Н.Энхбаяр: Ерөнхийлөгч байхдаа би 51 хувийг авах саналтай байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч байхдаа би 51 хувийг авах саналтай байсан

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч байхдаа би 51 хувийг авах саналтай байсан

Монгол ардын хувьсгалт намын /МАХН/  дарга Н.Энхбаяр, Иргэний зориг ногоон намын  дарга Ц.Ганхуяг, Монголын  үндэсний ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, Ногоон намын дарга О.Бум-Ялагч нар хамтран  өнөөдөр /2018.03.22/ мэдээлэл хийлээ.

Тэд 2009 онд  Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд байгуулсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний талаар ийн ярьцгаав.


О.Бум-Ялагч: Ямар ч улс гадны компаниар баялгаа ухуулдаггүй

Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ямар ч улс гадны компаниар баялгаа ухуулдаггүй. Та гэртээ ороод гэрийнхээ авдрыг гадны хүнээр  ухаалдаггүйтэй адил. Энэ чинь олон улсын тогтсон жишиг. Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд байгуулсан “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ   нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон ард түмний эрх ашгийг зөрчсөн гэрээ гэж  бид үзэж байгаа.  “Оюутолгойн” гэрээг анх хийж байхад 400 миллиард ам.долларын байгалийн баялаг байна гэж ярьж байсан. Гэтэл Германы эдийн засгийн сонинд  саяхан гарсан мэдээллээр  600 миллиард  ам.долларын байгалийн баялагтай гэж байна. Бид луйвардуулсан. Бид нарын 600 миллиард долларын баялгийн 400 миллиард гэж хэлээд авсан. 34 хувиа ч мөн адил  үнэгүй өгсөн. Нэгдсэн үндсэн байгууллагын 200 гаруй улс орнууд гадны компани аливаа нэг улст хөрөнгө оруулалт хийвэл  49  хувиас илүү хөрөнгө оруулж болохгүй гэж тогтчихоод байхад Монгол Улсад яагаад 66 хувь өгч байдаг юм” гэв.

Түүний дараа МАХН-ын  дарга Н.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, ард түмэнд буцааж өг

Тэрбээр “Нэгдүгээрт Оюутолгой бол Монгол Улсын газар нутаг дэвсгэр дээр  байгаа Монголын баялаг. Энэ баялгийг гадаадынхан олсон гэж ярьдаг. Тэр худлаа. Монголын ард түмэн тэнд  баялаг байгаа гэдгийг мэдэж байсан учраас тэрийгээ дархалж “Оюутолгой” гэж нэрлэсэн. “Оюутолгойн” баялгийг   олборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон нь үнэн.

Гэхдээ  бид өөрсдийнхөө 34 хувийг авахдаа ядаад  үнэгүй авах ёстой. Тэгтэл бид зээл тавьж авсан. Өөрсдийнхөө баялгийг, өөр хүн ашиглахад  нь гадны хүн шиг зээл тавьж авч байгаа юм. Зээл тавьж авсан учраас Монголын Засгийн газрын зээл нэмэгдсэн. Дээр  нь “Оюутолгойн” ордыг олборлож байгаатай холбогдуулж орж ирж байгаа мөнгө Монголд байхгүй. Гадаадын улс орны банк санхүүгийн байгууллагад байгаа биз. “Оюутолгой”д ажлын байр олноор бий болж байна гэсэн худлаа. Тэнд хамгийн өндөр цалинтай  инженерүүд нь дандаа гадаад хүмүүс. Хамгийн бага цалинтай  цэвэрлэгч үйлчлэгч, харуул, гэсэн ажлуудыг  монголчууд хийж байна.  Монголчууд өнөөдөр ядуу байгаагийн бас нэг шалтгаан болсон утгагүй гэрээг хурдхан цуцлах хэрэгтэй. Тэр утгаараа эх оронч хүн байдаг л бол монголын баялгийг монгол хүнд буцааж өгөх ёстой. Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан үндсэн хуулийн зүйл заалт мартагдлаа. Ард түмний мэдэлд буцааж өгье. Би ерөнхийлөгч байхдаа энэ гэрээнд Монголын тал бол 51 хувиас доошгүй авна гэж хэлж байсан. Манай баялаг юм чинь өр зээл тавьж авахгүй гэсэн байр суурийг  илэрхийлсэн учраас намайг 2009 оны сонгуульд унагаангуутаа энэ гэрээг хийсэн. Ялангуяа ард түмний өмчийг ярьж байгаа бол мэдээллийг ил тод болгох хэрэгтэй.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаануудын тэмдэглэлийг нууцыг зэрэглэлээс гарга.  Аюулгүй байдлын хуралдааны тэмдэглэлийг нийтэд дэлгэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, ард түмэнд буцааж өг” гэв.

Тэд тулган шаардах бичгийг ҮАБЗ-д  хүргүүлэх юм байна. Шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөдрийн УИХ ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэж, УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлэх болно гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж