Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

Баривчлагдсан И Мён-Баг гэж хэн бэ?

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён-Багийг авлига, хээл хахуулийн хэргээр өчигдөр (2018.03.22) баривчлан, хорьсон нь улстөрч лидер авлигын хэрэгт холбогдсон бас нэгэн тохиолдол болж байна.

Сөүл хотын төвийн дүүргийн шүүх И Мён-Багийг баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд холбогдсон хэргүүд нь тун ноцтойгоос гадна нотлох баримтуудаа устгаж болзошгүй хэмээн анхааруулсан тул баривчилгааг өндөржүүлсэн хамгаалалтын дор явуулж, цагдан хорих төвд хорьжээ. Прокурорууд түүний авлига, хээл хахуулийн хэрэгт ял төлөвлөх хүртэл сэжигтнийг 20 хоног цагдан хорих төвд хорих ажээ.

И Мён Баг баривчлагдахынхаа өмнө “Би одоо бусдыг буруутгахаас илүү өөрийн гэм бурууг илүү ухаарч байна. Өнгөрсөн 10 сар гаруй хугацаанд би тэсвэрлэхэд хэцүү өвчинд шаналж байна. Энэ баривчилгаа миний гэр бүлийнхэн болон надтай хамтарч ажиллаж байсан хүмүүсийн сэтгэлийн шаналал зовлонг бага ч атугай нимгэлнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэнийг ”БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээлжээ.

76 настай И Мён-Баг Сөүл хот дахь гэрээсээ баривчлагдахдаа өөрийн туслахууд руу гараараа даллан мэндчилсэн боловч прокурорууд түүнд үг хэлэх завдал өгөлгүй хар седан машинд суулган цагдан хорих төв рүү ачиж явжээ.

БНСУ-ын прокурорууд И Мён-Багийг нийт 11 тэрбум вон буюу 10 сая ам.доллартай тэнцэх мөнгийг тагнуулын агентлаг, бизнесийн групп зэрэг бусад байгууллагаас хээл хахуульд авсан гэж буруутгаж байна. Түүнээс гадна И Мён-Багийг хувийн компаниа улсын 35 тэрбум воны хөрөнгийг шамшигдуулж, татвараас зайлсхийх хуурамч сангийн зориулалтаар ашигласан гэж сэжиглэж байгаа юм.

БНСУ-д ганцхан жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хоёр хүн авлига, хээл хахуулийн хэргээр баривчлагдаж буй нь энэ юм.

2017 оны гуравдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорч, шоронд хоригдсон. Тухайн үед авлигын хэрэгт холбогдсон ерөнхийлөгчийг эсэргүүцсэн олон нийт гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулсан. БНСУ-ын прокурорууд экс ерөнхийлөгч Пак Гын Хэд 30 жилийн ял төлөвлөж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 6-нд болох шүүх хурлаар ял оноох юм.

Олон жил цэргийн дэглэмд нухлуулсан Өмнөд Солонгост 1980-аад оны эцсээр либерал ардчилсан өөрчлөлт явуулснаар Азийн дөрөв дэх том эдийн засагтай орон болж чадсан. Энэ улсад улстөрчид, өндөр албан тушаалтнууд болон бизнесийн томчууд авлигын хэрэгт холбогдсон дуулиан шуугиан байнга гардаг.

Авлигын дуулиан шуугианы гол холбогдогчид нь засгийн газрын өндөр албан тушаалтан, бизнесменүүд, тэдний гэр бүлийнхэн, ойрын шадар туслахууд байдаг.

И Мён –Баг өмнө нь өөрийг нь авлига авсан гэх мэдүүлгүүдийг үгүйсгэж, 2009 онд авлигын хэргээр шалгагдаж байхдаа амиа хорлосон экс ерөнхийлөгч Ну Мү Хёны өшөөг авахаар одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газрын хийж буй улс төрийн далд явуулга гэж мэдэгдэж байв.

И Мён –Багийн мэдэгдэл БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилэгнүүлж, түүнийг улсын шүүх засаглалтай тэрсэлдэж буй хэрэг гэж үзсэн. Мүн  Жэ Ин БНСУ-ын экс ерөнхийлөгч Ну Мү Хёныг авлигын хэрэгт сэжиглэсэн мөрдөн байцаалт бол И Мён –Багийн засгийн газрын өшөө авалт гэж хэлж байсан удаатай.  БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ну Мү Хёны  Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

И Мён-Баг 1950-1953 оны Солонгосын дайны дараа БНСУ хүнд үеийг даван туулж, эдийн засгийн өсөлтийн оргилдоо хүрсэн үед  “Hyundai” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.  И Мён-Баг бол бизнесмен байгаад улсын ерөнхийлөгч болсон БНСУ-ын анхны ерөнхийлөгч юм. И Мён-Багийн бүхнийг чадна гэдэг имиж эдийн засгийн өсөлтийг сайжруулахад нөлөөлсөн гэдэг. Гэвч түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжүүлсэн таван жилд БНСУ АНУ-ын импортын үхрийн махыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан, дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг үйл явдал түүнийг огтхон ч тайван суулгаагүй билээ.

БНСУ-ын ерөнхийлөгчдөөс Ну Мү Хён, Пак Гын Хэ,  И Мён-Баг шиг азгүйтлээр төгссөн лидерүүдийн дунд Пак Гын Хэгийн эцэг Пак Чун Хэ  бас багтжээ. БНСУ-ыг 18 жил удирдсан дарангуйлагч 1979 онд нэгэн үдэшлэгийн үеэр тагнуулын даргадаа буудуулан амиа алдсан билээ. Түүний залгамжлагч генерал Чон Ду Хан, Ро Дэ У нар мөн л албан тушаалаасаа буусны дараа авлига, эх орноосоо урван тэрсэлсэн зэрэг бусад  хэргээр шоронд олон жил хоригдсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж