С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг өнөөдөр /2018.03.22/ ‘Нэг цонх’ клубийн гишүүн П.Амар болон П.Ариунжолоо нар танилцууллаа. Тэд мэдээллийн эхэнд “Бид Швейцарын прокурорын газартай холбогдсоны үндсэн дээр Швейцарын дээд шүүхээс гаргасан шүүхийн тайлбарыг энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр авч чадсан. Тэгэхээр албан ёсных гэсэн үг” гэж байв.
“Нэг цонх” клубийн гишүүн П.Амар Швейцарын шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулъя. “2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн А гэгчийн ‘С’ гэх нэртэй компанийн дансан дахь нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.
С.Баярцогт 2008 оны тавдугаар сард “Legend Plus Capital Limited” компаниа байгуулсан байдаг. Мөн 2008 оны долдугаар сард ба ‘Legend Plus Capital Limited’ компанийнхаа дансыг нээлгэсэн бол 2008 оны есдүгээр сард өөрийнхөө нэр дээр хувийн данс нээлгэсэн. Энэ үеэр БНХАУ-ын иргэн А нь 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт руу 8,2 сая евро шилжүүлсэн байдаг. Швейцарын шүүхээс БНХАУ-ын иргэн А-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлүүдийн дансыг царцаасан.
2008 оны арванхоёрдугаар сард болон 2013 оны нэгдүгээр сард тус бүр 670 мянган евро, хоёр сая ам доллар С. Баярцогтын хувийн данс руу өөрийнх нь “Legend Plus Capital” компаниас шилжсэн.
2001 онд “Рио Тинто” компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсөн хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.Швейцарын прокуророос “Рио Тинто” компани 2011 онд бусад улс орнуудад авлигал өгсөн байх магадлалтай байна гэж үзээд тандалт хийж үзсэн байгаа юм. Энэ үеэр “Рио Тинто”компани нь компани нь дотоод хяналт шалгалт хийгдэж, мөн компанийн 50 хувийг төр нь буцааж аваад, өөр компанид 50 хувийг нь буцаагаад зарсан. С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн сайд байсан. Сайд байх хугацаандаа 2009 онд “Рио Тинто” компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ үед С.Баярцогтын данс руу их хэмжээний мөнгө орж таарснаар Швейцарын прокурор сэжиглэж эхэлсэн юм.
2013 онд Монгол Улсад оффшорын асуудлууд сөхөгдөөд ирсэн үед С.Баярцогт 2013 оны арванхоёрдугаар сар болон 2014 оны нэгдүгээр сард Баярцогт БНХАУ-ын иргэн А руу 674 мянган евро болон, сая 489 мянган ам.доллар буцаагаад шилжүүлсэн байдаг гэв.
С.Баярцогтод алдаагаа засах боломжийг нь олгоод уучилъя
П.Ариунжолоо “Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй гэрээ байна гэдгийг Монголын ард түмэн сүүлийн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. “Рио тинто” компанитай байгуулсан гэрээ ашиггүй гэдгийг нотлохын тулд төрийн бус байгууллагууд хувь хүмүүс бүгд Сангийн сайд асан С. Баярцогт гэдэг хүнийг авлигал авсан байна гэдгийг нотлох гэж удаа дараа оролдсон. С.Баярцогт өөрөө буруугүй гэдгээ нотлох гэж олон удаа тайлбар хийсэн. Бидний хувьд “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээ нь Монгол Улсад ашиггүй байна гэдгийг яриад байгаа юм. “Рио Тинто” компани нь таван тэрбум долларын ноогдол ашиг тараасан гэж яриад байгаа. Гэтэл манай улсад ямар ашигтай гарсан юм бэ?
Бид С.Баярцогтын хахууль авсныг нотлох гэж арван жилээ үрсэн байна. Угаасаа нотолж ч чадахгүй байх. Манай клубийн зүгээс С.Баярцогтыг буруугүй гэдгийг нотлох биш хийсэн алдаагаа засах боломжийг олгох хэрэгтэй гэдэг санаачилгыг гаргаж байна. Алдаагаа залруулчих юм бол Монголын ард түмэн С.Баярцогтыг уучлахад бэлэн байгаа.
Бүгдээрээ С.Баярцогтыг уучилъя. С.Баярцогтод алдаагаа засах боломжийг нь олгоод уучилъя. Бүгдээрээ адилхан монгол хүн байж биедээ хатуурхаад яах юм бэ? Эцсийн эцэст “Рио Тинто” компани Монголын эрх ашгийг зөрчөөд байгаа болохоос С.Баярцогт руу дайраад нэмэр байхгүй. С. Баярцогт мэргэжлийн ур чадвар юм уу ёс суртахууны ямар ч алдаа гаргаж болно. Тиймээс өөрийн алдаагаа хүлээгээд уучлалт гуйх юм бол С.Баярцогт оо чамайг уучилъя” гэв.