“Энержи Ресурс” компани Монголын нүүрсний экспортын үнийг хамгийн өндрөөр тогтоосон рекорд амжилтыг үзүүлжээ. Үүнийг тус компанийн 2017 оны санхүүгийн тайлангаас харж болно. “Энержи Ресурс” компани нүүрсийг Монголдоо боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортолдог. Иймээс 2017 онд нүүрсний борлуулалтын үнийг өнгөрсөн оныхоос 70 орчим хувиар өсгөж, дунджаар 130.3 ам.долларт хүргэсэн байна.
Мөн тус компани өнгөрсөн онд 310 сая ам.доллар буюу 760 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ эерэг үзүүлэлт Энержи Ресурс нүүрсийг дотооддоо боловсруулж баяжуулан, нэмүү өртөг шингээдэгтэй шууд холбоотой.
“Энержи Ресурс” компани 2017 онд нийт 8.3 сая тонн нүүрс олборлосон байна. Үүний 8 сая тонныг дотооддоо боловсруулж, 4.4 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь 476 сая ам.доллар буюу 2017 оны дундаж ханшаар 1.2 их наяд төгрөгийн экспортын орлого болж эдийн засагт орсон байна. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж гадны зах зээлд борлуулах нь өндөр үр ашигтай гэдэг нь Энержи ресурсын тайлангаас харагдаж байна.