Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Хаврын башё буюу гуравдугаар сарын тэмцээн Осака хотод болж байна.
Өчигдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин ёкозүна Какүрюү М.Анандыг давж, 50 хувийн амжилтаа хийлээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Точиношин энэ башёгийн ганц аваргыг давсан нь түүнд цаашид озэки ойрхон байгааг харуулав. Тэрбээр Какүрюүг давсаны дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Учир нь аваргын дараа орох озэки цолонд ойр байгаа Точиношинг японы хэвлэлүүд дахин онцлоод эхэлжээ. Өнгөрсөн башёг 14 даваатайгаар өндөрлүүлсэн түүний хувьд энэ башёд 10-с дээш даваа авах зорилготой барилдахаас гадна ганц ёкозүнаг давсан нь цолоо ахиулах бүрэн боломж нээгдэж байна.
Өчигдрийг хүртэл нэг ч унаагүй явсан Какүрюү М.Ананд 11 даваа, нэг унаатай болж, башёг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Түүний араас Кайсэй 10 даваа, хоёр унаатай нэхэж буй.
Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров найман даваатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа үлдлээ. Тамаваши өчигдөр Такарфүжигээр долоо дахь даваагаа авсан юм.
Чиёошома Г.Мөнхсайхан 12 өдрийн барилдаанаас зургаан даваа авсан бол Араваши Э.Дөлгөөн хоёр даваа, 10 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн 13 дахь өдрийн барилдаанд Какүрюү М.Ананд түүнээс араас нэхэж буй Кайсэйтай барилдах бол япон озэки цолтнууд болох Такаясү, Гоэйдо нар хоорондоо барилдахаар оноолт таарсан байна.
Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг давж өнгөтэй байгаагаа харуулаад байгаа Гүржийн бөх Точиношин Шёодайтай барилдана.