Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ

Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Н.Оюунбатаас манай тамирчид Лондон-2012 наадамд хэрхэн бэлтгэж байгаа, паралимпийн эрхийг хэдэн тамирчин биелүүлээд байгаа талаар тодруулга авлаа.

-Одоогоор (наймдугаар сарын 3-ны байдлаар) Монголын есөн тамирчин Лондон-2012 паралимпийн эрхийн болзлыг биелүүлээд байна. Гэхдээ яг эрхээ авчихаад байгаа нь цөөхөн. Жүдогоос П.Болортуяа эмэгтэйчүүдийн 52 кг-д, эрэгтэйчүүдийн 90 кг-д Д.Ганбат нар, мөн 60 кг-д Турк улсад 2011 оны дөрөвдүгээр сард зохион явагдсан пара жүдо бөхийн ДАШТ-ээс эрхийн болзол хангасан.  Мөн  эрэгтэй 66 кг, -100 кг-д хоёр тамирчны эрхийн асуудал энэ оны X-XI сард шийдэгдэнэ. 60 кг-д манай хоёр тамирчин байгаа тул эцсийн хариуг Олон улсын паралимпийн хариу ирсний дараа шийдэгдэнэ. Нэг жинд нэг улсаас нэг бөх л оролцох учиртай.

Байт харваагаар Б.Оюун-Эрдэнэ Гуанжоугийн Азийн пара наадам, 2011 оны долдугаар сард Итали улсад зохион явагдсан ДАШТ-ээс эрхээ авсан. Буудлагаар Д.Лхамсүрэн хийн гар бууны төрөлд эрхийн болзол хангаад байна. Гуанжоуд V байр эзлэн эрхээ аваад байгаа. Хөнгөн атлетикаар Ж.Лхагважав “В” нормативаар эрхээ биелүүлж, Д.Бадрал, С.Баярнаран нар болзлоо хангасан. Тэдний Лондонд уралдах эсэхийг нь Олон улсын паралимпийн хорооноос удахгүй зарлана.

-Цаашид эрхээ нэмэгдүүлэх, баталгаажуулах ямар тэмцээнүүд байгаа бол? Байт харвааны баг тамирчид удахгүй Их Британийг зорих тухай дуулдсан…

-Бээжин-2008 паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа нарын байт харвааны тамирчид есдүгээр сард Английн Стоук-Мандевиль хотноо эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Буудлагын баг тамирчид АНУ, Австралид эрхийн тэмцээнүүдэд оролцоно. Хөнгөн атлетикийн тэмцээнүүд ч бий.
Жүдогийн тамирчдын хувьд уралдаан тэмцээн дууссан, одоо гагцхүү оны сүүлчээр зарлах Дэлхийн чансааг хүлээж байна. Тэрхүү чансааны жин бүрийн эхний аравт багтсан бөхчүүд Лондонд барилдах эрхтэй болно.

-Урьд өмнөх паралимпийн наадмуудад манай улсаас цөөвтөр тамирчид оролцож байсан санагддаг. Харин Лондон-2012-т өргөн бүрэлдэхүүнтэй очих төлөв байгаа бололтой…

-Ер нь 2000 оноос эхэлж оролцоод, 2-4 тамирчинтай л явдаг байсан уламжлал бий. Энэ удаа өмнөхөөс илүү олон тамирчин оролцох боломж байгаа.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж