Агуйд амьдарч байсан удирдагч

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Агуйд амьдарч байсан удирдагч

Агуйд амьдарч байсан удирдагч

Агуйд амьдарч байсан үе

XXI зуунд агуйд амьдарч, фермд ажиллаж байсан удирдагч бараг байхгүй.

Харин Хятадын удирдагч Ши Жиньпин одоогоос тавин жилийн өмнө Бээжин хот Соёлын хувьсгалаар үймж байхад 15 настай байсан бөгөөд хөдөөгийн алслагдсан тосгон руу цөлөгдөж, агуйд амьдарч байжээ.  Ши Жиньпиний эцэг бол хятадын Коммунист намын гишүүн, Хятадын агуу удирдагч гэгддэг Мао Зэдуны итгэлт нөхөр, Ши Чунсюнь юм. Ши Чунсюнь 1959-1962 оны хооронд Хятадын төрийн зөвлөлийн дэд дарга буюу Ерөнхий сайдын орлогчтой дүйцэх албыг хашиж байжээ. Гэвч Ши Чунсюнь  Соёлын хувьсгалын үед (1966–76)  нам, төрийн үйл хэрэг болон 1989 оны Тянь-Ань-Мэний оюутнуудын бослогыг нухчин дарсан үйл явдлыг хурцаар шүүмжилснийхээ төлөө эсэргүү гэгдэж байжээ.

Ши Жиньпиний бага нас Бээжин хот дахь Хятадын эрх баригч элитүүдийн хорооллын тансаг орчинд өнгөрсөн юм.  Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдун хотын олон сая залуучуудыг хөдөөгийн  хүнд хэцүү амьдрал үзүүлэхээр илгээсний нэг нь Ши Жиньпин байжээ.  Илгээлтээр Шэньси мужид очсон Ши Жиньпин зургаан жил хөдөө аж ахуйн ажилд тусалсан гэдэг. 1960-аад онд Хятадын хөдөө тосгодод амьдрал тун хүнд байв. Тэр үед гэрэл цахилгаан, мехиникжсан тээврийн хэрэгсэл гэж огт байсангүй. Гэвч энэ үед олж авсан итгэл үнэмшил, зан чанар, сахилга бат түүний амьдралыг өөрчилсөн гэдэг.

 “Би Шэньсигийн шар чулуутын унаган хүү. Энэ нутаг намайг бий болгосон” хэмээн ярих дуртай ажээ.  Тэрбээр  “Шэньсид очихдоо би дөнгөж 15 настай юугаа ч мэдэхгүй хүүхэд байлаа.  Харин 22 настай тэндээс явахдаа амьдралын зорилготой, өөртөө итгэл төгс болсон байсан” хэмээжээ.

Тэр үед Мао Зэдуны алдартай жижигхэн улаан номыг уншаагүй хүн ховор байжээ.

Харин өнгөрсөн жилийн аравдугаар сард ХКН-ын 19-р их хурлаар Ши Жиньпин өөрийн боловсруулсан “Хятад онцлогтой социализмын шинэ эрин байгуулах Ши Жиньпиний үзэл онол”-ыг танилцуулж, намын дүрэмд тусгахаар болсон юм. Түүний онолыг одоо Хятадын жирийн иргэдээс авхуулаад үйлдвэрийн ажилчид, оюутан сурагчид, намын гишүүд, төрийн албан хаагчид бүгд судлах шаардлагатай болж байна.

Улс төрд хөл тавьсан нь

1974 онд Ши Жиньпин намын жинхэнэ гишүүнээр элсч, орон нутгийн намын үүрийн нарийн бичгийн даргын алба хашиж байлаа.  Харин нэг жилийн дараа тэрбээр Бээжин хотын Чинхуа их сургуульд химийн  инженерийн мэргэжлээр суралцжээ.

1979 онд их сургуулиа төгсөөд Ши Жиньпин Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга, дараа нь Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Гэн Бяогийн нарийн бичгийн даргаар гурван жил ажиллажээ. 1982 онд Ши нарийн бичгийн даргын ажлаа өгч, Хэбэй мужийн намын үүрийн хорооны нарийн бичгийн даргын орлогчоор очжээ. 1985 онд Ши Жиньпин Фужянь мужийн Сямынь хотын орлогч дарга, намын хорооны гишүүнээр томилогдсон байна.

Гэрлэлт

Ши Жиньпин Фужяньд ажиллаж амьдарч байхдаа Хятадын алдартай дуучин Пэн Лиюаньтай танилцаж, 1987 онд гэрлэсэн юм. Энэ үед тэрбээр улс төрийн карьераа үргэлжлүүлж, 1995 онд мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга болжээ.

Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 1999 онд Ши Жиньпин Фужянь мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, нэг жилийн дараа мужийн захирагч болсон юм.

Фужянь мужийн захирагч байхдаа Ши Жиньпиний онцгой анхаарч байсан асуудал нь байгаль орчны хамгаалалт болон Тайваньтай харилцах харилцаа байв.

Ши Жиньпин 2002 он хүртэл Фужянь мужийн захирагч болон намын хорооны орлогч нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад Жөжян мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, 2003 оноос намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. Энэ үедээ Ши Жиньпин мужийн аж үйлдвэрийн дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгоход томоохон ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Хяналт

2007 онд Шанхай хотын удирдлагуудтай холбоотой дуулиан шуугианы дараа түүнийг хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Энэ үед тэрбээр ХКН-ын УТТ-ны Байнгын хорооны есөн гишүүний нэгээр томилогдсон нь түүний удирдагч болох замыг зассан билээ.

УТТ-ны Байнгын хорооны гишүүнээр сонгогдсон нь Хятадын дарга асан Ху Жинтаогийн залгамжлагчдын жагсаалтад орох завшаан олгосон билээ.

2008 онд Ши Жиньпинийг Хятадын дэд ерөнхийлөгчөөр сонгоход түүний байр суурь тодорхой болсон.

2012 оны арваннэгдүгээр сард болсон ХКН-ын 18-р их хурлаар Хятадын дарга асан Ху Жинтао түүнийг өөрийн залгамжлагчаар нэрлэж,  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Ши Жиньпин Хятадын удирдагч болсны даруйд хэрэгжүүлсэн нэг зүйл нь улс орныг хамарсан авлигын эсрэг кампанит ажил байсан юм.

Авлигатай тэмцэх энэхүү кампанит ажлын хүрээнд ХКН-ын олон мянган гишүүн намаас хөөгдөж, өндөр албан тушаалтнууд суудлаасаа огцорч, шоронд хоригдсон юм.

Мөн Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг дахин сөхөж, зүүн Ази, төв Ази болон Европын улс орнуудыг холбох худалдаа, дэд бүтэц, хөгжлийн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг эхлүүлсэн.

Удирдагч

Ши Жиньпин Хятадын удирдагч хоёр удаа таван жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар батлуулснаар нэг насаараа Хятадыг удирдах эрхтэй болсон юм. Ингэснээр тэрбээр Мао Зэдунтэй эн зэрэгцэх удирдагч болж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж