“Монголын эдийн засгийн форум 2018” чуулга уулзалт энэ сарын 28-нд болно.
Төр, хувийн хэвшлийг холбосон энэхүү чуулганаар олон нийтээр хэлэлцүүлж байгаа Татварын хуулийн шинэчлэлээс гадна агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг олон асуудлыг хөндөж ярих аж. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн танхим эдийн засгийн бодлогоо зарлана гэсэн хүлээлт байна.
Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдийн засгаа хямралаас гаргах зорилтыг нэн тэргүүнд тавьж, амар биш хэд хэдэн шийдвэрийг гаргасан байдаг. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг эерэг утга зааж, төсвийн алдагдал буурч, өрийн удирдлага чанаржиж, төгрөгийн ханш тогтворжсон. Тухайлбал, Монгол Улсын зээлжих чанар сайжирсан нь олон улсад зарлагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт бодитой хүргэх, төрийн засаглалын шинэчлэлийг нэн даруй хийх нь Монгол төрийн дараагийн хариуцлагатай ажлууд байх учиртай. Тиймээс дээрх чуулга уулзалтаар ирэх жилүүдэд эдийн засагт ямар эерэг үр дүн гарах вэ гэдгийг урьдчилан харах прогноз болно.
Г.ХОРОЛ