Мартин Фуркад шинэ рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Мартин Фуркад шинэ рекорд тогтоолоо

Мартин Фуркад шинэ рекорд тогтоолоо

ОХУ-ын Тюменьд биатлоны дэлхийн цомын 2017-2018 оны улирлын сүүлчийн гараа эрэгтэйчүүдийн 10 км-н ойрын зайн спринт уралдаанаар эхэллээ. Тус гараанд дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Францын М.Фуркад түрүүлж энэ улиралд спринт уралдаанд 2 дахь удаагаа тэргүүллээ. Энэ улирлын хуваарьт спринт уралдаан 8 гараа зохиогдож байгаагаас Й.Бьо 3, Т.Бьо 1, А.Шипулин 1, Х.Л’Абу-Лунд 1 удаа түрүүлсэн бол М.Фуркад 2 гараанд түрүүлж байна. Мөн тэрээр тус гараанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн цомд сүүлийн 7 жил тасралтгүй хүртэж биатлоны спортын түүхэнд шинэ рекорд тогтоолоо. М.Фуркад биатлоны дэлхийн цомд Оле Эйнар Бьорндален, Шведийн Магдалена Форсберг нарын хамтаар 6 улирал тэргүүлээд байсан. Тэгвэл энэ жил М.Фуркад амжилтаа 1-ээр ахиулж 7 жил дэлхийн цомыг хүртэж байна.

Эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдааны ТОП-10

  1. М.Фуркад (Франц) – 25 мин 49.0 сек (0-0)
  2. С.Дестье (Франц) +33.2 сек (0-0)
  3. Ф.Линдстрём (Швед) +33.5 сек (0-0)
  4. А.Расторгуев (Латви)
  5. Э.Лессер (Герман)
  6. М.Цветков (Орос)
  7. К.Майн-Фийон (Франц)
  8. А.Пайффер (Герман)
  9. А.Логинов (Орос)
  10. А.Шипулин (Орос)

Энэ өдөр Норвеги, Итали болон Австрийн тамирчдаас ТОП-10-т багтаж чадаагүй нь тун сонирхолтой үйл явдал байсан юм. Дэлхийн цомын төлөө М.Фуркадтай өрсөлдөж буй Норвеги залуу дүү Й.Бьо энэ өдөр 2 ч сум алдаж ердөө 14-р байранд орсон. Түүний хувьд энэ улиралд спринт уралдаанд маш амжилттай уралдаж байсан. Гэвч сүүлийн үед үзүүлж буй уралдаан нь түүнийг болор цомын төлөөх өрсөлдөөнийг орхиход хүргэсэн. Тюменд спринт, хөөх болон масс старт гэсэн хувийн гараанууд зохиогдох бөгөөд үлдсэн гараануудаас Й.Бьд болор цомыг хүртэх боломжийг нэгэнтээ үгүй болгож М.Фуркад дэлхийн цомын тасралтгүй 7 улирал хүртэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж