Хааяа нэг амралтын өдөр хүүхдээ салхинд гаргаж, кино үзүүлэхийг эс тооцвол урлагаар дамжуулан хүн болгох боловсролын арга барил эцэг эхэд ч, төрд ч алга.
Энэ улсын ирээдүй болсон өсвөр үе өнөөдөр телевизүүдийн өдөр, шөнөгүй “цацах” киноноос алаан хядаан, хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодисыг хэрхэн хэрэглэдэг тухай л үзэж, хүмүүжиж байна.
Хайр дурлалын тухай өгүүлэх савангийн дууриуд гарах ч өс хонзонгийн сэдэл нь давамгайлна. Ямар аргаар өрсөлдөгчөө буулган авч, өшөө хорслоо тайлж буйг үргэлжилсэн энэхүү урт кино л харуулна. Үндэсний контент нь мөн дээрдэх юмгүй. Орилоон чарлаан, хэрүүл, зодоон, архидалт.
Ийм юм үзүүлж, өсөж өндийлгөчихөөд “Сайн хүн болно шүү” гэж зааж сургах нь үнэндээ бол эмгэнэл. Мөн ийм юм үзүүлчхээд соёлтой байсангүй гэж аашлах нь бас л өрөөсгөл юм.
Хүүхэд юу үзнэ, түүнийгээ л дагаж дууриадаг. Одоо нийгмээ урагшлуулъя, хүүхдээр хүн хийе гэвэл балчир наснаас нь урлагийн боловсрол л олгох хэрэгтэй байна.
Үүнд төрд тусгайлсан бодлого боловсруулж, эцэг, эхчүүд ч мөн үүрэг хүлээх шаардлага байна.
Бүгдийг төр үүрэх ёсгүй. Өнөөдөр театрт сонгодог урлаг, жүжиг үзэж байгаа үзэгчид соёлгүй бүдүүлэг авир гаргах болсон тухай шүүмжлэл бол хүнээ бэлдээгүй, төлөвшөөгүйтэй л холбоотой.
Ажил гэсээр хүүхдээ мартсан эцэг, эхчүүд өнөөдөр амралтынхаа нэг өдрийг хүүхэддээ зарцуулах цаг нь болжээ.
Төр ч хүүхдэд үзүүлэх үзвэр, үйлчилгээг бий болгоё. Шалгуур тавъя. Хүнээ мөн бэлтгэхэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургах бодлоготой болъё. Дуу хөгжим, дүрслэх урлагаар урлаг гоо зүйг хэмждэг өнөөдрийн сургалтын арга барил цаг үеэсээ хоцрогдож байгааг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой болов уу.
Хэдэн жилийн өмнө дуурийн нэгэн эрхэм “Үзэгчдийн соёл олон зүйлээс шалтгаална. Энэ бол бүх нийтийн үйлс. Зөвхөн нэг театр юм уу, урлагийн байгууллага шийдэхгүй. Соёлгүй үзэгч, муу уран бүтээлч гэж байдаггүй. Хүнд гэр бүл, найз нөхөд, ажил гэх мэт орчин нөлөөлдөг юм” гэж хэлсэн нь өнөөдөр бодит үнэнд хамгийн ойр тусаж байна.
Нийгмээ өнөөдрийнхөөс илүү урагшлуулж, хөгжүүлэх нэг гол хэмжүүр бол хүнээ боловсруулах. Хүнээ боловсруулахад төлөвшүүлэхэд урлагийн боловсрол хамгаас чухал. Урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар болох хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх нөлөө ямар ч цаг үед өөрчлөгдөөгүй.
Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү.
Г.ХОРОЛ