Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 8000 гаруй аж ахуйн нэгж гаднаас ажиллах хүч авдаг ажээ. Эдгээр аж ахуйн нэгж хоёр жилийн өмнө буюу 2016 онд 28 мянган ажиллах хүчин авсан байна. Энэ тоог 50 хувиар цөөлөх Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил 30 хувиар бууруулж энэ тоог 19 мянга болгосон. Харин энэ жил 20 хувиар бууруулах гэнэ. Гаднаас ирж буй ажиллах хүч барилга, уур уурхайн салбарт түлхүү ажилладаг юм байна.
‘Гадаадын ажиллах хүчний бодлого, чиглэл, авах арга хэмжээ’ сэдэвт уулзалт өнөөдөр /2018.3.23/ боллоо. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаныхан, гаднаас ажиллах хүч авч буй 80 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар гадаадын ажиллах хүчний чиглэлд баримтлах бодлого, авах арга хэмжээ зэргийг танилцуулж, гаднаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүн зэргийг танилцуулсан юм.
Өнгөрсөн жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран гаднаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжийн хуулийн хэрэгжилтэд шалгалт хийжээ.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тодруулбал, ажиллах хүчийг анх оруулж ирж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан компани нь ажиллах хүчээ өөр компанид шилжүүлэх, гэрээнд зааснаас өөр ажил хийлгэх, мөн гэрээнд заасан хаягаас өөр газар ажиллуулах зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс эдгээр зөрчил илэрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болжээ.
Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул “Гадаадаас орж ирж буй ажилчид нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлдөггүй зөрчил илэрсэн. Тодруулбал, 1182 гадаадын иргэн 2.4 тэрбум төгрөгийн хүн амын орлогын албан татвар төлөөгүй байна.
Мөн шалгалтад нийт 42 аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 17 байгууллага 770.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйд бид акт хүргүүлж алданги тооцсоноор аж ахуйн нэгж, байгууллагууд 550 гаруй сая төгрөгийг эргүүлэн төлж зөрчлийг арилгасан” гэв.
Р.Ренчиндулам