Хаврын башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Хаврын башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

Хаврын башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Осака хотод болж буй башёгийн дээд зиндааг ёкозүна Какүрюү М.Ананд 11 даваатайгаар нэг ч унаагүй тэргүүлж байна. Түүний араас 10 даваа, нэг унаатай ганц бөх байгаа нь Кайсей юм. Башёд түрүүлэх магадлал өндөр байсан озэки Такаясү ес, Гоэйдо найман даваатай болжээ.

Манай бөхчүүдээс комүсүби Ичиножёо А.Ичинноров найман даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол өнөөдөр озэки Гоэйдортой барилдахаар оноолт таарчээ. Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна. Араваши Э.Дөлгөөн хоёр даваа, есөн унаатай болсноор тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон юм.

Чиёошома Г.Мөнхсайхан таван даваатай болсон бөгөөд үлдсэн дөрвөн барилдаанаас гурван даваа заавал авах даалгавартай үлдлээ.

Башёг нэг ч унаагүй тэргүүлж буй ёкозүна М.Ананд өнөөдөр сэкивакэ Гүржийн Точиношинтэй барилдахаар оноолт таарчээ.

Жюүрёод барилдаж буй бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаан даваа, таван унаатай болсон бол Азүмарюү С.Тодбилэг гурван даваа, найман унаатай болсноор тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон байна.

Тэгвэл өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн Таканоива А.Баасандорж жюүрёод барилдаж байгаа. Тэрбээр өнөөдрийн барилдаанд Амаказед ялагдаж, таван даваа, долоон унаатай боллоо. Таканоива А.Баасандорж үлдсэн гурван өдрийн барилдаанд унах эрхгүй үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж