Нийслэлийн Хан-Уул дүүргийн VI хорооны Засаг дарга С.Цэцэгээг улсын тамга тэмдэг алга болгож, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр тус дүүргийн шүүхээс нэг жилийн хорих ял оноож, наймдугаар сарын 5-наас эхлэн хорьжээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн тус дүүргийн зарим иргэд өнөөдөр ХУД-ийн Засаг даргын тамгын газрын байрны өмнө цуглаж, эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ үеэр тэд ХУД-ийн Засаг дарга Х.Ганхуяг болон тус дүүргээс сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг нарт шаардах бичиг хүргүүлсэн байна. Уг шаардах бичигт нам хоорондын ашиг сонирхлын зөрчлийн улмаас ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байсан энгийн иргэнийг гүтгэж, цагдан хорьсон энэ явдлаа даруй зогсоохыг шаардаж байна гэжээ.
С.Отгон