АНУ-ын бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан, хулгайлах хууль бус үйл ажиллагааг Хятад хаацайлан, хамгаалж байна гэх шалтгаанаар Төрийн Департамент тус улсын эсрэг хориг тавихаар төлөвлөж байна.
Оюуны өмчийн бүтээлийг хулгайлах, албан ёсны зөвшөөрөлгүй хуулбарлан, дуурайлгасантай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоох асуудлаар АНУ Хятадтай олон жилийн өмнөөс яриа хэлэлцээ хийж байгаа боловч ямар ч өөрчлөлт гараагүй учраас ийм арга хэмжээ авахаар болсон хэмээн Цагаан ордон мэдэгджээ. Хятад иргэдийн энэ хууль бус үйлдлийн хариуд татвар ноогдуулах болон бусад арга хэмжээ авах ажээ.
АНУ-ын Төрийн Департамент ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулснаас болж худалдааны дайн дэгдэж магадгүй нөхцөл үүсээд байгаа үед Хятадын эсрэг хориг тавибал худалдааны дайн жинхэнээсээ дэгдэнэ гэж шинжээчид анхааруулж байна.
АНУ Дэлхийн худалдааны байгууллагад мөн дээрх асуудлаар гомдол гаргахаар төлөвлөж байгаа талаар тус улсын худалдааны төлөөлөгчид хэлж байна.
АНУ Хятадыг цэрэг армийн хамгийн дэвшилтэт технологийг ангуучилж байна хэмээн сэжиглэж байгаа юм.
Эх сурвалж: BBC