Их хамбын мэлмий гийсний 110 жилийн ой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Их хамбын мэлмий гийсний 110 жилийн ой боллоо

Их соён гэгээрүүлэгч, номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав агсны мэлмий гийсний 110 жилийн ойн баярын урилга манай сонины редакцид иржээ. Энэхүү эрхэм хүмүүний ойн баярын үйл ажиллагааг сурвалжлахаар энэ сарын гуравны үдэш Баян-Овоо сумыг зорилоо. Шөнө явсан болохоор хагас дутуу үүргэлсээр нутгийн айлд очоод хоёр цаг гаруй гүн нойронд автжээ. Урилга заллага, унаа унаш бүгдийг чадах чинээгээрээ зохицуулсан Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар гэх төлөв түвшин хүмүүн үүрийн цагаан гэгээнээр сурвалжлагч, дуучин хоёроо авахаар иржээ. Номч мэргэн гавж С.Гомбожав агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү нар нийлсэн 30 гаруй хүн, мөн хол ойроос зорьсон сүсэгтэн олон гээд хүрэлцэн ирсэн хүмүүс цөөнгүй байв. Сумын ЗДТГ-ын үүднээс гуч гаруй машины цуваа хөдөллөө. Ийнхүү олон машины цуваа  их хамбын төрсөн газар болох, сумаас баруун тийш 16 километрт байдаг “Өндөр дэгт” хэмээх газар нар мандахаас өмнө амжиж хүрэхээр зорьж буй нь энэ юм. Олон машины тоос нэг нэгнээ бүрхсээр, олон арван сүсэгтэнгүүд төрсөн газарт нь очихоор яарсаар яваа нь их хамбын ямархуу нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүн байсныг илтгэх мэт.

Номч мэргэн гавж Самаагийн Гомбожав агсны төрсөн газар “Өндөр дэгт”-д ирэхэд их хамбад зориулсан суварга бүхий дурсгалын самбартай цогцолбор газрынхаа хойт хэсгээр туузан хүрээ татсан байв. Хүрээг холуур татсан байсан нь их хамбыгаа хүндэтгэн үзсэн төдийгүй дэг журам, зохион байгуулалт сайтай харагдаж байлаа. Сайхан монгол дээлээрээ гоёсон сүсэгтэн олныг машинаас буугаад их хамбын цогцолбор газар руу алхаж явах агшинд шингэн тунгалаг өглөөний наран шивээн толгой гялбуулсаар мандаж эхэллээ. Цогцолбор газарт ирэхэд түрүүлж ирсэн нутгийн хүмүүс ёслолын үйл ажиллагааг нээхэд бэлэн болгоод зочдоо хүлээж байв. Энэхүү цогцолборын нээлтийг Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дэд дарга Д.Баянмөнх, Баян-Овоо сумын Засаг дарга Н.Бямбабатжил, ИТХ-ын дарга Д.Ганбаатар, ЕБС-ийн захирал Болормаа нар ёслол төгөлдөр эхлүүлж, сүсэгтэн олон талархан хүлээн авлаа.

Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав “Миний багш Дэлхийд нэрд гарсан шашин энх тайвны нэрт зүтгэлтэн хүн байсан. 1960-1970 онд Олон улсын шашны Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг санаачлан зохион байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Монголын бурхан шашинтны нэрийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан эгэл бус хүн байлаа. Олон улсын хурал чуулган зохион байгуулж, нэртэй эрдэмтэн мэргэдийг урьж авчирснаар Монгол Улсаа  дэлхий нийтэд уламжлалт шашинтай орон болохыг харуулсан асар том гавьяа байгуулсан хүн дээ” хэмээн дурсан ярив.

Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар “Их хамбынхаа нэгэнтээ өгүүлсэн Зэвсэг барьсан тэмцэгч нар цэцэг барин золгох болтугай гэсэн гайхалтай үгийг иш татаж энэхүү энх тайвныг эрхэмлэгч, энэрэнгүй ёсыг дээдлэгч, хотол буяныг түгээн дэлгэрүүлэгч их эрдэмт эгэл бус хүмүүнийхээ төрсөн газарт босгож буй хүндэтгэлийн дурсгалт  цогцолборийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт сүсэгтэн олондоо машид талархаж буйгаа уламжлахад таатай байна” хэмээгээд Номч мэргэн гавж С.Гомбожав агсны тухай намтар түүхээс танилцуулав.

Ийнхүү төгс буянт шинэ зурхайн ёсны зуны илүү адаг сарын шинийн тавны цагаагчин туулай өдөр цогцолборын нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж, тууз хайчлах ёслол үйлдэв. Дараа нь сүсэгтэн олон суварга овоонд идээ будаа өргөж, их хамбын дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлээд дурсамж зураг татуулж харагдлаа. Их хамбын удмын хүмүүс сүсэгтэн олонд өөрсдийгөө танилцуулаад, том охин Г.Алтанчимэг, их хамбын дүү болох Осорын хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Галт нар бусдыгаа төлөөлөн талархал илэрхийлж, хүрэлцэн ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Энэхүү цогцолборын нээлтэд зориулж, их хамбын төрсөн газрыг хүндэтгээд Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин МУСТА Б.Цэнд-Аюуш, чөлөөт залуу уран бүтээлч дуучин Б.Мөнхбаяр нар уул ус сэргэтэл аялгуу дуугаар эгшгэн хадаг өргөлөө. Энэхүү бүтээн байгуулалтыг Баян-Овоо сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Өндөрхаан хотын нутгийн зөвлөл, Хан шашир ХК-ийн ивээн тэтгэлгээр бүтээн босгожээ. Цогцолборын нээлтэд зориулж Дашчойлон хийдийн лам нар ном хурж “Өндөр дэгт” дэх ёслолын үйл ажиллагаа ийнхүү өндөрлөж сүсэгтэн олон сумынхаа зүгт жолоо эргүүллээ.

Энэхүү ойд зориулсан хүндэтгэлийн буян номын хурал наадмын талбайд нь болж Дашчойлон болон Шадавдаржаалин хийдийн лам нар Жамсран сахиус тахиж, хийморийн сан, даллага авч маанийн ерөөл айлтгав. Сүсэгтэн олон идээ будаатай очиж,  даллаганы уут савандаа идээ цагаа нэмлээ. Энэ сумын ЕБС нь 2005 онд Засгийн газрын 230-р тогтоолоор Номч мэргэн гавж С.Гомбожав агсны нэрэмжит сургууль болсон ажээ. Тус сургуулиас 110 хүүхэд хүндэтгэлийн жагсаалд оролцож сургуулийнхаа сүлд дууг дуулж, урлагийн тоглолтоор бэлэг барив. Мөн их насны морьдын уралдаан, 32 бөх зодоглосон үндэсний бөхийн барилдаан болж, сүсэгтэн олноо цэнгүүлж, уул усаа баясгалаа. Энэ үеэр Түмэн эх чуулгын цамын бүжигчид ирж авьяас билгээ сонирхуулсан бол Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, мөн хотоос ирсэн чөлөөт уран бүтээлч Б.Мөнхбаяр, Б.Пүрэвсэнгэ нарын хамтарсан урлагийн тоглолт болов.

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга Д.Баянмөнх санаачлан өөрийн төрөл төрөгсөд ах дүү, хамаатан садныхаа дэмжлэгээр хандив хөрөнгө цуглааж, Буян номын өргөөндөө найман сая төгрөгөөр засвар тохижилт хийлгэсэн төдийгүй “Номун суварга” хэмээх их хамбын тухай номыг 300 ширхгийг хэвлүүлж сүсэгтэн олны гар дээр тавилаа. Их хамбын мэлмий гийсний 110 жилийн ойд зориулаад Өндөрхаан хот дахь нутгийн зөвлөл 500 мянган төгрөг, “Хан шашир” ХК хоёр сая төгрөг, мөн нутгийн сүсэгтэн олны хандиваар энэхүү цогцолборыг бүтээсэн байна. Ийнхүү Баян-Овоочууд их хамбынхаа мэлмий гийсний 110 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, буян ном хураан, уул усаа аргадаж, ухаант мэргэдээ дээдлэн тахилаа.

“Хэнтийн мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж