"Хурлыг эсэргүүцсэн бөхчүүдээс болж асуудал үүслээ"

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

"Хурлыг эсэргүүцсэн бөхчүүдээс болж асуудал үүслээ"

"Хурлыг эсэргүүцсэн бөхчүүдээс болж асуудал үүслээ"

Монголын үндэсний бөхийн холбооноос VIII дахь “Их Эе” ээлжит их хурлыг маргааш “Чингис хаан” зочид буудалд хуралдуулахаар болсон. Энэхүү хуралд нийт 200 төлөөлөгч оролцох бөгөөд Бөхийн өргөөнд бүртгэлийг хийж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон бөхчүүд өчигдөр Бөхийн өргөөнд очиж, “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг холбооны тэргүүн Р.Нямдоржид өгөхийг хүссэн юм. Энэхүү үйл явдлын үеэр үймээн гарч багагүй асуудал үүссэн. Гэсэн ч холбооны зүгээс маргааш “Их Эе”-ийг хуралдуулах болно гэдгээ мэдэгдээд байна.

Үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Шийдвэр гүйцэтгэх газрын албаас шүүхийн шийдвэрийг танилцуулах үеэр маргаан гарсан байна. “Их Эе” хуралдаан маргааш товлосон хугацаандаа болох уу?

-Пүрэв гаригийн(2018.03.22) үдээс хойш хууль бус шийдвэрийн талаар бичиг өгөх гэсэн бөхчүүд ирлээ. Энэ шийдвэр хууль бус гэдгийг эртнээс мэдэгдсэн. Бөхийн өргөөний байрны хаалгыг эвдэж орлоо. Хурлыг хийлгэхгүй гэсэн бөхчүүдийн явуулж байгаа ажлын нэг байна. Маргааш товлосон ёсоор хурлыг хийхээр болсон.

-Үндэсний бөхийн “Их Эе” хуралдаан дөрвөн жилийн хугацаанд нэг удаа болдог. Өмнөх хурлын явц хэрхэн болж байв?

Олимпийн их наадмын дөрвөн жилтэй адил “Их Эе” болдог. Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал 2002 онд болох үеэр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд тухайн үед эсэргүүцэн хурлыг орхиж байжээ. Үүнээс хойш 2006 онд болох байсан хурал шүүхийн маргааны улмаас тасалдаж, 2010 оны VI хурал болсон байна. Харин 2014 онд болох байсан VII “Их Эе” мөн маргааны улмаас болоогүй. Энэ удаагийн VIII дахь “Их Эе”-ийн бэлтгэл ажил явагдаж байна.

-Хурлын бүртгэлийн явц хэр явагдаж байна вэ?

Нийт 200 төлөөлөгч оролцоно. Өчигдөр 100 гаруй гишүүд хуралд оролцох мандатаа авсан. Бүртгэлийн мандат олгох ажил өнөөдөр Бөхийн өргөөнд болно.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж