Бөхийн өргөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хаалга эвдэн оржээ. Бяртай эрчүүдийн “гэрийг” эвдэхэд тулсан ямар шийдвэр байсан болоод яаран гардуулахаар улайрсан юм бол. Энэ шийдвэр бол Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх бямба гаригт хуралдуулахаар шийдвэрлэсэн “Их эе” ээлжит их хурлыг гурван шатны шүүхээс “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр аж. Шийдвэрийг нь Р.Нямдорж дургүйдээ биш “Их эе” хуралдаа бэлдээд завгүйдээ аваагүй, ирэх даваа гаригт авъя гэж хойшлуулсан юмсанж.
Удаа дараагийн “Их эе”-ийн үеэр хүндлэл хүлээсэн бөхчүүд үндэсний бөхийг жигштэл хэвлэл мэдээллээр хэрүүл шидэлцэх болсон. Энэ удаад хууль сахиулах байгууллага, гүйцэтгэх албаныхан оролцсон “Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тамга, тэмдгийг яаран авах ажиллагаа” болж өөрчлөгдсөн аж. Яагаад хуульд заасан цаад хугацаа нь болоогүй байхад ингэтлээ тамганы төлөө яарав.
МҮБХ-ны тэргүүний эрх мэдлийн цаадах гол үнэт зүйл нь юу юм бэ. “Олон түмнийг цэнгүүлдэг ажил” гэх бөхийг барилдуулах явдал уу. Бөхийн өргөөг “эзэмших”, түрээслэх эрх үү. Эсвэл бөхчүүд өөрсдөө үнэт зүйл нь болж таарах уу.
МҮБХ-ны тэргүүнээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон гэх шийдвэр МҮБХ-ны дүрэмд заасан “Их эе”-ээр лав томилогдоогүй юмсанж. Шүүхийн шийдвэрээр гэх боловч одоогоор ил дэлгэгдсэн шүүхийн шийдвэрийг хэн ч олж хараагүй байна. Бөхийн холбооны энэ маргаан “бүтэн аягагүй” үлдсэн айл мэт сэтгэгдэл төрүүлж хагарал бутралын уур амьсгал авчирч байгаад бөхчүүд ч, бөх сонирхогчид ч дургүй байна. Тэр тусмаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчид энэ маргааныг, аль нэг талын хэт улайрлыг өөгшүүлэн орж ирэв. Тэд эрчүүд байсан. Гэтэл төмөр мунаар монгол гэрийн дүрээр дүнхийж байдаг Бөхийн өргөөг балбаж үүд хаалгыг эвдсэн нь хууль хэрэгжүүлэх ажиллагаа гэхэд арай л бүдүүлэг ажиллачихав уу даа. Товчхондоо Р.Нямдоржийн “Бөхийн өргөөг” Ц.Нямдоржийн удирдлага дор ажилладаг албан хаагчид эвдэж үүрэг гүйцэтгэлээ, зөв үү.
МҮБХ-ны дүрмийн 10 дугаар зүйлд “Монгол бөхийн өргөө нь Монголын Үндэсний бөхийн холбооны өмч мөн”, 10.2-т “Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно”, 10.3-т “Монгол бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг “Их эе”-ээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Хандиваар гэдэг ч 526 хүн л хандиваа өгсөн нь Бөхийн өргөөг барьж дуусгахад яагаад ч хүрэхгүй барилгын ажил зогсоход хүрээд байжээ. Энэ үед тухайн үед УИХ-ын олонхийн бүлгийн даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж нэг удаа бөх үзэж сууснаа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид “Дэлхийн жишигт ард түмэн санаачилгаараа 40 хувийг нь шийдчихсэн байхад төр засаг нь дэмждэг юм шүү дээ” гэчихсэн юм байна. Үүнээс Р.Нямдорж ‘Барилгын ажлын 70 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилтийнхээ 50 хувийг шийдчихсэн юм чинь төрд хандаж болох юм байна гэж бодоод Улсын бага хурлын дарга Р.Гончигдоржтой уулзаж АН-ын олонхийн бүлгээр хэлэлцүүлж 800 сая төгрөг шийдэж өгсөн юм билээ. Тэр мөнгө нь бол төсвийн хөрөнгө. Тэр тусмаа “хоёр шатлалтай татварын тогтолцоо нэвтрүүлнэ” гэж төсөвт тусгасан дөрвөн тэрбум байсан нь эрх зүйн хувьд боломжгүй болж хойшлогдоод дахин хуваарилахад түүнээс 800 сая төгрөгийг Монгол бөхийн өргөө төсөлд зарцуулахаар болжээ. Тэр нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар МҮБХ гэдэг ТББ-ын өмч юмсанж. Тэгвэл “Нямдоржийн” Бөхийн холбоо, “Нямдоржийн” Бөхийн өргөө” байлгамааргүй байгаа бол “Их эеэр” Р.Нямдоржийг тэргүүн байлгахыг “болиулах”, “солиулах”-аас өөр гарцгүй байдаг аж.
Ингээд өнөөх “Их эе” хуралддаг дараа нь их хэрүүл, заримдаа их зодоон гардаг болоод удлаа.
Яагаад 1998 оноос хойш ажлаа өгье гээд байсан Р.Нямдорж гэдэг хүнийг тавьж явуулаагүй ч хууль, шүүхийн шийдвэргүйгээр “яллаад” байдаг юм бол. Жишээ нь 2010 онд хуралдахад 30, 40-өөрөө ирдэггүй, ирсэн нь өрсөлдөгчгүйгээр Р.Нямдоржийг сонгоод байж. Хурал хаядаг 30 нь Р.Нямдоржийн эсрэг бололтой юм. Энэ талаар Р.Нямдоржоос лавлахад “Би ажлаа өгнө. Өгөхдөө цоож эвддэг хүмүүст өгөхгүй. Тэгж өгч болохгүй шүү дээ” гэсэн юм.
Нэг сонирхолтой тоог дурдахад, Бөхийн өргөөг анх байгуулахад Р.Нямдорж тэргүүтэн хувиасаа 500 төгрөг өгчээ. Бөхийн өргөөгөө барьж дуусгаад, холбооны ажлаа хийсээр одоо МҮБХ, Бөхийн өргөө нийлээд гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй айл болсон байна. Үүн дотор өнөөх төсвөөс өгсөн 800 сая төгрөг ч яваа. Харин одоо МҮБХ “сонирхол” татаж эхэлсэн. Бүр “шарк”-уудын саналыг татаад байгааг бодоход “ашигтай бизнес” гэж харжээ дээ, тийм үү.
Асуудлыг нөгөө талаас нь харъя. Муугаар бодоход “Хэрэв Бөхийн өргөө шатвал яах вэ”. МҮБХ-ны өмч гээд хуучин, шинэ хоёр тэргүүн нь уралдаад төлөх үү. Эсвэл “чи эзэн нь биз дээ” гээд дундаа шидэлцэх үү. Хэний ч биш олны хандиваар боссон гээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу. Энэ мэтчлэн асуудалд шударгаар хандах цаг болжээ. Холбоонд нь шунаж байгаа бол яаж шинэчлэх гээд байгаагаа, өмчийг нь харамлаад байгаа бол хямгадаж, хариуцлага хүлээж чадна гэдгээ тодорхой тайлбарлахгүйгээр холбооны тэргүүн мөн, биш гэх хоёр этгээд Монголын бөхчүүдийг хагалж бутаргаж, өөр хооронд нь тэмцэлдүүлж байгаа нь, түүндээ хуулийн байгууллагыг татан оролцуулж төрийн эрх мэдэл, сүр хүчээр бярдаж эхэлсэн нь туйлын зохимжгүй үйл явдал боллоо. Үүнээс үүдэн ирэх бямба гаригт товлоод байгаа “Их эе” хуралдах уу, Хуралдвал элдэв үймээн дэгдэх үү гэдэг болгоомжлол үүсээд байна.