Ерөнхийлөгч Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан, хүндэтгэн угтав. Говь-Алтай аймаг нь 2017 оны Өрсөлдөх чадварын индексээр 21 аймгийг сүүл мушгисан бөгөөд энэ нь тус аймгийн дэд бүтэц, эдийн засгийн хөгжил, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлт нь бусад аймгаас бага байна гэсэн үг юм.

Энэ талаар Говь-Алтай аймгийн иргэд ярьж, намчирхал талцлаас болж төрийн албанд халаа сэлгээ ихээр хийгдэж байгаа гэсэн юм. Мөн аймаг бүрт яригдаж байгаа тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх болоод ажилгүйдэл, засаглалын асуудлаар ч иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлэв.

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын иргэн Ганхуяг

Монгол Улс улсын төвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 20 гаруй стратегийн орд газартай. Тэдгээр орд газраас Цагаан суварга, Хөшөөт, Хармагтайн гээд хэд хэдэн орд хувийн гэр бүлд шилжсэн гэдэг мэдээлэл би сонссон. Эдгээр ордыг улсын мэдэлд оруулах хэрэгтэй. Мөн сүүлийн үед хайгуулын болон ашиглалтын лиценз олноор олгох болсон байна. Ямар ч техникгүй, мэргэжлийн бус иргэдэд замбараагүй лиценз олгосноос болж, Монголын бүрэн бүтэн байдал алдагдах гээд байна уу гэж санаа зовж байна.

Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөл ном, журмынхаа дагуу ажиллаж чадахгүй байна. Энэ зөвлөл намын харьяаллын гүйцэтгэх байгууллага шиг л боллоо. Өнөөдөр мэргэшсэн төрийн албан хаагч гэж байхгүй болсон. Үүнээс болж манай аймаг 21 аймгаас өрсөлдөх чадвараараа 21-т орлоо. Энэ нь нэг талаараа төрийн албан хаагчдын мэргэшээгүй, баримт материал гаргаж, боловсруулах чадвар муутай холбоотой болов уу гэж харж байгаа. Тиймээс төрийн албаны салбар зөвлөл гэдэг зүйлийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзээд, онцгой анхаарах шаардлагатай байна. Манай аймагт төрийн албан хаагчдыг хоморголон халсан зүйл болсон шүү.

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын иргэн Бадам

Монголын ард түмэнд ганцхан зовлон байгаа нь оффшор. Зарим нь эхнээсээ баригдаж байх шиг байна. Танай, манай гэлтгүй хоёр намынхан нийлж, ард түмнээсээ хумсалж байна. Үүнийг та ойлгож, харж байгаа байх. Энэ хэдэн офшоорчин болон нам гэдэг зүйлээс салах хэрэгтэй байна. Саяхан зурагтаар шүүгчид их мөнгөтэй болсон гэж ярьж байна. Мөнгөтэйд нь үйлчилж, мөнгөгүй хүн нулимсаа гаргаад суусаар байх уу. Шүүх, прокурорын шинэчлэлийг эхлүүлмээр байна.

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын иргэн Банди

Олон сая ам.долларын хөрөнгө, мөнгийг шалгах хэрэгтэй шүү. Танай Сангийн сайд чинь их сайн ажилласан гээд дансанд нь 10 сая ам.доллар хийдэггүй байлгүй дээ. Бид чинь их л буруу замаар яваад байна. Монгол орны гуравхан сая хүнийг 200-гаад хүн удирдаад авч явж чадахгүй байхад Хятадын хэдэн тэрбум хүнийг ганцхан хүн удирдаад л аваад явж байна. 20 гаруйхан жилийн хугацаанд Монголын төрөөс хэдэн тэрбумтай олон зуун хүн төрж байхад дахиад энэ чигээрээ удах юм бол Монгол Улсад юу ч үлдэхгүй нь байна шүү. Лиценз нэрээр газрыг чинь зараад байна. Нэг өдөр гадаад хүн ирээд би мөнгөө төлсөн та яв гэхэд би яаж ч чадахгүй шүү. Хоёрдугаарт, өндөр насны тэтгэврийн нэмэгдэл гэж хаа нэг хэдхэн мянган төгрөг нэмж байна. Хүний амьдралд хүрэлцэхүйцээр нэмж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож өгөөч. Тэтгэврийн нэг хөгшин 2-3 айлыг авч явдаг шүү. Ажилгүй олон залуус бий. Биднээс, аав, ээжээ 10, 20 мянган төгрөг өгөөч л гэдэг юм шүү.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын малчин Д.Очиржанцан

Төрийн албаны тухай хуулийг улам боловсронгуй болгомоор байна. Намын харьяаллаар ялгаж салгахгүй, тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол халаа сэлгээ их явагдах юм. Мөн боловсролын салбарт сэтгэл зовж л сууна. 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа хүүхэд өнөөдрийг хүртэл сурах бичгээ аваагүй гэж байна. Ийм сургалт гэж хаа ч байхгүй байлгүй дээ. Мөн бидний тэтгэврийн асуудлыг зайлшгүй эргэж харах цаг болсон. Тэтгэвэр нэмэх болохоор бүгдийг нь зэрэг нэмчихдэг. Ингэлгүй ялгавартайгаар буюу бага мөнгө авдаг хөгшдийн тэтгэврийг ахиухан нэмэх шаардлагатай.

Саяхан зурагтаар Хятад Улс 300 сая иргэнээ ядуурлаас гаргана гээд ярьж байхыг сонслоо. Гэтэл гуравхан сая иргэнтэй Монгол Улс хажууд нь 30-аад жил ядуурлаасаа салж чадсангүй. Иргэдээ ядуурлаас гаргахын тулд иргэдтэйгээ хамт зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна шүү.

Говь-Алтай аймгийн иргэн Буянхишиг

Бидний өвөг дээдэс доороос нь, багаас нь ажил хийдэг хүн дээшээ дэвшдэг гэж ярьдаг байсан. Үүн шиг юм оёж зарахаас ажлаа эхэлсэн хүн Төрийн тэргүүн болсон болохоор түмнийхээ төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа юун түрүүнд хэлмээр байна.

Би боловсролын салбарт 34 жил ажилласан хүн. Тэтгэвэртээ гарахдаа нэг удаагийн тэтгэмжээ одоо хүртэл авч чадаагүй байна. Иймэрхүү ижил зовлонтой иргэдийн асуудалд анхаарч өгөөч гэж хүсмээр байна. Мөн манай аймагт хууль гэж байхгүй болсон. Би МАН-ыг удам судраараа, 30, 40 жил дэмжиж ирсэн. Гэтэл миний хүүхдийг ажилгүй болгосонд би туйлын бухимдалтай байгаа. Миний сурагч байх үед Улс төрийн товчооны гишүүдийг нэрлэж, дүн авдаг байлаа. Харин одоо цаг үе өөр болсон тул ингэж намчирхах шаардлагагүй, Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын иргэн Буяндэлгэр

Офшоорчид гэж нэг сүрхий улс байх шиг байна. Улс орныг тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл барьцаанд тавиад идэж уусан гэх боллоо. Одоо тэр нэр холбогдож байгаа иргэдээ хорих хэрэгтэй. Тэгэхгүй хэдхэн цаг байцаагаад гаргалаа гэх юм. Иргэд идэж, уусан эх орноосоо урвасан гэдгийг нь мэдэж байгаа хойно, хэдхэн цаг байцаах шаардлагагүй болов уу. Гуравхан сая хүнтэй улсыг офшоорчдоос салгах амархан байх ёстой гэж бодох юм. Ард түмнийг хуурч мэхэлсэн төрийн түшээд буурахгүй байгаа учраас Ерөнхийлөгч та хатуухан шийдвэр гаргах хэрэгтэй шүү.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж