Улаан асрын зүүд (88-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (88-р бүлэг)

Улаан асрын зүүд (88-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Наян наймдугаар бүлэг

ОРДОН ХОТЛООРЫГ БАЯРЛУУЛАН, БАО ЮЙ ӨНЧИН ХӨВҮҮНИЙГ МАГТАЖ, ГЭРИЙН ЦААЗЫГ ЧАНДЛАН, ЖЯ ЖЭНЬ БАЛМАД ЗАРЦЫГ ТАШУУРДАВ

Хүрээнд нэг хүн, Цай Бинг дуудахад шатар шинжиж байсан Ши Чүнь Юань Янгийн дууг танив. Түүнийг угтан гартал нэг охин дагуулаад гартаа нэг жаахан шар пэнс, баадан барьсан Юань Ян ирж байв. Ши Чүнь инээгээд: “За юу болов” гэсэнд цаадах нь: “Хойт жил Лао тайтайгийн есөн ес наян нэгэн насны ой болно. Есөн Нүннэй сахиулах буян амлаад “Доржжодов” гурван мянга зургаан зуун тавин нэгэн хувь бичүүлнэ” гэжээ. Үүнийг нэгэнт гадагш өгч бичүүлнэ. Тийн гэвч “Доржжодов” бол лам нарын баогийн гуа мэт бөгөөд “Билиг баримад” бол сая баогийн шүн мөн тул “Доржжодов” дотор “Билиг баримадыг” агуулбал сая ариун буян төгсөнө. Лао тайтай “Билиг баримад”, онц чухал гэх бөгөөд хонсим нь даруй охин бодьсадваа мөн тул төрлийн хэдэн бэр, охидоор гурван зуун жаран таван хувь бичүүлсүгэй гэнэ. Ийнхүү үйлдвэл сая ариун цагаан сүжиг гүйцнэ. Манай Эр найнай бол гэрийн явдалд хичээхээс гадна бичиж чадахгүй. Тийм болохоор бичгийн ажлыг бусдад хуваан өгнө. Зүүн ордны Жэнь да найнай болон бага эхнэрүүдэд хувааж өгдөг юм гэв. Ши Чүнь:

-Би өөр юм хийж чадахгүй боловч ном бичүүлэх нь миний санаанд яг таарна. Чи цай уугаач… гэсэнд Юань Ян барьж яваа юмаа ширээн дээр тавиад суув. Цай Пин цай авчрав. Ши Чүнь инээгээд:

-Чи бичнэ биз гэж асуусанд цаадах нь:

-Авхай надаар тоглож байна. Урьд хэдэн жил оролдоод гайгүй болж байсан. Энэ гурав дөрвөн жил чи намайг бийр барьж байхыг харсан уу… гэсэнд Ши Чүнь: “Буян хураажээ” гэв. Юань Ян:

-Над бас нэг яриа байна. Үдэш бүр Лао тайтайг нойрсуулаад будаагаар маани тоолсоор байгаад гурван жил илүү боллоо. Би энэ будаагаа сайн хурааж, Лао тайтайг буян үйлдэхлээр түүнээ нийлүүлж бурханд зоог баривал миний үнэн сүжиг болно… гэв. Ши Чүнь:

-Тийм бол Лао тайтай хонсим бодьсадваа болсон үед чи даруй лусын дагина болно… гэсэнд цаадах нь:

-Яалаа гэж тэр хэмжээнд хүрч чадах вэ. Харин Лао тайтайгаас өөр хүнийг асарч чадахгүй нь урьд төрлийн барилдлага байж мэднэ… гэсээр “явлаа” гэснээ, охиноор баадангаа задлуулж доторхийг нь гаргаад: “Энэ ороолттой цагаан цаасан дээр “Билиг баримадыг” бичнэ… гээд бас нэг багц түвд хүж гаргаж: “Үүнийг ном хуулж бичих үедээ асаана” гээд өгсөнд Ши Чүнь хүлээн авав. Юань Ян ёслон гараад шууд харив. Түүнийг очиход Жя Мү Ли Вань хоёр бэрс уралдуулан тоглож байв. Ли Ванийх сайн буухад Лао тайтай хоцорч байгааг хараад Юань Ян жуумалзана. Бао Юй гэнэт, дотор нь хэдэн голио хийсэн хоёр жаахан хулсан чингэлэг барин орж ирээд:

-Лао тайтайгийн нойр шөнө хулждаг гэж сонсоод би, сэтгэлийн зугаа болготугай гэж үүнийг авчирлаа… гэсэнд Жя Мү инээж:

-Чи эцгийгээ эзгүйд битгий дураараа алиалаад байгаарай… гэсэнд, Бао Юй: “Би алиалаагүй шүү” гэв. Жя Мү:

-Алиалаагүй бол чи, ном бичгээ уншихгүй юунд үүгээр наадаж байгаа юм бэ гэв. Бао Юй,

-Би өөрөө тоглосон юм биш. Уржигдар багш Хуань Эр, Лань Эр хоёроор холбоо зохиолгосонд Хуань Эр нийлүүлж чадсангүй. Би түүнд сэмхэн хэлж өгсөн. Өнөөх чинь миний хэлснээр хэлтэл багш баярлаад баахан магтав. Тэр миний тусалсанд баярлаад худалдаж авч өгсөн юм. Тэгэхээр нь би Лао тайтай өргөж байгаа юм… гэсэнд Жя Мү:

-Тэр өдөр болгон бичиг уншиж байж, яагаад нийлүүлж чадахгүй байна вэ. Нийлүүлж чадахгүй байхад нь Рү да е-д хэлээд түүшүүг нь алгадуулж, нүүрийг нь барахгүй яасан юм бэ. Чамд тааравч мөн гүйцнэ. Эцэг чинь гэртээ байхдаа шүлэг дуулал зохиолгоно гэж дуудахад хулгана мэт сандарч байснаа мартаагүй биз. Одоо бас энэ, тэр гэнэ. Тэр Хуань Эр чинь олиггүй шүү дээ. Хүнээр юмаа хийлгэчихээд л арга заль гаргаж багшийгаа мэхэлнэ. Өдийхөн хүүхэд байтлаа ичих нүүргүй муу заль гаргана. Том болоод ямар юм болохыг мэдэхгүй… гэсэнд хүмүүс хөхрөлдөв. Жя Мү:

-Лань хөвгүүн зохиож чадсан уу. Харин түүнд Хуань Эр зохиож өгвөл таарна даа. Тэр түүнээс жаахан юм чинь. Тийм биз дээ гэсэнд Бао Юй инээж:

-Түүгээр зохиолгоогүй байхад, өөрөө нийлүүлсэн гэсэнд Жя Мү:

-Би итгэхгүй ээ. Эсвэл чи бас гэм хийсэн үү. Одоо чи, “Ямаан дунд тэмээ орсон” мэт том болжээ. Чи насаар ах төдийгүй бас зохиол бичиж чадна шүү дээ гэв. Бао Юй инээж:

-Нээрэн тэр өөрөө зохиочихсон. Багш түүнийг их хүн болно гэж магтаж байна лээ. Лао тайтай итгэхгүй байгаа бол дуудаж авчраад асуучихаач гэсэнд Жя Мү:

-Үнэхээр тийм бол би баярлана. Би чиний худал хэлэхээс болгоомжилсон төдий л юм. Тэр хүү зохиож чадаж байгаа бол хожим өөдтэй явж мэднээ… гэснээ, Ли Ванийг зэрвэсхэн нэг хараад Жя Зуг санагалзан:

-Их ахыг чинь, үгүй болсноос хойш бэлбэсэн бэргэний чинь бүүвэйлж өсгөсөн энэ ганц үр хожим их ахын чинь гал голомтыг залгаж чадах биз… гээд тэсэлгүй нулимс унагав. Ли Ваний зүрх шимширсэн боловч Жя Мүгийн нэгэнт уярсныг үзээд, сэтгэлээ чангалан инээх аядаад:

-Энэ бол буурай эмээгийн энэрэл юмаа. Бид энэ их хүний буяныг хүртсээр байна. Буурай эмээгийн хэлснээр тэр хүүхэд бузгай болбол бидний буян болно. Та баярлавал зохих байтлаа яагаад уярчихав даа… гэж тайвшруулах үг хэлсэнээ Бао Юйг харж:

-Бао авга хойшид битгий түүнийг магтаж бай. Тэр мэт өчүүхэн хүүхэд юугаа мэдэх вэ.Чи бол түүнийг хайрлаж байна. Тэр яаж ойлгох вэ. Нэг хоёр магтуулаад л сагсуураад эхэлбэл яаж тэгшилж авах вэ дээ гэв. Жя Мү:

-Чи бэргэнийгээ тун үнэн юм ярихыг сонсов уу. Тэр хүүхэд одоо бага байна. Түүнийг бас битгий шахаж шаардаад бай. Жаахан хүүхдийн зүрх бага тул их шахаж шаардуулбал гэм архаг тогтоно. Тэгвэл бичиг үзэж чадахгүй болохоос гадна чиний чармайлтыг ч талаар сүйтгэхэд хүрнэ… гэтэл Ли Вань дусал нулимс унагаад санд мэнд арчив.

Энэ үед Жя Хуань, Жя Лань хоёр орж ирээд Жя Мүтай мэндлэв. Жя Лань бас эхтэйгээ мэндлээд Жя Мүгийн дэргэд ирж зогсов. Жя Мү: “Би сая авгаас чинь чамайг сайн холбон найруулаад багшдаа сайшаагдсан гэж сонслоо” гэсэнд Жя Лань жуумалзасхийгээд юм хэлсэнгүй. Юань Ян хүрч ирэв. Тэрбээр: “Оройн хоол бэлэн болсныг Лао тайтайд айлтгая” гэсэнд Жя Мү: “И дайдаагаа залж ир” гэсэнд Хупо хүн явуулж Ван Фүрэнийхээс Шюэ Имаг залуулав. Бао Юй, Жя Хуань хоёр гарч явахад Су Юнь болон бяцхан инж нар бэрсийг хураан аваад, Жя Мү, Ли Вань нарыг оройн хоол идэхийг нь хүлээв. Жя Лань эхийнхээ дэргэд зогсоно. Жя Мү: “Ээж хүү хоёр энд хоол идэцгээ” гэв. Хоол авчрах үед шивэгчин эргэн ирж:

-Энэ хэдэн өдөр И дайдаа, Лао тайтайтай золгох завгүй гэнээ. Тэнд хоол идчихээд харьжээ… гэж мэдүүлэв. Хоолоо идээд Жя Мүг орон дээрээ амарч байтал нэг шивэгчин охин ирж, Хубад нэг юм хэлснийг их ахайтанд: “Зүүн ордны да е оройн мэнд айлтгахаар иржээ” гэж дамжуулав. Тэгтэл Жя Мү: “Би мэдлээ. Цаадах чинь гэрийн хэрэгт яаран зүдэрч байгаа тул харьж амар гэж хэл” гэв. Бяцхан охид, эмгэдэд хэлээд тэд Жя Жэньд уламжилсан учир тэрбээр буцав.

Маргааш нь Жя Жэнийг ирж хэрэг явдлыг шалган үзэхэд, үүдний зарц хөвгүүд хэд хэдэн хэрэг мэдүүлэв. Нэг зарц хүү ирж, “Тариалангийн газраас жимс хүргэн иржээ” гэсэнд Жя Жэнь: “Данс бүртгэл нь хаана байна вэ” гэж асуув. Зарц хөвгүүн сандран үзүүлбэл, түүнд хэдэн зүйлийн шинэ жимс ногоо жагсаан бичээд бас ногоо цагаа, ан амьтны нэр бичжээ. Жя Жэнь үзээд: “Хэн хариуцаж авчирсан бэ” гэж асуусанд үүдний хүмүүс: “Жөү Рүй” гэв. Тэр дор нь түүнийг дуудав. Түүнийг ирмэгч: “Дансны ёсоор бүртгээд дотор оруулж тушаагтун. Чи дансыг нэг хувь сийрүүлээд нэг хувь үлдээвэл хожим тааруулахад хэрэгтэй” гээд ногоо, зуушийг элбэг бэлтгээд жимс хүргэж ирсэн хүнд угийн ёсоор хоол шагнан, зоос өг гэж тогооны гэрт хэл гэв.

Жөү Рүй үүргийг хүлээн авч, хүн дуудан ногоо жимсийг Фөн Жегийн хүрээнд аваачуулаад, данс бүртгэлийг тушаагаад явав. Төдөлгүй буцаж ирээд Жя Жэньд: “Саяын ирсэн жимсийг тоолж үзэв үү да е” гэж асуусанд цаадах нь: “Би хэдий завандаа түүнийг тоолж суух юм бэ. Чамд дансыг өгсөн, чи л тоолж үзвэл барав” гэв. Жөү Рүй “Доорд би тоолж үзсэн юмаа. Илүү ч үгүй, дутуу ч үгүй байсан. Да е дансны эхийг үлдээсэн тул жимс хүргэж ирсэн хүнээс энэ дансны үнэн худлыг дахин асуугаагүй” гэсэнд Жя Жэнь: “Тэгж яах юм бэ. Энэ хэдхэн жимсийг ямар юм гэх юм бэ. Би чамайг сэжиглээгүй шүү” гэж байтал гэнэт Бао Эл хүрч ирээд мөргөн: “Өчүүхэн намайг угийн ёсоор гадагш явуулж зарахыг Да е гаас гуйя” гэв. Жя Жэнь: “За та нар бас юү болчихов?” гэсэнд Бао Эл: “Боол би энд бас үг хэлж чадахгүй болов” гэв. Жя Жэнь: “Хэн чамайг үг хэл гэсэн юм бэ” гэсэнд цаадах нь: “Энд нүд үзүүрлэгдэж юугаа хийнэ” гэтэл Жөү Рүй өлгөн авч:

-Боол би энд тариан түрээсний зоос мөнгөний орлого зарлагыг хариуцсанаас нааш, жил болгон л дөч тавин түмэн лан мөнгө миний гараар дамжиж байхад Лао е, Дайдаа, найнай нар ер үг хэлсэн удаагүй. Тэд энэ мэтийн аар саар юмыг юү гэж ярихав даа. Бао Эрийн хэлэхээр бол Лао е нарын газар, тариа, гэр хөрөнгийг цөмийг боол бид үгүй хийжээ. Тэр тэгж хэлж байна гэв. Жя Жэнь дотроо: – энэ бол Бао Эрийн хэрүүл өдөх үг нь байх. Үүнийг ер нь явуулъя гэж бодоод Бао Элийн зүг харж: “Чи хурдан тонилогтүн” гээд бас Жөү Рүйд: “Чи олон юм ярих хэрэггүй, явж ажлаа хий” гээд эргэв. Жя Жэнь явж бичгийн гэртээ очоод байтал гадаа шуугилдаж эхлэв. Хүн явуулж юу болж байгааг асуулгавал, Бао Эр Жөү Рүйн хуурай хүүтэй зодолдож байна” гэв. Жя Жэнь: “Түүний хуурай хүү гэж ямар хүн байдаг юм бэ” гэсэнд үүдний хүн: “Нэр нь Хө Сань гэдэг юм. Угаас бүтэлгүй амьтанд даа. Өдөр болгон архи ууж хэрэг тарьдаг, дандаа л үүдний байранд ирж байдаг юм. Бао Эр, Жөү Рүй хоёрыг ам муруймагц тэр дунд нь самбаганаж оржээ” гэв. Жя Жэнь: “Энэ яаж болох вэ. Бао Элийг тэр Хө Сань гэгчтэй аваад ир. Жөү Рүй хаана байна вэ” гэсэнд үүдний хүн: “Зодолдох үеэр явсан’ гэв. Жя Жэнь: ‘Түүнийг бас авчир. Ингэж болохгүй’ гэхэд нөгөөдүүл үймэлдэж л байв. Энэ үед Жя Лянь гэр рүүгээ явж байгаад таарчихав. Жя Жэнь түүнд энэ явдлыг ярив. Жя Лянь: “Яаж болох вэ, энэ чинь. Алив тэр Жөү Рүйг авчир гэж тушаав. Жөү Рүй зайлж чадахгүйгээ мэдээд хүрээд ирэв. Жя Жэнь: “Наадуулаа бүгдийг хүл” гэж хашгирав. Жя Лянь, Жөү Рүйд хандаж:

-Та нарын анхны хэлсэн үг хамаагүй. Да е гийн эвлүүлж, салгасан зөв. Тэгэхэд юунд гадаа гарч зодолдож байгаа юм бэ? Та нарын зодолдох буруу байтал бас тэр золбин адгуусыг авчирч хэрэлдүүлдэг нь юү вэ. Чи тэднийг хориглон зогсоох байтлаа яагаад явуулж байгаа юм бэ гээд түүнийг хэд өшиглөв. Жя Жэнь:

-Ганц Жөү Рүйг занчаад нэмэргүй… гээд Бао Эр, Хө Сань хоёрыг тус бүр тавин ташуур занчуулаад хөөж явуулав. Тэгээд Жя Ляньтай гол явдлаа зөвлөв.

Үүнээс хойш хүмүүс далдуур янз бүрээр ярилцав. Зарим нь Жя Жэнь “өмгөөлжээ” гэнэ. Зарим нь “Эвсүүлж чадахгүй байна” гэнэ. Зарим нь бүр “Тэр ерөөсөө сайн хүн биш. Дээр үед тэр Ю овогт эгч дүү нарт маш их шившиг тарихдаа, Бао Элийг Эр Етэй эвлүүлээд авчирсан бишүү. Одоо Бао Элийг муу гэж голох нь түүний эхнэр сайхан асарч чадаагүйгээс болсон байх” гэхчилэн, олны ам оосоргүй юм болохоор эрээ цээргүй ярилцана.

Сүүлийн үед, Жя Жөн үйлдвэрийн зурагны тамга захирснаас хойш, төрлийн доторх зарим нэг хүн хөрөнгөжсөнийг хараад Жя Юнь бага сага ч бол ажил олж хийе гэж бодов. Тэгээд, гадуур ажил эрхлэн удирддаг хүмүүстэй хувь нийлүүлээд цагийн өнгөнд тохирсон торго, хатгамлын зүйлийг бэлтгэж аваад Фөн Жетэй уулзахаар очив.

Энэ үед Фөн Же гэртээ байж байв. Нэг бяцхан охин орж ирээд: “Да е, Эр Е хоёр уурлаад гадаа хүн занчиж байна” гэсэнд, Фөн Же хүн явуулж учрыг нь асуулгая гэж байтал Жя Лянь орж ирж учрыг тайлбарлав. Фөн Же:

-Төдий чухал явдал биш боловч энэ суртлыг хөгжүүлж ерөөсөн болохгүй. Энэ хэр манай гэр бас ч оргиж өөдөлж байхад тэд бас аймшиггүй үймүүлж зодолдоно гэнээ. Хожим ер нь доор үеийн хүмүүс гэрийн хэрэг мэдвэл, тэднийг дарж авахад нэн бэрх болно шүү. Тэр жил зүүн ордонд Жю да мал болтлоо согтож, зам дээр хэвтээд, их багыг ялгалгүй, амны зоргоор харааж байхыг би нүдээрээ үзсэн. Түүнийг хэдий гавьяатай хүн гэх боловч эзэн боолын хувьд баахан хэрээн мэдэж явбал зохино. Ганц би ч хэлж байгаа юм биш, Жэнь да найнай бол дорой номой хүн болохоор доод хүмүүсээ ёс номгүй болгож байна. Одоо бас юуны нь Бао Эл гэгч гараад ирэв. Тэр бол Жэнь да е та хоёрын итгэлт хүн гэж дуулдсан. Өнөөдөр яаж түүнийгээ занчив даа гэв. Түүний үг Жя Ляний чихийг халууцуулсан тул дотор нь эвгүй болоод, үгээ буруулан, ажилтай гэж шалтаглан гарч одов.

Энэ үед Шяо Хун орж ирээд: “Гадаа Жя Юнь ирээд найнайтай уулзъя гэнээ” гэж хэлэв. Фөн Же дотроо: “Бас юү гэж яваа юм бол доо” гэж бодсоноо “Оруул” гэв. Зарц хүүхэн гарч ирээд Жя Юнийг харж исвэлзэн инээхээр нь яаран ойртож очоод “Охин чи хэлэв үү” гэж асуув.

Шивэгчин царайгаа улбалзуулсаар “Эр Егийн яршиг үнэхээр их” гэсэнд Жя Юнь: “Би хэзээ яршиг удаж охиныг ядраасан билээ? Тэр жил охиныг Бао авгын гэрт байхад би охинтой…” гэтэл цаадах нь хүнд харагдуузай гэж санд мэнд: “Тэр жил би, Эр Ед сольж өгсөн алчуурыг Эр Е үзэв үү” гэв. Жя Юнь энэ үгийг сонсоод алсхин баярлаж ам ангайхыг завдтал дотроос бяцхан охин гарч ирэв. Тэгээд дотогш оров. Хоёул ойрхон зэрэгцэж явахдаа Жя Юнь: “Чи намайг гарч ирэхээр, үзэж өгөөрэй. Би чамд инээдтэй юм ярина” гэж шивнэв. Цаадах нь сонсоод царайд нь улаа бутарч, түүнийг нэг хяламхийснээ юм хэлсэнгүй. Фөн Жегийн үүдэнд очоод орхиулыг өргөж гараар дохиод: “Найнай Эр Е дотогш залж байна” гэв. Жя Юнь инээн дотогш орж Фөн Жетэй золгож амрыг эрээд хүлцэнгүй зогсоно.

-За ямар хэргээр явна даа.

-Авга бэргэн таны, ач хөвгүүн над хүртээсэн хайр энхрийллийн хариуд, элбэрлийг гүйцэтгэсүгэй гэж цаг ямагт санасаар ирсэн боловч авга бэргэний юм санахаас болгоомжилжээ. Одоо есөн сарын есний Фүн Янгийн улирлыг тохиолдуулан бага сага юм бэлтгэлээ. Авга бэргэний энд юу мундах вэ. Тийм гэвч ач хөвгүүн миний нэгэн хувийн ачлах сэтгэл болой. Ганцхан авга бэргэн таныг нүүр хайрлахгүй болов уу гэж зовно.

Өөрийн нь асуусанд ингэж хариулахаар нь Фөн Же инээж: “Өөр хэлэх юм байвал сууж байгаад хэл” гэв. Тэрбээр мөчидхөн сандайлж суугаад санд мэнд юмаа өргөж хажуугийн ширээн дээр тавив. Фөн Же: “Чи тийм их баян хүн биш байтлаа, бас надад зардал шаардагдаагүй байхад, мөнгө зоосоо сүйтгэж яана. Чи өнөөдөр юу бодож ирснээ, нууж хаалгүй шууд хэл” гэсэнд цаадах нь: “Өөр юм бодоогүй ээ. Авга бэргэний энэрэл өршөөлд бишрээд сэтгэл төвдөхгүй байсан юмаа” гээд инээв. Фөн Же:

-Тийм биш дээ. Чиний гар мөхөс, ганзага татууг би мэднэ шүү дээ. Би чиний бэлгийг зүгээр авч болохгүй. Чи энэ юмаа надад өгье гэж байгаа бол урьдаар тодорхой яригтун. Энэ мэтээр дуугарч ядаад татганаад байвал би харин авахгүй шүү гэв. Жя Юнь арга буюу босож зогсоод царайчлан инээмсэглэж:

-Аймшиггүй их санах нь биш. Лао е онгоны барилгыг ерөнхийлөн захирснаас хойш, ач хөвгүүн миний хэдэн найз, нилээд олон маш тохиромжтой барилгыг эрхэлсэн гэнээ. Авга бэргэн та, Лао ед сануулж өгөх болов уу. Нэг хоёр зүйлийг эрхэлж чадвал ач хөвгүүн би, авга бэргэний их өршөөлийг хэзээ ч мартахгүй. Ач хөвгүүн намайг энд хэрэглэх газар байвал мөн авга бэргэнд хичээн зүтгэнэ гэв. Фөн Же:

-Өөр хэрэг бол би харин эзэн мэдэж болно. Яамны хэрэг бол дээрхийг цөм ноёд түшмэд тогтоож, доорхийг цөм бичээч, хиа нар гүйцэтгэдэг. Өөр хүн гар дүрэхэд бэрх. Өөрийн нь гэрийн хүмүүс ч ганц Лао ег харгалзан сувилах төдий болой. Хоёрдугаар авга чинь очивч, тус тусын гэрийн явдлыг мэдүүлэхээс биш, албаны хэрэгт хутгалдаж чадахгүй. Гэрийн хэргийг хэлбэл, энд нэг үзүүрийг нь гишгэтэл, нөгөө үзүүр нь босоод, Жэнь да е хүртэл дарж дийлэхгүй байна. Чиний нас багын дээр бас үе доор тул яаж эднийг аргацааж чадах вэ. Яамны доторх хэрэг бас дуусах тийш болоод, хоолыг нь идэж хоосон гүйлдэх төдий болжээ. Чи гэртээ юү хийж болохгүй вэ? Аяга хоолоор дутсан уу? Энэ бол миний үнэн үг шүү. Чи хариад сайн бодвол ойлгоно. Намайг санасан санааг чинь нэгэнт мэдлээ. Чи хурдан юмаа аваачаад, олж ирсэн эзэнд нь энэ хэвээр нь буцааж өг гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал хөхүүл эх нь Чиюа Жэг аваад орж ирсэнд, түүнийг харвал, торго магнаг, хатгамал, ороомол тэргүүтнийг өмсөж, олон тоглоом бариад баяртай инээсээр Фөн Жегийн дэргэд очоод элдвийг шулганав. Жя Юнь босож инээмсэглэлээр яаран завдаж: “Энэ их охин дүү мөн үү. Чи ямар сайхан юм авна вэ” гэсэнд цаадах нь ва, ва гэж уйлсанд Жя Юнь сандран ухрав. Фөн Же: “Зүгээр, зүгээр” гэсээр охиноо авч өвөр дээрээ тэврэн: “Энэ чиний Юнь ах шүү. Бишүүрхэж болохгүй” гэсэнд Жя Юнь:

-Охин дүү, үнэхээр хөөрхөн төржээ. Хожим бас их буянтан болох байхаа гэв. Охин түүнийг эргэж харснаа дахин уйлав. Жя Юнь энэ байдлыг үзээд сууж чадалгүй яаран босож, салах ёс хийтэл Фөн Же: “Чи тэр юмаа ав” гэв. Жя Юнь: “Авга бэргээн та нүүр хайрлахгүй юм уу” гэсэнд цаадах нь: “Чи аваачихгүй бол би гэрт чинь хүргүүлье дээ. Юнь агь чи битгий ингэж бай. Чи бол гадны хүн биш. Миний энд хэрэг явдал болбол чамайг би дуудуулна. Учиргүй бол аргагүй. Эдгээр бэлэг сэлтийг авахгүй” гэв. Фөн Жегийн хавьтуулахгүй байгаад Жя Юнь царайгаа улайлган:

-Тийм бол би өөр хэрэгтэй юм олж авга бэргэнд барина гэсэнд Фөн Же Шяо Хунийг дуудан “Энэ юмыг аваад гар. Юнь агийг үдэж явуул” гэв. Жя Юнь дотроо: “Хүмүүс Эл найнайг хэцүү гэдэг. Үнэхээр хэцүү юм. Өчүүхэн ч зай завсар гаргахгүй, араа шүдээ тас зуусан үнэн хатуу хүн байна.Тийм ч учраас үр залгамжгүй байгаа биз. Энэ Чяо Жэ нэн жигтэй. Намайг хармагц урьд төрлийн өшөөтнөө үзсэн мэт бачимдана. Би нэг өдөр дэмий гүйжээ” гэж бодов. Шяо Хун, түүний нүүр олж чадсангүйд урамгүйхэн шиг юмыг нь аваад даган гарч ирэв. Жя Юны юмаа авуут боодлыг тайлж дотроос нь хоёр юм аваад сэмхэн Шиюэ Хүэнд өгсөнд цаадах нь авалгүй “Эр Е битгий ингэ. Найнай мэдвэл муухай юм болно” гэсэнд Жя Юнь,

-Чи авал даа. Айж яах юм бэ. Тэр яаж мэдэх юм бэ. Чи авахгүй бол намайг тоогоогүй болно шүү гэсэнд цаадах нь ялдамхан инээсээр аваад “Хэн чиний энэ юмыг авах юм бэ. Юу болж байна” гэж хэлээд царай нь улайсанд Жя Юнь инээж: “Би юм бодоогүй юмаа” гэв.

Тэр хоёр ийн ярилцсаар хоёрдугаар хаалганд хүрсэнд Жя Юнь юмаа авч сугавчлав. Тэгтэл Шяо Хун “Чи одоо явтугай. Ямар учир байвал намайг эрэгтүн. Одоо би энэ хүрээнд байх тул шууд уулзаж болно” гэв. Жя Юнь толгой дохиод “Эл найнай даанч хэцүү тул би байнга ирж чадахгүй. Миний саяын үгийг чи юу болсон ч дотроо мэднэ. Зав гарвал дахиад чамд хэлж өгнө” гэв. Охины царай улайж: “Чи одоо яв. Ирж байгаарай. Хэн чамайг түүнээс зай барь гэсэн юм бэ” гэсэнд Жя Юнь: “Мэдлээ” гэсээр явж одов. Шяо Хун түүний хойноос удтал мэлрэн харж зогсов.

Энэ үед Фөн Же оройн хоолны тухай ярьж байв. Тэрбээр “Та нар шингэн будаа чанав уу, үгүй юү” гэж асуусанд шивэгчид “Бэлтгэжээ” гэв. Фөн Же: “Та нар тэр өмнөөс ирсэн исгэмэл идээнээс хоёр пялыг бэлдээд аваад ир” гэсэнд цааш нь захив. Пин Эр хүрч ирээд

-Би нэг юм мартжээ. Үдээс өмнө найнай дээд гэрт Лао тайтайгийнд байхад Шюэ Юэ Ань сүмийн багш хүн ирүүлж, найнайгаас лонх өмнө газрын ногоо гуйсан бөгөөд бас бие тааруу тул хэдэн сарын зоос урьдчилан авъя гэжээ. Би тэр чавганцаас “Багш яагаад чилээрхсэн бэ” гэж асуусанд “Дөрөв тав хонож байна. Тэр нэгэн шөнө шавь чавганц нарын хамт байдаг хэдэн охин унтахдаа дэнгээ унтраасангүй. Хэдэнтээ хашгирсанд цаадуул нь сонссонгүй. Шөнө гурван жин өнгөртөл тэдний дэн асаж байжээ. Цөхөөд өөрөө босож дэнг нь унтраасан гэнэ. Тэгээд орондоо буцаад ирвэл, эр эм хоёр ханзан дээр нь сууж байна гэнэ. Та нар хэн бэ гэж асуувал, дээсээр хүзүүг нь оосорлоод авчээ. Сандраад хүн дууджээ. Цаадуул нь сонсоод ирж дэн асаавал, цагаан хөөс сахруулаад газар хэвтэж байсан гэнэ. Арай гэж сэхээжээ. Тэгэхдээ, одоо юм идэж, ууж чадахгүй байгаа гэнэ. Бага сага зуушаар амь зогоож байгаа” гэж байна. Найнайг эзгүй болохоор би түүнд өгч чадаагүй. Би түүнд “Одоо найнай дээд гэр рүү яваад завгүй байгаа тул ирсэн хойно нь хэлье” гээд явуулсан. Сая өмнө газрын зууш гэж ярихаар санаанд орлоо. Арай л гэж ор тас мартсангүй гэв.

Фөн Же баахан бодлогошроод “Өмнө газрын ногоо байгаа юм чинь явуулж болно. Харин мөнгийг нь маргааш Чинь агиар илгээе” гэв. Шяо Хун орж ирээд: “Сая Эр Егийн зарсан хүн ирж, өнөө орой хотын гадаа ажилтай тул ирэхгүй гэж хэлүүлжээ’ гэв. Фөн Же: “Мэдлээ’… гэтэл нэг охин амьсгаадан хашгирсаар хүрээнд орж ирэх сонсогдов. Гадаа үүдэнд ПИн Эрхэдэн охинтой шивэр авир ярилцах нь дуулдана. Фөн Же: “Хөөе, та нар юу яриад байна” гэсэнд “Жаал охин айсандаа, Олиу солиу юм ярьж байна” гэж Пин Эрхэлэв. Фөн Же: “Хэн нэг нь байна уу” гэсэнд бяцхан охин орж ирэв. Тэр охиноос “Юу яриад байна” гэж асуусанд

-Би сая сул зарцаар нүүрс нэмүүлэхээр хойш очлоо. Гурван тасалгаа хоосон гэрээс сүрчигнэх чимээ сонсогдлоо. Муур хулгана юм болов уу гэж бодож байтал гэнэт “Ай” гэх дуун гарч хүн амьсгаадах чимээ гарав. Би айгаад гүйгээд ирэв гэв. Фөн Же хараагаад,

-Чи битгий худлаа чалч. Манай энд ад чөтгөр, сахиулсан гэж байхгүй. Чиний хэлж байгаа шиг юманд би итгэдэггүй шүү. Цаашаа тонил гэв.

Фөн Же, Цай Минийг дуудаж, нэг өдрийн аар саар зардлын дансыг тааруулаад дуустал нэгэнт хоёр жин ойртжээ. Бүгд нэгэн зэрэг амсхийж, энэ тэрийг ярилцаад унтахаар хэвтэцгээв. Фөн Же нойрмоглон зүүрмэглэтэл шар үс нь босох мэт болж цочин сэрээд, улам айдас нь хүрсэнд Чю Тун Пин Эр хоёрыг дуудаж хань бараа болгосонд тэрбээр учрыг нь олсонгүй. Чю Тун угаас Фөн Жед таагүй. Хожим нь Ёу Эр Жэгийн хэргээс болж Жя Лянь түүнийг төдий л санахаа болихоор Фөн Же өөртөө татсан учир энэ хэр баахан амар болсон боловч дотроо Пин Эрд хүрэхгүй, гаднаа найрсаг ааш гаргаж явна. Одоо бол Фөн Жегийн бие тавгүйрхсэнд Чю Тун цай хийж өгөв. Фөн Же нэг оочоод “Чамайг ядраачихлаа. Явж унт даа ПИн Эрбайхад болно” гэсэнд цаадах нь царайчлангуй

-Найнайгийн нойр хулжсан тул бид хоёр ээлжлэн сууж болно гэв. Тэгсгээд Фөн Же ч унтав. ПИн Эртэр хоёр түүнийг сахиад сууж байтал алсад тахиан дуу сонсогдов. Тэднийг бүхлээр хэвтэж байтал тэнгэр гэгээрэв. Фөн Же ч босов. Түүнийг угааж самнаж дуусаад харж байвал шөнийн айдсаас болж цог заль нь муудсан мэт боловч гүжирмэг хүн болохоор хатуужин босов. Түүнийг мэлрэн сууж байтал гэнэт нэг охин хүрээнд “Пин охин гэртээ байна уу” гэж сураглах сонсогдоно. Пин Эрийг хариу дуугартал мөнөөх охин орхиул сөхөн орж ирэв. Тэрбээр Ван ФүРэнь: “Жя Лянийг олж ир” гэж явуулсан хүн гэнээ. Маш чухал хэрэг мэдүүлэх гэнэ. Лао е сая гадагш гарсан тул дайдаа Эр Ег хурдан оч гэжээ гэсэнд Фөн Же хэрдхийн цочив. Ямар хэрэг болсныг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж