М.Амина: Бидэн рүү буу тулгаж байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

М.Амина: Бидэн рүү буу тулгаж байсан

“Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина . Удам дамжсан урлагийн гэр бүлд өссөн, олон нийтэд зориулан тавьдаг түүний лекцийн нэрнээс эхлээд түүний ертөнц тун содон, сонирхолтой. Дэврүүн хүсэлтэй, тун сонирхолтой амьдралтай нэгэн. Хайр дурлалынхаа төлөө толгойдоо буу тулгуулж явсан бүсгүй. Тэрбээр Төрийн шагналт, анхны ардын зураач Т.Ядамсүрэнгийн зээ юм. Түүнийг ‘Шинэ нэр’ булангийнхаа зочноор урилаа.

-Урлаг судлаач хүний хувьд монголын урлагийн төвшинг хэрхэн дүгнэх вэ?

Монголчууд аливаа гаднын соёлыг маш энгийнээр уусган өөрсдийн өвөрмөц соёлыг үүсгэж чаддаг ард түмэн. Тэр утгаараа ч уламжлалт урлаг, Зөвлөлт холбоот улсаас эхлээд орж ирсэн гаднын, өрнийн соёл иргэншлийг уусган өвөрмөц урлагийг бүтээсэн. Монголын уран бүтээлчдийг голох учиргүй. Гэхдээ аливаа салбарт байгаа нэгэн дутагдалтай зүйл нь тэр салбараа үгүйсгэж байдаг. Манайд урлагийг ойлгох үзэгчид дутагдалтай байгаа. Түүнээс биш урлагийн хөгжлийн төвшин муу биш.

-Хүмүүсийг урлагаас юуг олж аваасай гэж хүсдэг вэ?

-“Урлаг гэдэг хүний зүрх сэтгэлийн гүнийг сэндийчиж байдаг зүйл” гэж Оросын алдарт кино найруулагч Андрей Тарковскийн хэлсэн үг байдаг.

Бид нийгмийн стандартад хэт баригдаад доторх сэтгэл рүүгээ өнгийж харахаа больсон байдаг. Сэтгэл рүүгээ өнгийх нь өөрийнхөөрөө байх. Урлагийг мэдэрснээр хүн баггүйгээр нийгэмд амьдраасай гэж хүсдэг.

-Харин та хэр өөрийнхөөрөө байж чаддаг вэ. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч, чөлөөт цагаараа юу хийж байна вэ?

-Би шар шувуу. Бүтэн шөнөжин ном уншдаг. Өглөө эрт сэрж чаддаггүй. Өөрийн ажлыг 14.00 цаг орчмоос эхэлж байгаа. Манай сургуулийн онцлог нь хувь хүний хөгжил рүү чиглэсэн урлагийн үйл ажиллагаа маш их зохион байгуулдаг. Тэр бүрт бэлдэж ихэнх цагийг өнгөрүүлж байна. Гадуур явж өөрийгөө эрхлүүлэх дуртай. Монголд хамгийн гоё кофешоп, зоогийн газар хаана байна тэнд өдрийн нэг цагийг ч юм уу заавал зарцуулж, стрессээ тайлж романтиклах, гоё хөгжим сонсч, юм бодох цаг гаргах дуртай.

-Өдөр бүр оюутан залуустай харьцдаг хүний хувьд залуусыг шүүмжлэх  болон авууштай тал нь юу байна вэ?

Нэг үеэ бодвол манай залуусын хэлний мэдлэг дээшилсэн. Илүү чөлөөт сэтгэлгээтэй болж маш олон зүйл сонирхох болсон. Энэ нь авууштай тал. Дутагдалтай гэхээсээ илүү цаг хугацааны асуудал яригддаг. Бид нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжээд удаагүй байгаа. Тэр ч нөлөөлдөг болов уу, их хотын хэмнэлд төдийлөн суралцаагүй байна. Тааваараа амьдраад сурсан болохоор цаг хугацаа гэх хязгаарлагдмал зүйлтэй өрсөлдөн, өөрсдийнхөө төлөө хөдлөх ёстой гэж боддог.

-Нийгмийн юунд эмзэглэдэг вэ?

Эх оронч үзэл чухал ч хэт үндсэрхэг үзлээсээ болоод соёлгүй бүдүүлэг байдлыг монгол чанар гэж ойлгоод байгаа. Үүнд их эмзэглэдэг. Гэтэл бидний уламжлалт соёлыг харвал бид соёлгүй, бүдүүлэг хүмүүс биш. Хөдөө очиход мэндлэх, талархах ёс гээд олон сайхан зүйл бий.

-Яагаад ээж, аавынхаа авьяасыг өвлөн зураач бололгүй урлаг судлаач болсон юм бэ?

-Аав, ээж маань зураач. Ээжийн тал хэдэн үеэрээ зураач. Би зурж чаддаггүй, авьяасгүй. Гэхдээ урлагийг мэддэг болохоор шүүмжилж чадна. Тийм учраас урлаг судлаач болсон юм.

М.Амина ээж Я.Булганы хамт

-Таны хувийн амьдрал их сонирхолтой санагддаг. Тан шиг амьдралтай хүнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандах нь бий. Боломжтой бол хувийн амьдралаа сонирхуулаач?

-Би 18 настайдаа нөхөрт гарсан. Нөхөр маань надаас 20 насаар ах, орос хүн. Сантехникчээс эхлээд дипломатч хийх чадвартай, дээд боловсролтой хүн байдаг. Намайг номын дэлгүүр, зоогийн газраар найрчихсан. Дуртай номоо аваад уншсаны дараа надтай их ярилцдаг байсан. Өөрөө их ном уншсан хүн болохоор энэ нь надад маш их таалагдсан. Би нэг өдөр Орос руу явж үзэх мөрөөдөлтэй гэж ам алдсан. Ингээд үерхээд удаагүй байтал Орос явах болсон. Өөрөөсөө 20 насаар ах, гадаад хүнийг дагаад Орос явах болоход “Би ингээд хүний наймаанд явдаг юм байж дээ” гэж бодогдож байсан. /инээв/  Гэсэн ч зүрх сэтгэлээ дагаад явсан. Явахаас өмнө ээж маань ганданд очоод ном уншуулж байсан. Ааруул аваад, нутагтаа ирэхгүй бол ааруулаа идэж байгаад л үхдэг юм шүү гэж бодож байсан. /инээв/ Түүнээс хойш найман жил өнгөрчээ.

-Хосууд олон насны зөрүүтэй байхаар сонирхол, үзэл бодлоос эхлээд зөрчилтэй зүйл олон гарах уу?

Би мэдлэгтэйд нь татагдсан, сонирхол талаас бид анхнаасаа нийцэж байсан. Ертөнц таарах гэж байдаг. Тийм л зүйл болсон. Нас, үндэс угсаа, хүмүүжлийн зөрүү байсан. Эхний хоёр жил эдгээр зүйлийн зөрчлөөс болж маргалдах үе байсан. Би цастай өдөр хөл нүцгэн гарч гүйгээд л. Манай нөхөр их том биетэй. Араас гүйж ирээд нэг гараараа өргөн мөрөн дээрээ суулгаад л оруулж байсан. /инээв/

-Олон насаар ах, гадаад хүнтэй гадуур явахаар хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Үүнээс болж эхний хоёр жил мөн ч их уйлсан даа. Таксинд суухад л “Хэдээр явах вэ”, “Чи наадханыхаа дараа завтай юу”, “Дүү шигээ хандаж хэлж байна. Одоо энэ ажлаа боль” гэх зэргээр ханддаг байсан. Цусаа бохирдууллаа л гэдэг. Чингис хааны үеэс л дипломт зорилгоор эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэр бүл болж байсан шүү дээ. Гэтэл хүмүүс шууд утгаараа мөнгө харж сууж л гэж ойлгодог.

-Олон эрсдэлд орж байсан уу?

-Тийм ээ, маш олон эрсдэлд өртөж байсан. Хөвсгөл рүү явж байхад замд таарсан ах нар бидэн рүү ангийн буу тулгаж байсан. Нэг ч айл байхгүй, хээр талд биднийг хөнөөгөөд булчихад хэн ч мэдэхээргүй л байсан. Нөхөрт гарсны эхний жил л дээ. Цаашид бүр хэцүү зүйлтэй тулгарна гэдгийг мэдсэн тул салах боломж, шалтгаан байсан ч хайртай болохоороо салаагүй.

-Нэлээд дэггүй охин байсан юм билээ. Магадгүй та нөхөртэйгөө учраагүй байсан бол хаана, юу хийж явах байсан бол?

-Оготны нүх шиг пабад тамхи татаад байж байх байсан.

-Аймшигтай сонсогдож байна?

-Хэтрүүлэггүй үнэн. Би их эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй, жинхэнэ ЭМО хүн байгаа юм.

Хүн юмыг хэт гүн бодож, ухаад байхаар нэг талаараа амьдралын утга учиргүй байдлыг мэдэрдэг. Би нөхрөөрөө дамжуулж итгэл үнэмшилтэй болсон, амьдрал утга учиртай болсон. Түүний хүчинд л би ингээд яриад сууж байна.

-Нөхөрт тань таны юу тийм их таалагдсан юм бол?

-Их олон зүйл ярьдаг. Намайг олон талын мэдлэгтэй, хүнийг сонсож чаддаг, ярилцахад гоё байдаг гэж хэлдэг. Түүнээс биш би царай зүс, хөх, өгзөг сайтай хүүхэн биш. /инээв/ Миний дотоод хүнийг харсан байх.

-Нөхөрт гараад найман жил болжээ. Хэзээ ээж болох төлөвлөгөөтэй байна вэ?

-Ээж болно гэдэг маш том хариуцлага. Хүүхэд гэдэг миний өмч биш. Тэр 18 нас хүрээд тусдаа, бие даасан том хүн болно. Энэ нийгэмд амьдрах чадвар олгоод би түүнийг тавьж явуулна. Хүн бүтээхэд, өсгөхөд би өндөр ёс суртахуунтай байх ёстой. Тийм болж амжаагүй байна. Ээж болоход, бэлэн биш байна.

-Дэггүй, дэврүүн Амина 20 жилийн дараа юу хийж, бүтээсэн байх бол?

-Өөрийгөө анзаараад байхад эрхэлж буй ажлаас болоод ч тэр үү сүүлийн үед том хүн шиг болоод байгаа. Гэвч би дотор байгаа бяцхан Аминаг алдмааргүй байна. 20 жилийн дараа томоохон компанийн захирал болох гэхээсээ илүү цэвэр тунгалгаар харж чаддаг тэр чадвартайгаа л үлдмээр байна. Түүнээс илүү хүсэх зүйл алга.

-Тэгвэл ойрын болон хэтийн зорилгоосоо сонирхуулахгүй юу?

-Урлагийн салбарыг гадаадад болон дотоодод таниулах ажил хийнэ. Зуны улирлыг хүмүүс зугаалж өнгөрүүлдэг. Сонирхогчдод зориулан урлагийн талаар 10 цуврал лекц уншина. Мөн урлагийн талаар нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Нэвтрүүлгийн ажлаа эхэлсэн. Мөн энэ сард манай сургууль аутизмтай залуу зураач Н.Хувьтын уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байна. Надад Арт кафетэй болох мөрөөдөл бий. Галерейтэй, урлагийн орчин бүрдүүлсэн, яруу найрагч, шинжлэх ухаанчид, ном уншигчид цугладаг арт кафетэй болох нь миний холын зорилго бас мөрөөдөл.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж