Дэлхийд өрсөлдөх банкеруудыг бэлтгэх зорилго тавьсан

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Дэлхийд өрсөлдөх банкеруудыг бэлтгэх зорилго тавьсан

Дэлхийд өрсөлдөх банкеруудыг бэлтгэх зорилго тавьсан

Сүүлийн үед Монголчууд гадаадад зөвхөн “хараар” ажилладаг гэсэн ойлголт байхаа больж, манайхаас хилийн чанадад мэргэжилтэн, экспатаар ажиллах залуус ч олширсоор байгаа билээ. Зөвхөн Монголдоо бус дэлхийн тавцанд өөрийн ур чадварыг “борлуулах”, карьерынхаа цар хүрээг олон улсад тэлэх хүсэлтэй чадварлаг залуус ч олон бий. Тэдгээр боловсон хүчинд зориулан Гүрэн дээд сургуулиас “Asia Finance 2018 Ulaanbaatar” банк санхүү, хүний нөөцийн сургалт, арга зүйн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.


Энэхүү арга хэмжээний талаар Global Growth Institute байгууллагын Азийг хариуцсан захирал, Хөгжиж буй орнуудын хөгжлийн зөвлөл олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Гүрэн дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Гүрэн дээд сургууль нь Харвардын Бизнесийн Сургууль, Эндрьюс Партнершип зэрэг дэлхийн олон шилдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бизнесийн салбар болон хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж эхэлж байна. “Asia Finance 2018 Ulaanbaatar” нь Гүрэн дээд сургуулиас зохион байгуулж буй хэд дэх арга хэмжээ вэ? Өмнө нь ямар арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан бэ?

Энэхүү арга хэмжээ нь Гүрэн дээд сургуулиас санаачлан зохион байгуулж байгаа анхны олон улсын арга хэмжээ юм. Өмнө нь бид нар Харвардад суралцдаг Монгол оюутнуудын зохион байгуулж байсан арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох эсвэл өөрийн оюутнуудаа Харвардын Бизнесийн Сургуулийн оюутнуудын зохион байгуулдаг “Asia Business” зэрэг арга хэмжээнд оролцуулах байдлаар хамрагддаг байсан.

“Asia Finance 2018 Ulaanbaatar” арга хэмжээний гол зорилго, алсын хараа юу вэ? Арга хэмжээний үр дүнд та юуг хамгийн их хүлээж байгаа вэ?

Энд бид хоёр томоохон зорилго тавьсан. Нэгдүгээрт, Монгол залуусыг дэлхийд өрсөлдөхүйц санхүүгийн шинжээчээр бэлтгэж сургах, мөн олон улсын менежментийн сургалтаар дамжуулан дэлхийд өрсөлдөхүйц банкеруудыг бий болгох зорилготой. Хоёрдугаарт, энэхүү хос хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн залуусаа Азийн санхүүгийн төвүүдэд ажлын байрынд зуучлах үйлчилгээг олон улсын хүний нөөцийн компаниудтай хамтран эхлүүлэх тодорхой зорилгуудыг тавьсан юм.

Би энэхүү арга хэмжээний үр дүнд 500 гаруй залуусыг Канадын “Corporate Finance Institute” болон Английн “Global Growth Institute”-ын санал болгож буй олон улсын сертификат олгох санхүүгийн шинжээч болон менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсэж байна.

Тэрхүү хөтөлбөр нь энэ 4-р сарын 1-нээс эхлэх юм. Санхүүгийн Англи хэл, Санхүүгийн хөтөлбөр, Менежментийн Англи хэл болон Менежментийн хөтөлбөрүүдээр залуусыг бүрэн бэлтгэнэ. Тэнд залуучууд 7 сарын турш суралцаж өөрийгөө бэлдээд олон улсын банк, санхүүгийн байгууллагын ярилцлагад амжилттай оролцон, ажиллаж эхлэх боломжтой. Тэгвэл миний зорилго биелэх нь тэр.

Таны хувьд “Asia Finance 2018 Ulaanbaatar”-т ямар сэдвээр илтгэл тавих гэж байгаа вэ? Яагаад?

Манай сургууль олон улсын санхүүгийн боловсролын байгууллагуудтай хамтран ‘Монгол хүний санхүүгийн мэдлэгийн стандарт’ шалгуур үзүүлэлтийг боловсруулсан юм.

Санхүүгийн мэдлэг бол аливаа улс, орны банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа, энэ чиглэлээр сургууль төгссөн цөөн хэдэн хүний мэдлэгээр хязгаарлагдаж болохгүй. Бүх насны иргэд нь санхүүгийн мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай, дээр нь өөрсдөө хөрөнгийн менежер, хөрөнгө оруулагч болсон цагт л бид дэлхийн олон их наяд ам.долларын санхүүгийн гүйлгээнд оролцож, улс орноороо ядуурлаас гарч, чинээлэг дундаж давхаргыг бий болгох боломжтой.

Энэ зорилгын үүднээс бид ‘Монгол хүний санхүүгийн мэдлэгийн стандарт’ шалгуур үзүүлэлтийг боловсруулсан. Энэхүү шалгуур үзүүлэлт нь манай улсын 6 настай хүүхдээс эхлээд 60 настай иргэн бүрийн мэдсэн байх ёстой санхүүгийн мэдлэг, эзэмшсэн байх ёстой ур чадвар, төлөвшүүлсэн байх ёстой дадал хэвшил зэргийг багтаасан санхүүгийн чадавхийн стандарт гэсэн үг. Би чуулга уулзалт дээр энэ мэдээллийг хуваалцах гэж байна.

“Asia Finance 2018 Ulaanbaatar” нь ганцхан удаагийн арга хэмжээгээр зогсохгүй гэж дуулсан. Үүнд оролцогчдод цаашдаа ямар ямар боломжууд нээгдэж байгаа вэ? Энэ арга хэмжээ цаашид жил бүр зохион байгуулагдах уу?

“Asia Finance 2018 Ulaanbaatar” бол дэлхийд өрсөлдөхүйц Монгол банкеруудыг бий болгох ажлын эхлэл нь гэж ойлгож болно. Оролцогч бүрд өмнө дурдсан Канадын “Corporate Finance Institute” болон Английн “Global Growth Institute”-ын санал болгож буй олон улсын сертификат олгох санхүүгийн шинжээч болон менежер бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж цаашдаа өөрийн карьерыг тэлэх боломжууд нээгдэж байгаа юм.

Энэхүү арга хэмжээг цаашлаад их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутнуудад бас зориулж өргөжүүлэн зохион байгуулах бодолтой байна. Амжилттай суралцаж төгсөөд, Азид ажилд орсон залуустайгаа хамтраад илүү өргөн хүрээнд Монголыг олон улсын санхүүгийн төв болгох зорилго тавин ажиллана гэж бодож байна.

Дараа жил “Asia Law” гэдэг арга хэмжээ зохион байгуулахаар хэд, хэдэн хуулийн фирмүүдтэй ярилцаж байна.

Гүрэн Дээд Сургууль 2018 онд оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулсан өөр ямар ажлуудыг төлөвлөж байгаа вэ?

Бид энэхүү арга хэмжээний үр дүн, үр нөлөөг харгалзан үзсэний дараа Монголд олон улсын топ менежерүүд бэлтгэх томоохон кампанит ажлыг АНУ-ын Бостон хотоос эхлүүлэхээр судалж байна. Ингэж чадвал Монголын олон мянган менежерүүд дэлхийн нэр хүндтэй Харвардын менежментийн хөтөлбөрт хамрагдан Азийн аль нэг агаарын хотуудад (air city) бизнесийн дадлага хийх боломж хүлээж байгаа. Дэлхийн сүүлийн үеийн ихэнх дэд бүтэц, бизнес, санхүү, худалдаа, тээвэр, аялал жуулчлал, экспорт, импортын бизнесүүд олон улсын онгоцны буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, худалдааны чөлөөт бүсийг даган хөгжих болсонтой холбогдуулан бид нар хөтөлбөрөө илүү олон улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа. Таны алсын зорилгууд биелэх болтугай!

“Asia Finance 2018 Ulaanbaatar” банк санхүү, хүний нөөцийн сургалт, арга зүйн чуулга уулзалт Улаанбаатар хотод, 3-р сарын 24-ний өдөр, “Blue Sky Tower”-т зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээнд “Гүрэн Дээд Сургууль”-ийн урилгаар АНУ, Европ болон Азийн олон улсын санхүүгийн төвүүдтэй хамтран ажиллаж, үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудад хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг “Andrews Partnership” (http://www.andrews-partnership.com/) компанийн удирдлагууд хүрэлцэн ирж байгаа юм.

Уулзалтын үеэр тэд хөрөнгө оруулалтын банкер, санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер, PR, менежментийн чиглэлээр мэргэшсэн эсвэл суралцах чадвартай Монголын ТОП 500 залууст карьерынхаа цар хүрээг олон улсад тэлэх, Азийн санхүүгийн төвүүдэд ажиллах боломж, түүнд шаардагдах ур чадвар, хувь хүний шинж чанарын талаар хаалттай илтгэл тавина. Мөн Хонконг, Сингапур, Токио, Улаанбаатар  хотуудын төлөөлөл болсон 4 зочин илтгэгч нар Азийн бүс нутгийн мэргэжлийн онцлог, Монгол экспатын амьдралын хэв маяг, Монгол дах банкны салбарын карьерын ирээдүй зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцана.

Энэхүү арга хэмжээний үеэр оролцогч бүрийн бөглөж өгсөн CV дээр тулгуурлан 50 хүнийг сонгож дэлхийн шилдэг санхүүгийн байгууллага Goldman Sachs группийн жишгээр Англи хэл дээр ярилцлага авах ба тэднээс шалгарсан залуусыг бэлтгэн, цааш нь Хонконг-д албан ёсны ажлын ярилцлагад орох хүртэлх боломжийг олгоно гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, уулзалтын шилдэг оролцогчдын хувьд олон улсын карьер хөөх эхний алхам нь тавигдах юм.

“Asia Finance 2018 Ulaanbaatar” чуулга уулзалт нь “Become a World-Class Banker” буюу “Дэлхийн энтэй банкер болцгооё” уриан дор зохион байгуулагдаж байна. Үүгээрээ “World-Class Financial Analyst + World-Class Manager = World-Class Banker” томьёоллыг танилцуулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн энтэй санхүүгийн шинжээч болон дэлхийн энтэй менежерийн ур чадварыг хослуулан нэгтгэснээр бүрэн бэлтгэгдсэн дэлхийн энтэй банкер болох санааг дэвшүүлж байгаа юм.

Арга хэмжээний шилдэг нэг, идэвхтэй нэг оролцогчид 1 сая төгрөгийн үнэ бүхий “World-Class Banker”-ын нэг жилийн сургалтад үнэ төлбөргүй суралцах эрх, 1000$-ын үнэ бүхий Харвард Менежмент хөтөлбөрийн сертификаттай сургалтад үнэ төлбөргүй суралцах эрхийг тус бүр гардуулна.

Монгол залуусын мэргэжлийн замналд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү чуулга уулзалтад ур чадвараа дэлхийн тавцанд өрсөлдүүлж, ажиллах орчин, амьдрах хэв маягаа шинэчлэх хүсэлтэй залуу хүн бүр бүртгүүлэхэд нээлттэй юм.

Бүртгүүлэхийг хүсэгчид дараах холбоосоор орж формыг бөглөнө: https://goo.gl/forms

Төлбөр болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com болон 89004136, 99024136 дугаараас лавлах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж