Яг одоо таны хүүхэд ямар нэвтрүүлэг үзэж байна вэ? Та энэ асуултад эргэлзээгүйгээр хариулж чадах уу. Таны хүүхэд хүүхэлдэйн киноноос өөр мэдээлэл, мэдлэг авчих нэвтрүүлэг үзэж чадаж байгаа юу? Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар монгол хүүхдүүд ажлын өдөр 2.36 цаг, амралтын өдөр 3.23 цаг зурагт үздэг аж. Ингэхдээ 18.00-24.00 цагийн хооронд зурагт үздэг гэнэ. Тиймээс монгол хүүхдүүд насанд хүрэгчидтэй ижил цагт, ижил хугацаанд зурагт үздэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг кино, үздэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, яг одоо таны хүүхдийн үзэж байгаа нэвтрүүлэг тэдэнд сөрөг нөлөөтэй байж болох гэнэ.
Хүүхэд өдөрт хоёроос илүү цаг зурагт үзэж болохгүй
Хүүхэд өдөрт хоёр цагаас илүү зурагт үзэж болохгүйг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл монгол хүүхдүүд олон цагаар зурагт үзэж байна. Зурагт их үзэх нь тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг гэж япон эрдэмтэд судалгаагаар баталсан байдаг. Хүүхдэд аливаа зүйлд шүүлтүүр хийх чадвар суугаагүй байдаг. Тиймээс үзэж харж байгаа зүйлээ шууд тусгадаг. Зохимжгүй кино, нэвтрүүлэг үзсэнээр хүүхэд түрэмгий, догшин зантай болох эсвэл хүрээлэн буй орчноосоо айдаг болох, эрт бэлгийн харилцаанд орох зэрэг өөрчлөлт илэрдэг аж.
Стандарт биелүүлдэг телевиз Монголд байдаггүй
Тиймээс хүүхдийн насанд тохирсон нэвтрүүлэг үзүүлэх нь чухал байгаа юм. Тухайн кино, нэвтрүүлгийн тэмдэглэгээ дээр заасанд тохироогүй нэвтрүүлэг гаргаж байгаа тохиолдолд гомдол гаргах боломжтой байдаг юм байна. Гэтэл Монголд энэ нь тэр бүр үйлчилдэггүй аж. “18+” гэсэн тэмдэглэгээтэй кино, нэвтрүүлгийг 22.00 цагаас хойш гаргах ёстой ч тус нэвтрүүлгийн давталтыг өглөө, өдөр гаргах зэрэг зөрчил тогтмол илэрдэг.
Стандартын дагуу өргөн нэвтрүүлгийг бага насных, өсвөр насных, насанд хүрэгчид, бүх насныханд зориулсан зэргээр тав ангилдаг. Гэвч энэ стандартыг биелүүлдэг телевиз Монголд байдаггүй. Учир нь Монгол Улсын хуульд зохисгүй контентыг хязгаарласан зүйл заалт байдаг ч хэн тогтоох нь тодорхойгүй байдаг юм байна. Тиймээс телевизүүд хүүхэд хамгаалах чиглэлээр гомдол хүлээн авч, түүнийг барагдуулдаг байх шаардлагатай байгаа юм.
Монгол Улсад 169 телевиз бий ч хүүхдэд зориулсан суваг нь зөвхөн “Dream box”. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 3-4 телевизээс бусад нь хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлэггүй гэж үнэлэгджээ. Түүнчлэн телевизүүд сард дунджаар 18 цагийн хүүхдийн нэвтрүүлэг, 21 цагийн хүүхэлдэйн кино гаргадаг бөгөөд хүүхэлдэйн киноны 96 хувь нь гадаадынх байдаг аж.