Шигшмэл хурдан хүлгийн уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Шигшмэл хурдан хүлгийн уралдаан боллоо

“Хонгорын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнийн санаачилгаар “Хонгорын шигшмэл хурд-2011” хурдан морины уралдаан Баянхонгор аймгийн Дуурсахын хөндийд боллоо. Ардын хувьсгалын 90 жилийн ой, аймаг, сумдын наадмын соёолон, азарга, их насны морьдын уралдаанд эхний есөд давхисан морьдыг урилгаар оролцуулсан байна. Уралдааны их насанд 150 гаруй, соёолон насанд 90 гаруй, азарганы уралдаанд 90 гаруй хурдан шигшмэл хүлэг тоосоо өргөсөн байна. Эл наадмын хамгийн олон айраг түрүүг авч, багийн амжилтаар тэргүүлсэн Баян-Овоо суманд цэвэр цусны Араб азарга, дэд байранд орсон Богд суманд цэвэр цусны Оросын будени цустай азарган үрээ, гуравдугаар байр эзэлсэн Бөмбөгөр, Баацагаан сумын баг тус бүрт Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээ сонгох эрхээр тус тус байлжээ. Мөн зохион байгуулалт сайтай сумдыг бүс тус бүрээс шалгаруулжээ. Үүнд хангайн бүсээс Галуут сум, говийн бүсээс Жинст сум, Төвийн бүсээс Өлзийт сумыг тус тус шалгаруулж, Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” Морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээ сонгож авах эрхээр шагнажээ. Хүрээ марал сумын харьяат Ч.Онолбаатар, Баян-Өндөр сумын харьяат Ц.Гантогоо, Баян-Өндөр сумын харьяат Н.Батнасан, Баян-Өндөр сумын харьяат Б.Доржбат нарт аймгийн Засаг даргын 38 дугаар тоот тушаалаар “Аймгийн алдарт Уяач” цол олгосныг уралдааны үеэр гардуулсан юм. Мөн энэ үеэр Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун болон Монгол Улсын Алдарт уяач Б.Цэдэв нар сум тус бүрийн уяачдын галаар зочилж, хурдан морины шинж, хурдан морь уях арга барилын талаар заавар зөвлөгөө өгч, санал солилцсон нь өгөөжтэй уулзалт болсон гэж Хонгор нутгийн уяачид сэтгэл хангалуун байв. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп, “Жийп сервис” компани ажилласан юм. Азарганы уралдааны байны арван сая төгрөгийг УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Их насны морины байг Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Монгол Улсын Их хурлын гишүүн асан Ц.Жаргал, Соёолон насны байг Баянхонгор аймгийн уяачдын холбооны тэргүүн, «Жийп сервис» ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ тус тус арван сая төгрөгөөр байлж шагнасан байна. Гурван насны морьдын түрүү магнайн эздийг Баянхонгор аймгийн “Баруун бүс трейд” ХХК-ийн захирал А.Пүрэвсүрэн “Хонгор” брэндийн мотоциклоор шагнажээ.

Энэ наадам нь Баянхонгор аймгийн хурдан морьны чансааг тодорхойлж, нутагтаа шинэ цагийн монгол адууг буй болгох зорилготой аж. Мөн хурдан морьдын өлгий гэгддэг Сүхбаатар аймгаас хурдан угшлын азарган үрээг Баянхонгор аймгийн бүх сумдын баг тус бүрд түгээж цус сэлбэх, хурдан угшлын адууг Хонгор нутагт буй болгох гэнэ. Тус уралдаан жил бүр уламжлал болон зохиогдох юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж