
тавьсан гэрэлт цамхаг шиг нууцлаг агаад даллан дуудах увидастай. Дундад зууны гяндангийн чулуун хэрэмнээс онгойж харлах нүд шиг онигор цонхоор тосон дэнгийн гэрэл бүрэг барагхан сүүмийж орчлонгоос залхсан жожиг хэрмэл эр заамал нарсан сандал дээр тухлан гиеүрч байх шиг санагдан дотор аягүйцмүй. Зугаа цэнгэл, эмс охид, налиг шалигаас уйдсан сайхь эр алсын замд үүрсэн дуудах хүлэг морио чагнаархан хүлээх шиг төсөөлөл төрөх агаад нөмгөн хөх үдэш нэвсийн буужээ. Энэ мэт солиу гаж бодолдоо хөтлөгдөн газраар зулсан хатсан навчсыг шаржигнуулан алхах зуураа бүсгүйн өдөнгүй аальгүй төрхийг санан байв.
Хэрэг болгон зорих улс ийшээ зүглэнэ үү гэхээс биш замын хүн орж аяга халуун цай уугаад гардаг газар биш тул нам гүм юм. Эрүүл саруул ухаанаар бол буйдхан цэцэрлэгийн бөглүү гүнд зоогийн газар бариад ашиг олно гэдэг харганы ноосоор эсгий хийхийн үлгэр шиг санагдавч хүмүүсийн хөрч хүйтэрсэн сэтгэлийг бүлээсгэх ямар нэгэн юм байх магадгүй аж. Шоронгийн өргөстэй тор шиг эвгүй муухай сараалжин төмөр хашааны үүднээс авахуулаад золбин жингэр намайг дагав. Үмх талх хаяад өгөх болов уу гэсэн өрөвдөлтэй нүдээр цөхрөлтгүй ширтэн дагах нохойн харц эгээ л гуйлгачных шиг ажээ.
Харц бол сэтгэлийн толь юм.
Гудамжны шороонд өлөн тоосон дунд даруулсан сэгсгэр хар хүүхэн хүүхдээ хөхүүлэн гуйлга гуйж суудаг байв. Өглөө болгон хажуугаар нь өнгөрөхдөө хэрэг болгож арван төгрөг хаяж өгдөг юм. Хайрцаг шүдэнзний үнэ хүрэхгүй арван төгрөг залуухан тэр хүүхэнд ганц бөөрөнхий талх авахад нь нэмэр болдог л байх, гэвч юу шалих билээ чааваас. Гуйлгачны харц ихийг хэлнэ. Арван төгрөг байна уу, зуун төгрөг байна уу хамаагүй. Жаахан ч болов юм хайрлаач гэсэн бүтэн өгүүлбэр бичээстэй байдаг. Хэвтэрт бүтэн жил болсон хүнд өвчтэй хүний харцыг бас уншсан. Сүүж нь цоорч, арьс тохсон хэлхээтэй яс шиг хөөрхий тэр амьтан амьд явахсан, алтан нарыг ганц өдөр ч болов харахсан гэж амь гуйсан өнгөтэй байсан. Аргаа барсан үр хүүхэд нь зовлонгоос нь түргэн ангижруулж өгөөч гэхийн оронд эцэгт минь хэдэн өдрийн нас хайрлаач гэж бурхнаасаа бас бишрэлийн харцаар гуйн сөгддөг билээ.
Харц бол сэтгэлийн толь юм.
Залуу багын минь найз архины ард жигтэйхэн яриасаг билээ. Гэртээ бол эсрэгээр, эхнэртэйгээ тоотой хэдэн үг солино. Тэр нь хүүхдээ орой хэн авах вэ, хөргөгчинд мах байгаа юу гэх зэргээс хол хэтрэхгүй. Тэднийд байх үед торонд орсон шиг хачин мэдрэхүйд нь баригддаг. Дув дуугай байсаар гөлийсөн эхнэрийн нь харцанд эр нөхрөөсөө халамж энхрийлэл, бүлээн дулаан үг хүлээсэн горьдлого байхыг би олж харсан. Эхнэртээ сэтгэлгүй юм бол уу гэж өөртөө хүчээр итгүүлэхийг хичээсэн боловч хоёр дахь хүүхэд нь гарч, хэрүүл уруулгүй амьдраад байдгийг нь бодоод энэ бодлоосоо буцсан билээ. Өөрт нь юм бүхэн бий боловч хүнийх илүү сайхан харагдаж нүд унагаж явдаг хүн байдаг. Эсвэл өөрт байхгүй боловч хүнийхийг харахаар нүд хорсдог хүн ч бас бий. Тэнхлүүн цагтаа бусдын жаргалыг гишгэчин хаясан балмад нэгэн ягтаа тулахаар муу муухай яваагаа арчаагүй тоочин бусдаас хайр халамж гуйдаг. Гуйлга бол ер нь олон янз. Газар хүртэл тэнгэр царайчлан хур гуйхын адил бөлгөө.
Золбин жингэр зоогийн газрын хаалга хүртэл дагаад аргагүйдэн үлдэв. Халаасаа байтугай сэтгэлээ тэмтрээд ч өгөх юмгүй тул би дотогшоо орж явчив. Хоолны үлдэгдэл цаасанд боогоод гаръя гэж бодсон билээ. Тэгэвч энэ маань өөр хүн дагаж шарвагнаад алга болчихгүй бол шүү дээ.
Болзсон цагтаа бүсгүй ирээгүй байв. Орхигдсон балгас шиг гаднаас нь харахад базаахгүй зоогийн энэ газарт улс санаанд оромгүй их цугладаг аж. Кинон дээр гардаг газар шоронгийн салхивч шиг шоо дөрвөлжин жижиг цонх бараадан тухласан хүмүүс хоёулхан сууж талстан гилтэгнэх шилэн аягатай шар айраг тавтай шимнэ. Ширээ сандал нь ерөөсөө л хоёр хүнд зориулсан юм. Энгийн, болхи бааздуу сандал ширээ нь будаг шунхгүй, ур муутайхан мужааны хийсэн эд шиг юм. Шил толь болсон гял цал юмсаас хавьгүй илүү сэтгэлд өег дулаан ийм ширээнд суугаад хамгаас дотно хэн нэгэнтэй сэтгэлийн доторхио уудлан суух нь алдаж эндэж, харуусаж халаглаж туулдаг хүний алаг тавилан, ойчин цойчин сэтгэлийн цоорхойг хүвэрдэх зүү учиг болдог байх магадгүй. Энд тухлах хүмүүс тохьтой томоотой, ганц ээлжийн пиджакаа таван жил гамтай өмсдөг, цалингаа илүү ч үгүй, дутуу ч үгүй тааруулдаг тийм л хүмүүс болов уу гэмээр санагдана. Хүүхнүүд нь ч ялгаагүй, цалингаасаа илүүчилж байж ганц хослол, цамц энэ тэрхэн авч өмсдөг, өөрийн аманд гэхээсээ үр хүүхдийнхээ ам руу балга шөл хийх гэсээр эдэлж хэрэглэж, үрж зарж чадалгүй, бас наргиж цэнгэж, сэмхэн нууцгай болзож үзээгүй жирийн эхнэрүүд болов уу даа ер нь. За тэгээд элэг бөөр нь өвддөг улс шиг тийм л нэг уруу дорой хүмүүс дээ бүгд.
Миний байх газар биш гэж бодсон хэдий ч бүсгүй хэрэг болгон энэ газрыг сонгосон болохоор гараад явчихаж зүрхэлсэнгүй. Түүнийг хүлээнгээ шар айраг захиалан тамхи баагиулж суув. Тэгж ингэсээр байтал нас бас л дөч гараад явчлаа шүү. Болно, болгоно доо гэсээр явтал ингэдэг байна шүү, ай даа хүний буян худгийн ус хэмжээтэй гэдэг оргүй үг биш байж дээ гэж хөнгөн гунигтай бодов. Идэр залуугийн ааг омогтой үедсэн бол юухан байхав туучаад л гарна даа гэж бодох биз. Бодоогүй биш бодож, туучаагүй биш туучсан байна уг нь. Алганд багтдаг алаг тавилан өөрийн санаснаар болохгүй нь гачлантай. Зөв бодож зөөлөн дуугараад явбал болно гэж хар ухаандаа төсөөлөвч өөрөөс шалтгаалахгүй юмс хөл дороос босно, өгсүүр уруугийн ээдрээ нугачаанд ээдэж гашилсан сэтгэл халирамхай эмзэг болчихдог ч юм уу, ер нь л дотроосоо идэгдэх хатсан хожуул шиг гаднаас нь харахад бүрэн бүтэн шиг авч дотроо бол элж хорж дуусчээ. Ай чааваас даа гэж бодон гутран гуних бишгүй цагт гашуун хар усаар хоолой чийглэн галтай ус залгилсан шиг галзуурч ганирч ч явлаа. Тэглээ гээд юу нэмэгдэв. Алдаа, ахиад л алдаа, нэг алдааны хойноос хөврөх бишгүй олон алдаа. Зам гудсын чулуу цэвэрлэж, хотгор гүдсийг нь тэгшилж чардайсаар байтал нэг л өглөө дөч хүрчихдэг байна шүү.
Бүсгүй үүдээр орж ирүүтээ нүдээрээ ойр орчныг гүйлгэн нэгжээд намайг харж гараараа дохин гунхалзан алхсаар ирэв. Уянгалаг хөгжүүн хэрнээ гүн уйтгарласан нүдтэй, үгээр хайш яайшхан амар зурж боломгүй нэг л тийм эмэгтэйлэг донжтой. Дээхнэ үеийн хүрээ хүүхнүүдийн донж гэж байсан юм гэнэ лээ. Донж гээд байгаа нь бүсгүй хүний уян налархай эмэгтэйлэг байдлыг л илүү олж харснаас гарсан үг байх. Бүсгүй их хөхиүн цоглог юм. Тайрмал үсээ нүүр рүүгээ унаган аальгүйтэж, жин жин инээхэд хацарт нь самрын яс тогтмоор гүн тод хонхор тодорно. Жаал байзнаснаа хөлөө солбиж ачин нэмэр чимэггүй ярианд баясан ахиад л тас тас инээнэ. Их уйтгартай, хар нялхаараа өтөлсөн залуу хархүү түүнд унаж тусаж байгаа гэж ярив.
– Шал гуниг юм аа. Уйтгартай хүн байх нь байдаг. Тийм гуниг залуу ёстой хараагүй. Архи амсахгүй, тамхи татахгүй, бас нэг муу хартай. Одоо ч яахав, нугастай юм шиг нахилзаад, намайг юу л гэнэ минийхээр байх янзтай юм. Хүн яаж хувирахыг тэр гэхэв тийм үү ?
– Мэдэхгүй л дээ.
– Чи ч хаширтаа амьд яваа юм хойно, аргагүй гэснээ ахиад өнөөх хөхиүн инээд цалгиаж байв.
– Айж явбал аминд тустай
– Минийхээр болох юм гэж байх биш… Надаас айгаад яах вэ ?
– Худлаа амалж чадахгүй ээ
– Мэднэ ээ. Чи өөрөөсөө илүү эхнэрээ хайрладаг. Өөрөөсөө илүү шүү. Азтай бүсгүй юм аа .
– Хүн өөртөө л хайртай байдгийм даа…
– Чи хэзээ өөрийгөө хайрлаж байсан юм.
– Хайрлахгүй дээ яасан гэж ?
-Ямар ч байсан эхнэрээ илүү хайрладаг. Тэрний нүднээс нулимс унагахгүйн төлөө чиний хамаг амьдрал дууссан. Хотын цагаан хүүхний ааш аягт тааруулах гэсээр худалч, хулчгар, арай л хулгайч болоогүй байх. Одоо ч гэсэн яарч л байгаа, мэдэлгүй яахав дээ би чамайгаа.
-Мэдсээр байж уях ямар хэрэг байна…Уцаардуу хэлснийг минь тоож байгаа янз алга. Тэгэхээс тэгэх гэсэн шиг адтай инээмсэглэн
-Шийдэж чаддаггүй. Чиний үгийг л дагана.
-Юу тэр вэ ? Галзуураагүй биз…
-Аль эртийн юм ш дээ. Чи л мэддэггүй болохоос биш
-Юу юм тэр чинь
-Хүүхэд гаргавал яах уу
-Гаргаач дээ.
-Хайргүй хүнийхээ хүүхдийг үү ?
-Тэгвэл яах юм, зовлон болохгүй юу, эсвэл зүгээр үү
-Харин мэдэхгүй байна аа. Дүүрсэн хэрэг. Чамайг харж насыг барснаас эртхэн ганц хүүхэд гаргадаг юм билүү. Хүүхэд гарчихаар тэрнийг арай өөрөөр харах ч юм болов уу?
-Ёстой мэдэхгүй, би лав зөвлөж чадахгүй
-Чамайг ингэж хэлнэ гэдгийг ч мэдэж байна л даа
-Тэгвэл яах гэж асуусан юм
-Яахав дээ. Чамайг өөрийнхөө нэг хэсэг гэж бодоод дасчихаж
-Чи яах гэж намайг зовоож байдаг юм бэ ?
-Чиний айж бэмбэгнэх чинь аятайхан байдаг. Тоохгүй болохоор чинь бага ч гэсэн хариугаа авч байгаа шиг санагдаад…
-Айлгах юм аа олов оо бас.
-Том гэдсээ чирээд эхнэр дээр чинь очвол яахав. Нэг хэсэг л юм болно доо. Эсвэл чамаас хүүхэд аваад хоцорч болох юм. Дуртай үедээ дуудаад л. Хүүхэд чинь халуураад байна гэж. Чи эхнэртээ яаж худлаа хэлж гэрээсээ гарах бол.
-Дэмий ярихаа боль оо.
-Нээрээ яахав, чи нэг шийд хэл л дээ. Түрүүний яриа бол тоглоом. Яг үнэнээсээ би яах вэ? Муу хүн биш гэдгийг зөнгөөрөө мэдэж байна л даа.
-Гаргаад л үзэхгүй юу.
-Өөрөөсөө холдуулж л байвал чамд хамаагүй л дээ.
-Чи өөрөө миний шийдийг дагана гээ биз дээ.
-Чи үнэнээсээ хэлж байна уу ?
-Тийм. Чин үнэнээсээ.
-Тэгвэл би шийдлээ гэв.
Нөмгөн хөх үдэш хязгааргүй алсад үргэлжлэн одод уйтгартайяа анивалзан байв. Багадаа тэнгэрийн одыг зүслэн минийх гэж булаалдаж явсан юм сан. Хаахна гэрэлтдэг юм бол доо өдийд. Бүсгүйд ч бас өөрийн гэсэн од байсан л байх даа. Бид хоёрынх лав тэнгэрийн баруун зүүн талд гарчихаад бие биенээ алсаас ширтэн байдаг болов уу. Ард сүүтэгнэсэн чимээ гарав. Зайлуул өнөө муу жингэр. Гуйлгачны нүдээр цоо ширтэн дагаж байв. Итгэл найдвар гэдэг тийм амар бөхдөггүй аж. Энэ л нэг жаахан юм хаяад өгчих болов уу гэсэн нүдээр цөхрөлтгүй нэхнэ.
-Өө уймраа таг
-Юу болов оо
-Цаасанд хоолны үлдэгдэл боогоод гаръя гэсэн идчихэж
-Яахнав. Энэнд өгөх гэж үү
-Харин тийм ээ. Чи нүдийг нь хар л даа. Гуйлгачных шиг байгаа биз, өрөвдмөөр.
-Би энэнтэй адилхан байна уу
-Битгий дэмий яриад бай
-Хэл л дээ. Адилхан байгаа биз дээ. Чамайг царайчлаад л, гуйгаад л. Аргаа барахдаа үрийг чинь гаргаад харж явъя даа гэж…
-Юу гэнэ ээ. Чи өөр залуу гэж яриа биз дээ.
-Наад тийм сэтгэлийн зай бий юу. Чамаас өөр хэн байхийм.
Эг маг хийн ёстой жинхнээсээ “уймраа таг” болж зогсох зуур бүсгүй машинд суугаад алга болов.
Шийдлээ гэж юу ярьсан юм бол. Тээдгээ тээгээд яваа юм байна шүү дээ, ээ халаг. Тэрнийгээ хэлэх гэж ирж. Намайг хөхөлзүүр хүйтэн байхаар жаахан дүйвүүлж байгаад явчихаж гэж бодтол нэг уяруу, хачин өөриймсөг бодол төрөв. Залгавал утсаа салгасан байлаа. Аятайхан ганц үг хэлээд шанхыг нь илбэдэг байж дээ. Алдаж эндэж дуусах хорвоо биш. Амьд явах болно, амьдрах ч болно шүү дээ яаж ийгээд…
Бидэрийн Баярсайхан
2ОО9.О8.27