Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Дипломат "дайн"

Их Британи болон ОХУ-ын хооронд дэгдсэн дипломат маргаан улам бүр газар авч, Британиас хөөгдсөн Оросын дипломатчид гэр бүлийнхний хамтаар нутаг буцсан нь саяхан. Залгуулаад Польшийн Засгийн газар шаардлагатай бол Их Британийн адилаар Оросын дипломатчидыг газар нутгаасаа хөөн гаргах шаардлага тавихад бэлэн гэж мэдэгдээд байна. Эс бөгөөс Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засаг болон бусад хориг арга хэмжээ авахад болохгүй зүйлгүй гэдгийг ч хэлэв.

АНУ болон Герман, Франц тэргүүтэй Европын холбооны орнууд Британид Оросын экс-тагнуулчийг охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагын цаана Москва байгаа гэх Лондоны байр суурийг дэмжиж байгаа юм. Британийн Засгийн газар Оросын 23 дипломатчийг хөөх шийдвэр гаргасан, гэхдээ Оросын эсрэг өөр хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдээд байна. Гэхдээ одоохондоо.

Москва хариуд нь мөн тооны Британийн дипломатчийг нутгаасаа хөөжээ. Тэд ирэх бямба гаригаас урьтаж ОХУ-ыг орхин гарах ёстой.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар дипломат ажилтныг нутгаасаа хөөн гаргах нь дийлэнх тохиолдолд тагнуулын ажиллагаатай холбоотой авч хэрэгжүүлэх дээд зэргийн арга хэмжээ боловч “бэлгэдлийн” чанартай байх нь ч бий.

1961 онд соёрхон баталсан Дипломат харилцааны  тухайн Венийн конвенцид мөн дипломат төлөөлөгчийг хүлээн авч улс нь аль нэг гишүүнийг persona non grata буюу “тааламжгүй этгээд” гэж үзэж байгаа учир шалтгааныг тайлбарлалгүйгээр хэдийд ч мэдэгдэж болохоор заасан байдаг. Энэ нь хүлээн авагч улсыг гадна дипломатчидаас хамгаалах цорын ганц механизм юм.

Өнгөрсөн хугацаанд гадаад улс оронд томилогдон ажиллаж буй Оросын дипломатчид “persona non grata” хэмээн нэрлэгдэж, хөөгдөн гарсан тохиолдол цөөнгүй. Сүүлд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны арванхоёрдугаар сард бүрэн эрхээ шилжүүлэхийн өмнөхөн Оросын 35 дипломатчийг эх орноосоо хөөж, АНУ дахь Оросын хоёр дипломат төлөөлөгчийн газрыг хааж, зургаан хувь хүн, таван байгууллагын эсрэг хориг тавьсан. Шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг байв.

ОХУ болон бусад улсын Засгийн газар хооронд дипломат дайн дэгдэж, Оросын дипломат төлөөлөгчид нутаг буцсан тохиолдол өөр хэзээ, хэрхэн гарч байв?

  • 2016 оны долдугаар сарын 8-нд АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Керби дипломат төлөөлөгчид олгогдсон эрх ямбыг хэтрүүлэн, зүй бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Оросын хоёр дипломатчийг нутгаасаа хөөсөн тухай мэдэгдсэн юм. Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтны биед халдсан гэж тэд үзжээ. Оросын тал дипломат ажилтнууд нутагтаа ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан нь Тагнуулын төв газрын ажилтан байсан бөгөөд Элчин сайдын яамны байрыг хамгаалж байсан Оросын эргүүлийн цагдаагийн ажилтны биед халдсан гэж тайлбарлаж байв.

  • 2015 оны долдугаар сарын 13-нд Украины Гадаад хэргийн сайд Одесса дахь Оросын Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч эрхмийг “persona non grata” хэмээн зарлав. Орос дипломатч мэдээж нутаг буцсан бөгөөд Оросын Гадаад харилцааны яамнаас Украины Засгийн газрын дээрх үйлдлийг хоёр улсын харилцааг хурцатгах гэсэн санаа зорилго бүхий үйлдэл гэж тодорхойлсон юм.

  • 2014 оны аравдугаар сард Польшийн зэвсэгт хүчний хурандаа Оросын талд тагнуулчаар ажиллаж хэрэгт сэжиглэгдэж, саатуулагджээ. Үүний дараа Оросын хэд хэдэн дипломатчийг Польшоос хөөн гаргасан юм. Арваннэгдүгээр сарын 17-нд Оросын талаас мөн адил хариу арга хэмжээ авч, Польшийн дипломатчидыг нутаг буцаасан байна.

  • 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оттава дахь Оросын дипломатчийг “persona non grata” хэмээн зарлаж, хоёр долоо хоногийн дотор Канадын орхин гарах хугацаа өгсөн гэж Канадын хэвлэл мэдээлэв. Канадын Гадаад харилцааны яам дээрх шийдвэрийн цаадах шалтгааны талаар ямар нэг тайлбар өгөөгүй ч Украины асуудлаас үүдэн Оттава болон Москвагийн харилцаа сэвтсэн гэх таамаг гарсан юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 22-нд Москва хариу арга хэмжээ авч, ОХУ дахь Канадын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргыг эх орноосоо гарахыг шаардсан билээ.

  • 2013 оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Засгийн газар эрүүл мэндийн даатгалаас залилан хийсэн хэргээр Оросын хэд хэдэн дипломатчийг гэр бүлийн хамт даруй нутаг буцахыг шаарджээ. АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэдэгдсэнээр Оросын дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн Medicaid хөтөлбөрийн дагуу тусламжийг тансаг хэрэглээний эд зүйлс худалдан авахдаа ч ашигласан байна. Сэжигтнүүдийн тоонд Оросын 49 дипломатч, тэдний эхнэрүүд багтсан бөгөөд тэднийг даатгалын сангаас нийт 1.5 сая ам.долларыг хууль бусаар гаргуулж авсан гэж буруутгасан юм. Нэр холбогдсон бүх дипломатч Орос руу буцсан. Гэхдээ Москвагийн зүгээс АНУ-ыг Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

  • 2012 оны нэгдүгээр сард Оттава дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дөрвөн ажилтанд албадан нутаг буцаасан тухай Канадын хэвлэлүүд мэдээлэв. Канадын Тэнгисийн цэргийн офицер Жеффри Пол Делислийг Оросын талд тагнуулчаар ажилласан гэх үндэслэлээр саатуулсны дараа дээрх шийдвэр гарчээ. Оросын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг үгүйсгэж, Оросын дипломатчид үүрэгт ажлаа дуусгаад, 2011 онд эх орондоо ирсэн гэж мэдэгдсэн юм.

  • 2011 оны хоёрдугаар сарын 1-нд Оросын төлөөлөгчид хуурамч пасспортоор хил нэвтэрсэн гэх мэдээлэл гарсны дараа Ирландын Засгийн газар Оросын дипломатчийг хөөн гаргах тухай албан ёсоор мэдэгдэж байв.

  • 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Испанийн Үндэсний тагнуулын албаны дарга Феликс Санс Ролданы хүсэлтээр Оросын хоёр дипломатчийг хөөн гаргахыг Гадаад хэргийн сайд Тринидад Хименес Гарсия-Эррера зөвшөөрчээ. Хариуд нь Оросын талаас мөн Москва дахь Испанийн Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх болон нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байсан хоёр эрхмийг хөөсөн байна.

  • 2010 оны арванхоёрдугаар сарын дундуур ОХУ болон Их Британийн Засгийн газар харилцан дипломатуудаа хөөж байв. Шалтгаан нь тагнуулын ажиллагаатай холбоотой байсан юм.

  • 2010 оны наймдугаар сард Румыны нийслэл Бухарест дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Анатолий Акоповыг Румыны эрх баригчид “persona non grata” гэж зарлав. Оросын Засгийн газар Румыны дипломатч Габриэл Грекуг Оросын иргэнээс цэргийн нууц мэдээллийг олж авч, НАТО-д дамжуулсан гэх үндэслэлээр эх орноосоо хөөсний дараа Румын дээрх хариу арга хэмжээ авсан юм.

  • 2009 оны дөрөвдүгээр сарын 2-нд Латвийн TV5 сувгаар Оросын дипломатч Александр Хапиловыг Латвиас хөөсөн тухай мэдээлэв. Түүнийг Гүржийн Ерөнхийлөгч агсан Михаил Саакашвилиг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хөөжээ. Латви дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Сергей Абрамкин түүнийг өөр ажилд томилогдсон тул нутаг буцсан гэж тайлбарлаж байв.

Энэ мэт тагнуулын ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр харилцан дипломатчийг эх нутгаасаа хөөсөн тохиолдол Чех-Орос, Украин-Орос, НАТО-Орос, Латви-Орос, Гүрж-Орос улсын хооронд гарч байв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж