Шин Хаймин: Хятадын компаниудын халуун сэтгэлийг битгий хөргөөрэй

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Шин Хаймин: Хятадын компаниудын халуун сэтгэлийг битгий хөргөөрэй

Шин Хаймин: Хятадын компаниудын халуун сэтгэлийг битгий хөргөөрэй

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамнаас өнөөдөр /2018.03.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд Хятадын ХIII сонгуулийн  Бүх хятадын ард түмний их хурлын анхдугаар чуулган болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан чуулганы талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин мэдээллийг танилцуулав.


Тэрбээр “Энд хүрэлцэн ирсэн та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр би бүхэнд БНХАУ-д болж өнгөрсөн хоёр том чуулганы талаар мэдээлэл хүргэе.

ХIII сонгуулийн Бүх хятадын ард түмний их хурлын анхдугаар чуулган гуравдугаар сарын 17-нд Бээжин хотноо бүгд хурал хуралдуулж, Ши Жиньпин 100 хувийн саналаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн даргаар улиран сонгогдсон болно.

Уг хуралдаанаар “БНХАУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг баталсан. Мөн төрийн зөвлөлийн бүтцийг шинэчлэхийг зөвшөөрч, шинэ засгийн газар байгуулан, БНХАУ-ын бүхий л салбарын бүтээн байгуулалтыг сайтар гүйцэтгэх, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятад мөрөөдөлд цаашдын чиглэлийг нь тодорхойлж өгсөн бөгөөд мөн Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгөх болно. Хятад, Монгол хоёр улс нь нөхөрсөг хөршүүд билээ.

2018 онд Хятад улс эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь орчимд хүргэх зорилт тавьсан. Мөн өнгөрсөн таван жилд Хятад Улс дэлхийн ядуурлыг бууруулах үйлст чухал хувь нэмэр оруулж Хятад улсын хэмжээнд 61 сая хүнийг ядуурлаас гаргасан. Цаашид Хятад улсын хэмжээнд ядуурлыг арилгана. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй хотууд тэр дундаа Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулж чадсан. Хятад Улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар авлигын эсрэг үйл хэрэг, эдийн засгийн хөгжлөө хамгаалж байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуй нэгжүүд бол Хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. ‘Нэг бүс нэг зам’ хөгжлийн стратегид идэвхтэй оролцож, энэ хоёр төслийн санаачилгын уялдаа холбоог сайжруулахын тулд өөрийн хувь нэмрийг оруулсан юм. Ийм учраас энд сууж буй хэвлэл мэдээллийнхнээс Хятадын аж ахуй нэгжүүдийг сайн талаас нь гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Иймээс Монголд ирж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн халуун сэтгэлийг битгий хөргөөрэй. Иймээс илүү идэвхтэйгээр сурталчилгаа хийж, дэмжихийг хүсэж байна” гэж мэдээллээ.

Мөн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулж Хятад, Монгол хоёр улс нь 1994 онд найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэр цагаас эхлээд бид нар Монголын тусгаар тогтнол бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн. Иймээс Монголын тал Хятадын язгуур эрх ашгийг хүндэтгэн үзэхийг хүсдэг”  гэж мэдээллээ. 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж