“Ажнай”-н ихрүүд анх удаа | News.MN

“Ажнай”-н ихрүүд анх удаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Ажнай”-н ихрүүд анх удаа

Халхын цуутай аавын хөвгүүдийн нэг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ XXI зууны Монголын саалийн үнээ гэгдээд буй “Тавантолгой” ХК-ийн 49 хувийг эзэмшдэг гэдэг. Тиймдээ ч Монголын толгой тэргүүн баячуудын нэгээр тодорч, тангсаглал, баярхлаараа үргэлж дуулиан тарьсаар ирсэн. Өмнөговь аймгаас баялгийнхаа эх ундаргыг атгасан тэрээр философич мэргэжилтэй, Орост боловсрол эзэмшсэн. Азтай хувь тавилангаар ч юм уу, философичийн гүн ухаанаар ч юм уу, ямартай ч өмнийн говийн их баялгийн тодорхой хувьд эзэрхийллээ тогтоож, энэ яваа насаа эрх ямба, хөрөнгө мөнгөн дунд өнгөрөөж яваа нэгэн. Энэ эрийн бас нэг бахархах зүйл бол үзэсгэлэнт залуу гэргий нь. Хувийн амьдралын тухайд мөн л дуулиан шуугиан ихтэй, адал явдалтай амьдралыг туулсан эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэд жинхэнэ хайрын амтыг мэдрүүлж, хэнз ихрүүдээр хижээл насанд нь бэлэг барьсан энэ бүсгүйг Ганцэцэг гэдэг.

Айлын цорын ганц охин хатагтай Ганцэцэг циркийн манежинд бага насаа өнгөрүүлсэн бөгөөд хүүхэд байхаасаа европын орнуудад уран нугаралтын гайхамшгийг мэдрүүлж явсан. Түүний ээж нь СТӨ-ний захирал Байгаль хэмээх гал цогтой хатагтай байдаг бол аав нь цагтаа манай урдаа барих циркийн жүжигчдийн нэг байсан бөгөөд цэл залуудаа ажлаа хийж яваад харамсалтайгаар амиа алдсан гэдэг. Хойно урлагийн сургууль дүүргэж, хар залуугаасаа Филармониос авахуулаад урлаг соёлын байгууллагад удирдах алба хашиж ирсэн СТӨ-ний захирал, хатагтай Байгалмаа ганц охиноо нүдний цөцгий мэт хайрлан өсгөснөө ярих дуртай. Хүний ганц охин гэсэндээ хар багаасаа биеэ дааж, амьдрал үүрсэн Ганцэцэг хатагтай ч нялх балчраасаа нугараач хийж, ээжийнхээ ачийг хариулсан ачлалт охин.

Бие хаа, зүс царай үзэсгэлэн төгс, монголжингоо царайтай Ганцэцэг хатагтай гурван жилийн өмнө Германд үр суулгуулж, ихэр охидын ээж болсон. Монголын хатуу ширүүн өвлийг өнтэй давахаар тэрээр ихэр охидоо аваад дулаан орныг зорьж, хавар урь орохоор эх орондоо буудаг. Үе мултарсан нөхөртөө нялхарсан хайрын амтыг мэдрүүлж, эрх дарх гэдгийг эдлэх шиг болдог угийн хэрсүү, ухаалаг, амны хишигтэй, буянтай бүсгүй хэмээн ойр дотныхон нь ам шагшдаг.

Бизнес улс төрөөс гадна монгол эр хүний хийморь, лундааг илтгэдэг хурдан хүлэгт хорхойтой ноён Д.Бат-Эрдэнэ жил жилийн наадмаар сайн морь, сайхан гэргийгээрээ гоёж, Хүй мандлын дэвжээг чимдэг. Энэ жил Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор энгэрээ мялааж, энэ спортод оруулсан хувь нэмрээ үнэлүүлсэн ноён “Ажнай” үзэсгэлэнт гэргийгээ, ялангуяа хайртай ихэр охидоо олны нүднээс тун чадмаг нуудаг. Харин “Гранд” сэтгүүл тэргүүн баяны хайртай гүнжүүдийн зургийг анхлан танд хүргэж байна.

Зохиогчийн эрх: "Гранд" сэтгүүл.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж