Мөн түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай энэ сарын 16-нд тус дүүргийн засаг дарга Ж.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцлаа. Тус дүүрэгт улс, нийслэл болоод дүүргийн төсвөөр хийж байгаа олон бүтээн байгуулалтын ажил бий. Тус дүүргийн 3-р хорооны БУК-ийн байр буюу хуучнаар Барилга Угсралтын Комбинатын 53, 54-р орон сууцнууд олон жилийн турш нийтийн бие засах газаргүй явсныг эцэс болгож дүүргийн хөрөнгөнөөс 4 сая төгрөг төсөвлөн Био-00 хийж өгөхөөр боллоо. Харин сар болгон бохирыг тээвэрлэх ажлыг, арчлах асуудлыг СӨХ-д нь даатган хариуцуулж өгөх тухай газар дээр нь иргэдтэй ярилцсан юм. Мөн тус дүүргийн 16-р хорооны төрийн үйлчилгээний нэгдсэн байрны барилгын ажилтай танилцлаа. 342 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай уг ажил энэ оны 10 сарын 25-нд ашиглалтанд орох ба одоогоор 50 хувийн ажил гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Дүүргийн гудамж талбай, явган хүний замыг засах ажил дуусах шатандаа явж байна. Ажилчны алдар гудамжийг засч тохижуулан, усан оргилуурт цогцолбор болгох ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд 9 сарын эхний долоо хоногт хүлээлгэж өгөхөө ажил хариуцсан мэргэжилтэн засаг даргад уламжиллаа. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүрэгт баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай ийнхүү танилцаж гэрээнд заасан хугацаандаа амжиж хүлээлгэж өгөхийг үүрэгдсэн юм.
Хан-Уулын сургуулиуд компьютерийн лабораторитой боллоо
Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Цахим дүүрэг” болох зорилт тавин эрчимтэй ажиллаж байгаа билээ. Энэ зорилтод тулгуурлан шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн үйл ажиллагаа юм. УИХ-ын гишүүн Л.Болд улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт хөрөнгө оруулах чиглэлийн хүрээнд “Боловсролын үйлчилгээг дэмжих” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүн дотор ерөнхий боловсролын сургуулиудуудад компьютер бүхий иж бүрэн лаборатори нээх, багш хөгжлийн төвийн компьютер техник хэрэгслийг хангах зорилгоор 180 сая гаруй төгрөгийн өртөгтэй төсөл багтаж байна. Тус дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулиудад хэрэгжих уг хөтөлбөр амжилттай өндөрлөн бүх сургуулиуд шинэ компьютерийн лабораторитой боллоо. Мэдээллийн өргөн сүлжээнээс хоцролгүй хичээл номдоо шамдан суралцах сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нартаа зориулсан уг хөтөлбөрийн үр дүнгийн төлөөлөл болгон 75-р сургууль дээр компьютерийн лаборатори танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна.