Алдарт Серена Уильямс ахин ялагдав

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Алдарт Серена Уильямс ахин ялагдав

Алдарт Серена Уильямс ахин ялагдав

Дэлхийн шилдэг теннисчид АНУ-ын нарлаг Майами хотод цуглараад байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн “Miami Open” тэмцээнд “Их дуулга” тэмцээний 23 удаагийн аварга Серена Уильямс, Беларусын Виктория Азаренка нарын хуучдаас гадна өнөө цагийн чансаа өндөр шилдэг теннисчид оролцож байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алдарт Серена Уильямс цагаан хуудсаар оролцсон ч эхний тойргоос тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр дуулианы эзэн Японы Н.Осакад 6:3, 6:3-р хоёр үеийн турш хожигдлоо. Осака дараагийн тойрогт Украины теннисчин Е.Свитолинатай тоглох юм. 

Энэ жил 21 настай Наоми Осака өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэлльст болсон WTA-н цуврал тэмцээнд түрүүлж, карьерийн анхны цомоо авсан билээ. Серена тус тэмцээний үеэр гуравдугаар тойрогт эгч Винустай оноолт таарсан юм. Эгч, дүүсийн тулаанд эгч нь ялалт байгуулснаар цааш тоглох эрхийг авч байсан.

Өнгөрсөн намар охинтой болсон Серена өнгөрөгч нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан ч өөрийгөө хангалтгүй хэмээн өнжсөн юм. Тэрбээр “Их дуулга” тэмцээнд 23 удаа түрүүлээд байна. 

Серена Уильямс 2017 оны нэгдүгээр сард Мельбурнд түрүүлэхдээ хөл хүнд байсан бөгөөд есөн сарын дараа амаржиж, охинтой болсон. Тэрбээр Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтэй гэр бүл болсон бөгөөд тэд Алексис Олимпия Оханьян Жуниор охинтой болсон. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж