“Ганцхан хувь” буюу бодлогын хүүгийн “болзол” нь юу байв

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

“Ганцхан хувь” буюу бодлогын хүүгийн “болзол” нь юу байв

“Ганцхан хувь” буюу бодлогын хүүгийн “болзол” нь юу байв

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ “цочтол” бууруулж 10 хувь болголоо. Үнэндээ ганцхан пунктээр бууруулахад юу нь болохгүй гэж. Гэвч орон зай, мэдрэмжийн хувьд арай дутуу үнэлсэн байж болох тал ажиглагдаж байна.

Бодлогын хүүг бууруулах гоё л доо. Тийм орон зай байвал бүр ч “гоё”. Энэ бол эерэг дохио. Гэхдээ ханшаа хүчтэй буулгаж, улирлын төсвийн орлогууд давж гарсаар байгаа энэ нөхцөлд айсуй эрсдлүүдээ тооцоолсон бол тийм ч зөв “эмчилгээ” биш гэдэг нь тодорхой байсансан. Харин ч өнгөрсөн хугацаанд “чангалж байсан бүсээ тайлж” чамгүй бэрхшээл туулж үр дүнд хүрсэн “эмчилгээгээ зогсоов”. Энэ аюултай биш гэж үү. Нарийн яривал 8.1 хувийн инфляц гэдэг бол “зорилтот түвшин” хэтэрсэн шүү гэх анхааруулгын эхний алхам. Энэхүү бутархай тоо гэрлийн хурдаар хэрхэн өгсөхийг хаана, хаанаа таамаглаж л байсан болов уу.

Мөнгөний бодлогын хүүг “Ганцхан хувиар” бууруулсны үр дүн дөрвөн улирлын дараах зах зээлд мэдрэгдэнэ гэж үзвэл ирэх хаврын өдийг хүртэл юу болохыг таамаглаж гаргах шийдвэр юм. Зээлийн хүүнд эергээр нөлөөлж чадах байх. Гэхдээ бодлогын хүү гэдэг бол суурь өртөг. Зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн нэгдүгээр сард 13.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн хамгийн сүүлийн дүн мэдээтэй байна. Энэ үзүүлэлт хоёрдугаар сард өссөн үү. Хадгаламжийн хүү бол одоо байгаагаас буурах “орон зай” харагдахгүй байна.

Бодлогын хүүг бууруулж, энэ шийдвэрээ эдийн засгийн “буруу бүтэц”-ээсээ ангид тайлбарлах гэвэл цагийн зүүг буруу тийш хүчээр эргүүлэхтэй төстэй харагдана. Өнөөдөр эдийн засгийн өсөлтийг өөрсдөө удирдах боломжгүй болж, уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний үнэ ханшаас 80 хувь хамаарахуйц болгосны бурууг “гэнэт” засах аргагүй. Тиймээс бодлогын хүүг өсгөсний эсвэл бууруулсны шалтгааныг Төв банкнаас “хайх” нь утгагүй болчихоод байна.

Өнөөдрийн байдлаар бодлогын хүүг бууруулж байгаа шалтгаанаа төлбөрийн тэнцлээс, эсвэл гадаад тэнцэл дээр ирэх дарамт зөөлөрч байна, хөршүүдийн болон гол түншийн эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байна гэхчлэн ийш тийш саравчлан харж “өвчнөө оношлох нь гэнэн хэрэг. Эмчилгээ үр дүнгүй болбол газрын зураг руу заах уу, хөрөнгийн биржүүдийг буруутгах уу. Монгол бодлого Монгол руугаа чиглэсэн, тэр ч байтугай Монголынхоо алдаа, оноог тооцоолсон байх учиртай.

Өнгөрсөн онд учирсан дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн тогтолцооны хямрал, эдийн засгийн уналт, үүнээс үүдсэн нийгмийн тогтворгүй байдалд ч хүрэхүйц тэр нөхцлүүд бүрмөсөн дайжин одсон уу. Эсвэл “ОУВС”-г мөнхийн зөвлөгч, хамгаалагч гэж үзэв үү. Том сорил тулгарахад “Бид зөвлөсөн” гээд алсрах тэднээс илүү хариуцлага хүлээх объект бол Төв банк. Айсуй өрийн дарамтууд, энэ хавраас эхлээд ирэх намар ихээхэн ачаалалтай байж мэдэх төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд, улирлын сезонтой холбоотой дарамт, хавар хаварт учирдаг нийлүүлэлтийн гаралтай инфляци, хөрөнгө оруулагчдыг угтах зээлжих зэрэглэлийн үзүүлэлт гэхчлэн бидний “танил эрсдэл”-үүд хаашаа ч одоогүй хажууд буй.

Тэр ч байтугай улс төрийн зорилгоор, нэр хүндээ өсгөх гэж эдийн засгийг золиосолдог “золбин шийдвэрүүд” ч батлагдах гарц, дэмжлэг эрэн сүвэгчилж байна. Цалингаа дахин нэмүүлэх гэсэн багш нар, тэтгэврийн доод хэмжээг нэмэх Ерөнхийлөгчийн “санаачилга”-аас эхлээд бусад шийдэл инфляцид, эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Үүнийг зэсийн ханш, Хятадын эдийн засгийн өсөлт, бүр цаашлаад АНУ, Хятадын харилцаа гэхчлэн хэрэн тэнүүчилсэн тайлбараас арай бодитойгоор дүгнэж бодлогоо тодорхойлох нь чухал. Наад зах нь төсвийн алдагдал зургаан хувьд хүрэх үү.  Хөрөнгө оруулалтыг дэмжихэд эергээр нөлөөлөх “Ганцхан хувийн бууралт” зорьсны эсрэг үйлчлэл үзүүлэх, эсвэл улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргасан мэт үр дүнд хүрэх юм биш биз гэсэн “цочрол”-ыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Тухайлбал Засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа бодлого, ойрын үед гаргахаар төлөвлөж буй шийдвэрт эерэг зөөлөн уур амьсгал “дэвсэж” өгөх болзолтойгоор нөхцөл байдлаас арай ангид, “бай”-гаа оноогүй шийдвэр гаргачихсан юм биш биз. “Хүү буугаад л байвал олон нийт таатай байна” гэхээсээ илүү ямар шийдвэр гарвал гэнэтийн буюу айсуй эрсдлээс олон иргэний амьжиргааг хамгаалах вэ. Яавал инфляци өсөхөд хамгийн орлого багатай иргэд хамгийн их ачааллыг үүрэхгүй байх вэ гэдэг талаас нь харж тооцоолсон байгаасай. Энэ талаар эдийн засагчид санал бодлоо шивнээ хэлбэрээс арай өргөн цар хүрээтэй ярьж үзэл бодлоо илэрхийлэх биз ээ гэж найдаж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж