“Japsew”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Japsew”-ийн нээлт боллоо

Япон улсын “Japsew” корпорацийн Монгол дахь салбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр 10.00 цагт “Гранд оффис”-т боллоо. “Japsew” нь оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ алдартай. Монголын Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо “Made in Mongolia” төслийн хоёр дахь үе шат болох “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дээрх корпорацитай хамтарч ажиллах болсноор Монголд салбараа нээж байгаа ажээ.“Japsew” корпораци даавуун болон арьс ширэн эдлэл гэх мэт бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх олон төрлийн оёдлын машинуудыг зах зээлд нийлүүлдэг. Тиймдээ ч "Өрх бүр үйлдвэрлэгч" хөтөлбөрт хамрагдах иргэдийг техник, тоног төхөөрөмжөөрөө хангах болж байгаа юм байна. Корпорацийн Монгол дахь дистрибьютрийн нээлтийн ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо, Хас, Хадгаламж банкны удирдлагууд оролцсон байна.
“Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 6, 11, 15, 23 ажилчинтай оёмол бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор байгуулах зорилготой юм. Одоогийн байдлаар загвар үйлдвэр байгуулан үйлдвэрлэл экспортын гарцыг бий болгожээ. Цаашид бичил оёмол бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор бий болгосноор Монгол Улсад олон зуун орчин үеийн шинэ үйлдвэрүүд, экспорт, борлуулалтын сүлжээ бий болгох нөхцөл бүрдэх гэнэ. Шинээр бий болж буй оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх багц үйлдвэрүүдийг техник технологийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангахыг Япон улсын “Japsew” корпораци хариуцах ажээ.

Дэлхийн зах зээлд оёмол бүтээгдэхүүний захиалга их байдаг юм байна. 2011 онд гэхэд ОХУ-д 15 сая ам.долларын, Их Британи 64 мянган ам.долларын захиалга байгаа бөгөөд Европын холбооны бусад улстай гэрээ хийх боломж байгаа ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж