулзалт чухал ач холбогдолтой” гэж ярилаа.

Дүүргийн эдийн засагт уул уурхай чухал байр суурь эзэлдэг. “Багануур” ХХК Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувийг, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн юм. Уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжих энэ төсөл хэрэгжсэнээр төвийн бүс, дорнод, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болох юм. Өнгөрсөн онд эхлүүлсэн төслийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж