Роботын тусламжтайгаар саажилттай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Роботын тусламжтайгаар саажилттай тэмцэж байна

Саа өвчний улмаас гарын хөдөлгөөн, үйл ажиллагаа муудсан хүмүүсийг тусгай зориулалтын роботын тусламжтайгаар эмчлэх туршилт явуулжээ. Роуд Айландын Брауны их сургуулийн судлаачид Их британид гурван сарын хугацаанд робот байрлуулж, туршсаны дүнд саажилттай өвчтөнгүүдийн гарын ажиллагаа сайжирч байгааг тогтоосон байна. Уг төхөөрөмжийг ашигласан Британийн эмч мэргэжилтнүүд үр дүнг нь сайшаасан боловч цаашид роботын үйл ажиллагаа, чадварыг илүү хөгжүүлэх тал дээр анхаарах шаардлагатайг онцолжээ. Саа өвчний улмаас өвчтөн урт хугацаанд хөдөлгөөний чадваргүй болохоос гадна дээд мөчний хэвийн үйл ажиллагаа алдагддаг байна.
Робот эмчийн тухайд MIT-Manus нэртэй бөгөөд дээд мөчний хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан өвчтөнгүүдэд зориулагдсан юм. Өвчтөн ширээний урд суугаад гараа робот дээр байрлуулах бөгөөд зааврын дагуу гараа хөдөлгөж, чухал шаардлагатай хөдөлгөөнүүдийг гүйцэтгэнэ. Харин роботын зүгээс тэдний хөдөлгөөнийг мэдэрч, шаардлагатай үед туслалцаа үзүүлэх юм. Туршилтанд дунджаар таван жилийн өмнө саа өвчин туссан 127 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрийг гурван бүлэгт ангилжээ. Эхний бүлэг хүмүүсийг роботын тусламжтай гурван сарын хугацаатай эмчилгээнд, хоёр дахь бүлэг хүмүүсийг эмчийн хяналтан дор эрчимт эмчилгээнд, харин үлдсэн бүлэг хүмүүсийг энгийн физик эмчилгээнд хамруулсан байна. Гэтэл “роботын” бүлэг нь маш богино хугацаанд сайжирч, үр дүн нь илт байсан бөгөөд тэд хутга, сэрээ барих, ундаа онгойлгох, гутлаа үдэх зэрэг ойр зуурын үйлдэл хийхэд гар нь саатахааргүй болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж